"Махны үнэ өндөр тул малын үнэ буурахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

"Махны үнэ өндөр тул малын үнэ буурахгүй байна"

"Махны үнэ өндөр тул малын үнэ буурахгүй байна"

Цаг наашилж цайны сүү ойртсон зуны дэлгэр цаг ирэхэд нийслэлчүүд шинэ шөл уухаар хонины эрэлд гарч, хотыг зорих мал ачсан автомашины цуваа улсын баяр наадам хүртэл тасардаггүй. Улаанбаатарт малыг хөлөөр нь зарах зөвшөөрөлтэй хоёр цэг байдаг. Нэг нь “Эмээлт” зах юм.  Улаанбаатарчуудын “хорхог” хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхохоор манай сурвалжлах баг өчигдөр тус захад ажиллалаа.

Энд хүний хөл, төмөр хүлгийн цуваа бага, хашаа нь эл хуль байв. Хүн харуулдсан ченжүүд хашаагаар ормогц өөр бусдаасаа өрсөлдөн “Хонь аваарай” , “Хэдэн төгрөгт хонь сонирхож байна, бага зэрэг үнэ тохироод авч болно шүү”, “Тарган хонь байна шүү” гэх зэргээр “рекламдана”.

Одоогоор хонины үнэ ханш 100-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ бол зөвхөн зургадугаар сарын ханш бөгөөд наадмаар үнэ нь нэмэгдэх магадлалтайг малчид болон ченжүүд хэллээ.

Тус захад төлөг 100-150 мянга, шүдлэн 140-200 мянга, хязаалан 160-230 мянга, нас бие гүйцсэн тарга тэвээрэг сайн эр хонь 220-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил нас бие гүйцсэн эр хонийг 130-180 мянга, шүдлэн 100-120 мянга, хязаалан 120-140 мянга, төлөг 80 мянгаар худалдаалж байсан гэж тооцвол төлөг 20-70 мянга, шүдлэн 40 мянгаас дээш, хязаалан 40- 90 мянга, нас бие гүйцсэн эр хонь 90-120 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

НААДМЫН ХОНИНЫ ҮНЭ ӨСӨХ НЬ МАЛЧИД, ЧЕНЖҮҮДЭЭС ШАЛТГААЛЖ БАЙНА

Тус цэгт олон жил ченжээр ажиллаж буй М /нэрээ хэлэхийг хүсээгүй/

-Мах үнэд орсон учраас хонь худалдан авах хүмүүс ч бага байна. Худалдан авагчид мал үнэтэй байна гэдэг. Бид зохиомлоор хониныхоо үнийг нэмдэг юм биш. Хонины нэг кг мах  10 мянган төгрөгийн үнэтэй байгааг хүмүүс ч мэднэ. Малчид бидэнд өндөр үнээр малаа нийлүүлдэг учраас бөөнд нь авсан үнэнээсээ 10-20 мянган төгрөгөөр л илүү зарж байна. Нэг хонийг 190 мянгаар худалдан авч байна шүү дээ. Үнийн хувьд хонины тарга тэвээргээсээ хамаарч үнэ нь янз бүр. Төлөг 120 мянгатай. Хязаалан, шүдлэн 160-240 мянган төгрөг, тарган эр хонь 300 мянган төгрөг. Худалдаж авахаар бол үнээ тохироод 5-10 мянган төгрөг хямдруулаад өгч болно. Наадмын үеэр үнэ нэмэгдэж магадгүй. Малчдаас л шалтгаална. Орон нутгаас малчид ч бас өөрсдөө малаа борлуулахаар энд хашаа түрээслэх нь нэмэгдэж байна. Ер нь бэлтэй хүмүүст хонины үнэ тийм ч чухал биш. Тарга тэвээрэгтэй тарган сайхан нас бие гүйцсэн эр хонь 300 мянгаар ч худалдан авна. Зарим нь мөнгөндөө тааруулаад л хямд үнэтэй дундаж насны туранхай хонь, эсвэл төлөг авах нь их. Мах үнэтэй учраас малын үнэ нэмэгдэхээс өөр аргагүй.

Ченж Б.ДАВААДОРЖ: 

-Төлөг 100 мянган төгрөгт л өгч байгаа. Энэ бол хамгийн хямд үнэ. Хүмүүс ихэвчлэн 200 мянган төгрөгт л багтаан хонь авах сонирхолтой. Өнөөдөр 10 орчим хонь зарлаа. Бид анхны хэлсэн үнээрээ өгөхгүй бас хямдруулна шүү дээ. Борлуулалт амралтын өдрүүдэд их, ажлын өдрүүдэд муу байна. Мах үнэтэй учраас хонины үнэ наадмаар нэмэгдэхийг  үгүйсгэхгүй. Махны үнэ хямдарвал хонины үнэ буурах байх. Миний хувьд хөдөөнөөс таньдаг малчдынхаа малыг одоо зарж байгаа үнэ ханшаас 5-10 мянган төгрөгөөр хямд бөөндөж авдаг. Тухайлбал, нэг төлгийг 90 мянган төгрөгөөр авч 100 мянгаар борлуулж байна, 190 мянгаар нэг хонь авч 200-210 мянгаар л зарж байгаа. Ер нь малчид бидэнд хонио үнэтэй зардаг.

Малчин Д.ТОГТОХ: 

Хонь хамгийн хямд нь төлөг 130 мянган төгрөгийн үнэтэй. Энд хувь хүмүүс ченжүүд малаа зарж байгаа болохоор өөр өөр үнэтэй. Манайх хамгийн хямд нь. Ашиг харсан зүйл алга. Төв аймгаас малаа авчирч зарж байна. Хашаанд өдрийн түрээсээ төлж зогсоод сар гаруй боллоо. Худалдан авалт тааруухан л байна. Үнийн тухайд тээврийн зардал, түрээсийн зардал зэргээс гадна малны тарга тэвээргээс их шалтгаална. Гэхдээ үнэ хэлбэлзэнэ. Наадмаар үнээ нэмэх эсэхийг тухайн үеийн байдлаас л шалтгаалах байх. Одоогийн үнэ ханшаас өөрчлөгдөж, үнээ нэмж магадгүй гэсэн юм.

Ажаад байхад тус захад худалдаалж буй ихэнх хонийг Төв аймаг, Дундговь аймгийнх гэж танилцуулах ба “хорхог”-ны хонинууд ихэнх нь их ноостой учир зарим нь тарга тэвээрэгтэй харагдана. Мөн хонин сүргийн дунд хэдэн өдөр өвс идэж, ус уугаагүй болов уу гэж бодогдмоор туранхай хонь ч бий. Ченжүүд иргэдэд хонийг ууцаар нь дээш харуулан хэр тарга тэвээрэгтэй, тарган болохыг нь харуулж, сайн хонь гэж танилцуулахаас өөр зүйл хэлэхгүй. Иргэд ч бас тухайн хонины биеийн хэмжээ, өнгө үзэмжийг нь харчихаад л ченжтэй үнэ тохирч байвал худалдан авсан хонио янзлуулахаар төхөөрдөг хүмүүст өгнө. Зарим нь тэндээсээ худалдан авсан хонио янзлуулахаасаа өмнө голсоор буцаах аж.

Худалдан авагчдын ихэнх гэр бүлээрээ шинэ шөл уухаар хонь үзэж яваа бөгөөд тарга тэвээргээ сайн авсан, зөөлөн махтай буюу залуухан шүдлэн, хязаалан сонирхох аж. Тэднээс цөөхөн хэдхэн хүн худалдан авах гэж буй хониныхоо шүд, царигийг нь харж, нарийн гэж нягтална. "Наадмын хонь" үнэд орсоор байгааг иргэд ч бас махны үнэтэй холбон тайлбарлаж байв.

