Айл өрхийн ариун цэврийн өрөө хэр цэвэрхэн байгаагаас тухайн айлын өнгө төрх тодорхойлогддог гэдэг. Үүнтэй агаар нэг улс орны нийтийн бие засах газрын хүртээмж болоод ариун цэвэр нэн чухал үзүүлэлт. Үүнээс гадна жил бүр Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа ч үйлчилгээ “тэг” заасан хэвээр буй. Жуулчид хөдөө аялахад боловсон бие засах газар огт байдаггүй гэлцдэг.
Орон нутаг гэлтгүй, Улаанбаатар хотод ч бие засах газрын асуудал хүндхэн байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн эрүүл мэндийн газар/НЭМГ/-аас “Нойлоо нээе” аяныг санаачилж, нэг сарын хугацаатай хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлжээ. Аяны зорилго нь албан байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүд, үйлчилгээний байгууллагууд иргэдээс нойлын төлбөр хураамж авалгүйгээр зөв боловсон үйлчилгээ үзүүлж, хотын соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Дээрх асуудлаар бид тус аяныг санаачлагч, НЭМГ-ын Удирдлага төлөвлөлтийн албаны дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.
– “Нойлоо нээе” аяныг санаачлах болсон шалтгаан юу байв. Энэхүү аяны ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид бие биендээ "Гудамжинд бие засахаа боль" гэдэг шаардлага тавьдаг ч тэр хүнийг хаана бие засахыг зааж өгдөггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, гудамжинд бие засч буй хүмүүсийг шүүмжлэхээс илүүтэй хаана бие засахыг нь заагаад, нойль нь мөн хүртээмжтэй байх юм бол илүү үр дүнтэй байх. Улаанбаатар хотод нойл хаалттай байхад гудамжид бие засахаас өөр сонголтгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд албан байгууллагууд нойлоо нээлттэй байлгах юм бол дорвитой үр дүн гарах юм.
Тэр дундаа эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхдүүдэд ариун цэврийн өрөөгөө нээлттэй ашиглуулах ёстой. Түрийвчээ мартаад гараад ирсэн хүн хаана яаж бие засах нь ойлгомжгүй байгаа. Би өмнө нь үйлчилгээний байгууллага эрхэлж байх хугацаандаа нойлын асуудлыг анх олж харсан. Тэгээд салбартаа нэг удаа шүгэл үлээгээд үзье хэмээн шийдээд энэхүү аяныг санаачилсан. Харин НЭМГ-аас энэхүү аяныг дэмжиж, зохион байгуулж буй юм.
-Энэхүү аянд иргэдийн оролцоо нэлээд чухал байх. Албан байгууллагууд хэрхэн хүлээж авч байна вэ?
– “Нойлоо нээе” аян бол нийгмийн оролцоонд түшиглэсэн сайн дурын арга хэмжээ. Энэхүү аяныг залуус тэр дундаа анагаахын оюутан залуус илүүтэй дэмжиж байгаа. Тэр дундаа Монголын анагаахын оюутны их дээд сургуулийн холбоод нэгдэж бидэнтэй хамтран ажиллаж байна. Бид эхлээд үйлчилгээний байгууллагад аянаа танилцуулж, нэгдэхийг уриалсан. Маш олон хүмүүс дэмжиж байсан ч эргээд нэг шаардлага тавьж эхэлсэн. Юу гэхээр бид нойлоо нээчихлээ одоо зөв боловсон үйлчлүүлэхийг уриалж өгөөч ээ гэж байсан. Аянд нэгдсэн байгууллагууд “нойлоо нээе” стикерийг “тат, түлх” гэсэн бичгийн оронд байрлуулсан. Нойлоо нээчихсэн байгууллагад ороход таныг зөв боловсон үйлчлүүлэхэд уриалсан стикер угтах юм.
-Нийслэлд нойлын асуудал хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэр дундаа гадаа гудамж талбайд бие засах нь түгээмэл ажиглагддаг. Энэхүү аянд үйлчилгээний байгууллагууд идэвхтэй оролцсоноор энэ байдлыг өөрчлөх болов уу?
-Үйлчилгээний байгууллагууд энэхүү аянд илүү их оролцоосой гэж хүсч байна. Хамгийн чухал нь бидний аяны зорилго нь иргэдийг гудамж талбайд бие засахыг нь болиулах, хотын соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Олон байгууллага нойлоо нээж чадах юм бол гудамжинд бие засах тохиолдол байхгүй болох байх гэж би харж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд 142 өрхийн эмнэлэг байдаг. Тэдгээрийн 80 орчим нь санаачилгаараа энэхүү аянд нэгдсэн. Түүнчлэн үсчин, цайны газар, банк зэрэг 70 орчим албан байгууллагууд энэхүү аянд сайн дураараа нэгдэж, зөв төлөвшлийг түгээж байна. Мөн аялал жуулчлалын улирал эхэлж байна. Үүнтэй холбогдуулан үйлчилгээний байгууллага, жуулчны баазууд энэхүү аянд нэгдэж, илүү оролцоотой байх хэрэгтэй л дээ. Долдугаар сард төвийн гудамж жуулчдаар дүүрдэг шүү дээ. Хотын төвийн байгууллагууд нойлын асуудал арай гайгүй гэж харж байгаа ч тийм хангалттай биш байдаг нь ажиглагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Э.АРИУН