О.Тэмүүжин: Монголчууд ушуг зодоонтой киногоор л төсөөлдөг

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

О.Тэмүүжин: Монголчууд ушуг зодоонтой киногоор л төсөөлдөг

О.Тэмүүжин: Монголчууд ушуг зодоонтой киногоор л төсөөлдөг

Ушу тулааны урлаг бол Хятадын бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Ард түмний дунд олон зуун жил уламжлагдан ирсэн энэ урлаг өнөө цагт спортын нэг төрөл болтлоо хөгжсөөр байна. Тоон баримтаар Хятад улсад ушу тулааны урлагаар хичээллэж буй 70 сая хүн байдаг гэсэн мэдээлэл бий.

Дэлхий дахинд түгэн дэлгэрч буй ушугийн спортыг эх орондоо хөгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндэд хувь нэмэр оруулах зорилготойгоор Монгол залуус хамтран нэг жилийн өмнө Монголын ушу хөгжлийн холбоог байгуулжээ. Тэд одоо албан ёсны эрхтэй анхны мэргэжлийн клубыг байгуулж, 20 гаруй тамирчинтайгаар чамгүй амжилтыг гаргаад амжсан байна. Ингээд Монголын ушу хөгжлийн холбоог үүсгэн байгуулагч О.Тэмүүжинтэй ушугийн спортын талаар ярилцсанаа хүргэе.

-Ушу гэхээр л хүмүүс зодоонтой киногоор төсөөлдөг. Яриагаа эхлэхээс өмнө ушу тулааны урлагийн үүсэл гарлын тухай ярьж өгөөч?

-Тэгье. Хятадын ушу тулааны урлагийн түүхээс товч танилцуулъя. Ушугийн хөгжлийн түүх бол эртний Хятадын Мин улсын үеэс эхтэй.

Тухайн цаг үед ушуг цэрэг армийн зориулалттайгаар ашиглаж, цэргүүдээ хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хурд хүчтэй, уян хатан байлгахын тулд тогтмол хийлгэдэг байсан. Ушу тулааны урлаг олон жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, энх тайван цагт спортын төрөл болтлоо хөгжөөд байна.

БНХАУ-ын Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн “Эрүүл-Хятад” үндэсний стратегийг 2017 оноос хэрэгжүүлсэн байдаг. Мөн Хятадын ард түмний хувьд ч Монголын бие биелгээ, БНСУ-ын таэквонда, Японы карата гэдэг шиг ушугийн спортыг олон зуун жил уламжлан ирсэн түүхтэй.

Монголд энэ спорт цоо шинэ, хүмүүст хараахан сайн танигдаагүй байна. Хүмүүс ушу гэж мэддэг ч яг юу вэ гэдгийг сайн ойлгодоггүй. Ушу гэхээр л зодоонтой киногоор төсөөлдөг шүү дээ. Ушу бол дэлхий нийтэд маш хурдацтай хөгжиж буй спортын төрөл. Монголчуудын соёлыг нь даган дууриадаг Европ Америк, Орос, Солонгос улсууд бүгд үндэсний шигшээ багтай байдаг.

-Монголын ушу хөгжлийн холбоог анх хэрхэн байгуулж байв. Энэ тухай яриагаа үргэлжлүүлье?

-Бид холбоогоо байгуулахаас өмнө Улаанбаатар их сургуулийн зааланд ушугийн спортоор өөрсдийн сонирхлоор нэгдэн, хичээллэдэг байлаа. Тэгээд 2018 онд БНХАУ-ын Хөнан мужийн Жэнжоу хотноо зохион байгуулсан хөгжиж буй орнуудын тамирчдыг хамруулсан Олон улсын ушугийн сургалтад Монголоос 20 орчим тамирчин оролцох боломж олдсон юм. Тэр сургалтын үеэр ушугийн спортын хөгжил, иргэдийн эрүүл мэндэд ямар ач тустай, улсаас хэрхэн анхаарч байгааг нь хараад манай улсад ч гэсэн ушугийн спортыг хөгжүүлэх хэрэгтэй юм гэдгийг олж харсан.

Одоо Монголын ушу хөгжлийн холбоогоо байгуулаад нэг жил болсон байна. Анх холбоогоо байгуулахдаа Монгол улсад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээс гадна иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, ушугийн спортыг Монголд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, БНХАУ болон Монгол Улс хоорондын соёл, спортын гүүр нь болж өгөх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Монголын ушугийн албан ёсны мэргэжлийн клуб одоо хэчнээн тамирчинтай вэ?

-Монголд анх удаа мэргэжлийн, албан ёсны ушугийн клубыг 2018 онд байгуулсан. Клуб маань одоо гурван багштай. Нийтдээ 28 тамирчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Насны хувьд 4-74 насны тамирчид сургалтад хамрагдаж байна.