НААДМААР ТАРГАН ХОНЬ АВАХ БАЙСАН МӨНГӨӨР ТӨЛӨГ Л АВЧ ХҮРЭХЭЭР БОЛЖЭЭ

Иргэн С.БИЛЭГСАЙХАН:

-Мах үнэд орж, авч идэх аргагүй болсон. Хонины үнэ ч бас нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилд 100, 210 мянгатай байсан хонины үнэ 250-280 мянган төгрөгийн үнэд хүрсэн санагдлаа. Захаас мах худалдаж авснаас амьд хонь худалдан авчихвал шөл уухаас эхлээд шинэ махны амт өөр байх болов уу гэх үүднээс  хонь авлаа. Наадмаар хонины үнэ одоо байгаагаасаа илүү нэмэгдэх байх.

Иргэн Б.БЯМБАЦОГТ:

-Хонины үнэ тэнгэрт хадсан байна. Шөлнийхөө хонийг 170 мянгад бэлтгэхээр сонирхож явна. Гэтэл тарга тэвээрэг нь дундаж хязаалан хонь 200 мянгаас л эхэлж байна. Үүнээс хямд гэхээр туранхай юм. Ченжүүд хониныхоо үнийг таван мянгаас илүүгүй бууруулахгүй гэж байна билээ. Өнгөрсөн жил наадмаар 170 мянган төгрөгт нас биед гүйцсэн тарган хонь авч байсан. Энэ жил идэшний хонио л 210-250 мянган төгрөгт бэлдэж байна. Монголчууд идэх махгүй болчих юм уу. Малынхаа махыг тэнгэрт хадсан үнээр л авч идэж байгаад бухимдалтай л байна.

ИРГЭН Б.ТАМИРАА


-Энэ жил хонины үнэ нэмэгдчихэж. Өмнөх жилээс 50 мянгаар өссөн бололтой. Өмнө нь төлөг 100 мянгатай байсан бол хамгийн хямд нь 150 мянгатай байна. Нас биед хүрсэн дундаж хонь бол төлөгөөс дээш үнэтэй. Уг нь дунд насны хязаалан эм хонь 170 мянган төгрөгт худалдан авах бодолтой байгаа юм. Хамгийн гол нь шүд, цариг нь чухал гэж үздэг. Өнгөрсөн жил “наадмын хонь” нас бие гүйцсэн тарганыг л 150 мянган төгрөгт авчихдаг байсан бол энэ жилийн баяраар төлөг л 150 мянгад авах нь.

Иргэн М.ЧИНЗОРИГ:

-Мах үнэтэй болохоор хонины үнэ ч бас нэмэгдсэн байх. Зах дээр хонь, үхрийн мах нэг кг нь 11 мянган төгрөгийн үнэтэй байна билээ. Жижиглэнгээр мах худалдан авахаар илүү л үнэтэй тусах учраас хонь худалдан авсан нь илүү дээр. Шөлийг нь ууж, дотор гэдэс идэх бас л сайхан шүү дээ. Гэр бүлээрээ шинэ шөл уухаар залуухан тарга тэвээрэг сайтай хонь танилаасаа 200 мянган төгрөгт худалдан авлаа. Бусад газраар хонь ямар үнэтэй байгааг мэдэхгүй гэлээ.

Он гарсаар махны үнэ эрс өсч хонины мах нэг кг нь 10.000, үхийн мах нэг кг нь 15.000 төгрөгт хүрсэн нь ийнхүү “ наадмын хонины” үнэ өсөхөд нөлөөлжээ. Уг нь монголчуудын эрийн гурван наадмыг хонины шөл, хорхоггүйгээр төсөөлөхийн аргагүй ч тарга тэвээрэгтэй нас биед хүрсэн хонины үнэ 300 мянгад хүрсэн нь иргэдийн ихэнх нь төлөг авч баярлахаас өөр сонголт үлдээгүй тухай хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж