"Авто зам үерт идэгдсэнээс осол гарах эрсдэлтэй болсон тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа", "Хурд хэтрүүлснээс осол гарч, иргэд амиа алдаж байна. Бүсээ бүсэл, хурдаа сааруул" гэдэг үгийг Авто тээврийн төв, Тээврийн цагдаагийн албанаас тогтмол анхааруулдаг ч монголчуудын нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргадаг хэнэггүй зан амь насанд нь эрсдэл учруулсаар байгааг ухаарах цаг нэгэнтээ болжээ.
Жишээ татвал, өнгөрсөн амралтын өдөр /2019.06.15/ орсон аадар борооны улмаас Төв аймгийн Лүн суманд үер бууж, 110-113 дахь км хатуу хучилттай зам үерт автсан. Тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон учраас авто машины хөдөлгөөнийг зургадугаар сарын 17-ны 18.00 цаг хүртэл түр хугацаагаар хааж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан байдаг. Гэвч зам хаасан үед “Ланд крузер 200” -тай автомашины жолооч цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэлгүй уулын замаар явснаас болж онхолдон, таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Машинд нийт зургаан зорчигч явсан ч ослоос ганцхан 11 настай хүүхэд л амьд гарсан. Одоо хүүхдийн бие тааруу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Энэ бол олон олон харамсалтай ослын нэгхэн жишээ. Хэрэв тухайн үед жолооч цагдаагийн анхааруулгыг анхаарсан бол өнөөдөр тэд амь эрсдэхгүй байв.
Автомашины осол гарах үндсэн шалтгаан нь жолооч яардаг, яарснаасаа болж хурд хэтрүүлж давхидаг. Анхааруулга сэрэмжлүүлгийг үл тоодог. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж орон нутгийн тээвэрт гардаггүй зэрэг нь нөлөөлдөг аж. Нэг үгээр хэлбэл, хайртай хүмүүсийнхээ амь насыг тээж яваа хэрнээ "галзуу" юм шиг хурдалдаг.
Дээр нь Онцгой байдал, Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаар хүндрэх төлөвтэй байна. Аадар бороо орно, цасаар шуурна гэдэг анхааруулгыг урьдчилан өгч, онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг сануулдаг ч зөрж буй мэт замд гардаг. Дараа нь автомашин нь шавар усанд сууж асуудал тулгарахад Онцгойгийнхныг дууддаг. Очоод туслахад нь "Цаг алдаж ирлээ" гэж аашлах энүүхэнд. Анхааруулга, сэрэмжлүүлгийг нь үл тоож замд гарчихаад эцэст нь хүний эрх ярин, та нар биднийг аврах ёстой гэж чичилдэг нь зуршил болсон гэж хэлж болно. Осгохоос урьтаж аварсан байлаа ч "Баярлалаа" гэдэг үгийг хэлэх хүн цөөн.
Зуны улирал эхэлж, монголчууд аяны богцоо бэлтгэн хөдөөг зорих урсгал эхлэх боллоо. Холын замд хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөнд оролцохгүй бол бусдын амь насыг ч эрсдэлд оруулах аюултайг сануулъя.
Тээврийн цагдаагийн газраас гаргасан 2018 оны тоо баримтаас дурдахад, зам тээврийн ослоос 17600 хүн гэмтэж, 540 хүн нас баржээ. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн бөгөөд дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй осол болдог талаар албаныхан онцолж байна. Та аян замд яваа бол бүү яар.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