Ушу өөрөө хөгширдөггүй спортын төрөл учраас насны хязгааргүйгээр хөгшин, залуугүй хичээллэх боломжтой. Бүх насныхан хичээллэхэд тохиромжтой спорт гэсэн үг.

-Тамирчдынхаа амжилтаас дурдвал?

-Анх холбоогоо байгуулаад удаагүй байхдаа 2018 ондоо БНХАУ-д болсон олон улсын ушугийн фестивалиас Монголын тамирчид хоёр алт, гурван мөнгөн медальтай ирсэн. Мөн тухайн жилдээ Жэнжоу хотын тэмцээнд орж, гурван алт, хоёр мөнгө авч байсан. Мөн өнгөрсөн онд Монголдоо ушугийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг төрийн өмчит Улаанбаатар их сургуультай хамтран зохион байгуулсан. Анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад Хятадын соёлын төв, Күнзийн институт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын яам туслалцаа үзүүлсэн. Энэ жил намар дахин ушугийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Ушугийн спортоор хичээллэхийн ач тус нь юу вэ. Хүний эрүүл мэндэд ямар эерэг өөрчлөлтийг үзүүлдэг бол?

-Ушу тулааны урлагийн дасгалыг Хятадын ард түмэн он удаан жил уламжлан ирсэн гэдгийг өмнө нь хэлсэн. Ушугийн дасгал хүний биеийн бүтэц, цусны эргэлт, зүрхний цохилт, хувь хүн өөрийгөө удирдах чадвар, тархины сэтгэн бодох чадамжийг сайжруулдаг. Энэ бүхнийг шинжлэх ухаанаар судлаад баталчихсан байдаг. Одоогийн байдлаар зөвхөн Хятад улсад 70-80 сая орчим хүн эрүүл мэндийн зорилгоор өдөр бүр ушугаар хичээллэж байна. Далаад оны эхээр БНХАУ-ын хичээллэхийг хорьсон байдаг. Учир нь хүн бүр биеийн хөдөлгөөндөө анхаараад ирэхээр Эрүүл мэндийн салбар уналтад орж, байсан удаа ч бий.

-Ушугийн спорт Азийн наадмын спортын нэгэн төрөл. Харин олимпийн спортын төрөлд багтах боломжтой юу?

-Дэлхийн Олон улсын олимпийн хорооноос 1988 онд ушугийн төрлийг Азийн наадамд бүртгэж авсан. Одоог хүртэл ушугийн спорт Азийн наадмын нэг төрөл болоод явж байна. Яг одоогийн байдлаар 2020 оны Токиогийн олимпод спортын нэг төрөл болохоор яригдаж байсан боловч зарим нэг шалтгааны улмаас хойшилчихлоо.

Гэхдээ 2024 оны Парисын олимпийн ушугийн төрөлд орох бүрэн боломжтой гэдгийг Олон улсын олимпийн хорооноос мэдэгдсэн байгаа. Тийм учраас бид Монгол Улсынхаа ирээдүйг маш өөдрөгөөр харж сууна.

Хамгийн сүүлийн тооцоогоор дэлхийн 68 улс ушугийн спортын үндэсний шигшээ багтай болсон. Олон улсын ушугийн холбоонд дэлхийн 120 гаруй улс бүртгэлтэй байдаг. Үүний нэг нь манай улс.

-Монголын ушу хөгжлийн холбооны цаашдын зорилгоос хуваалцаач. Монголдоо энэ спортыг хөгжүүлэхээр хийхээр төлөвлөж байна вэ?

-Монголдоо ушугийн спортыг таниулж, хүний эрүүл мэндэд ямар хэрэгтэй вэ гэдгийг таниулах үндсэн зорилготой. Цаашдаа Монгол Улс ушугийн спортын шигшээ багтай болох зорилгыг тавин хичээх болно. Мөн энэ спортоор дамжуулан хоёр орны соёл, спортын харилцааны гүүр болж, бэхжүүлэх хүсэлтэй байна. Зарим үндсэрхэг үзэлтэй хүмүүс энэ спортыг “Хятадад уусгах бодлого” гэж хүлээж авдаг. Үгүй энэ спорт юм. Удахгүй олимпийн спортын төрөл болно.

Манай ушугийн клубт хамгийн залуу нь дөрвөн настай, хамгийн настай нь 74 настай буурал хичээллэдэг. Тэтгэвэртээ гарсан 74 настай ах маань манай клубт хичээллэснээр хөл гар нь хөшиж, өвдөх нь багасч, өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнтэй, байнга алхаж ирдэг болсон гэдгээ хэлж байсан. Энэ л бидний зорилго юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж