Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

VS

Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй

Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан УИХ дахь ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонссон. Ажлын хэсгээс гарсан дүгнэлтэд тулгуурлан Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос хамтран байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдсон юм. Гишүүдээр нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нарын  нэр бүхий гишүүд ажиллана. Жил гаруйн хугацаанд ажилласан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс Монголын талын хүртэх ашиг 2055 он хүртэл 31 хувь байх тооцооллыг гаргажээ. Түүнчлэн Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна гэдгийг шалгалтын явцад тогтоосон. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Монголчууд 1 тэрбум 79 сая ам.долларын өрөнд орсон гэдгийг ажлын хэсэг дүгнэлтдээ танилцуулсан.УИХ-ын гишүүд төслийн гэрээг сайжруулж хоёр тал хэлэлцлийн ширээнд суух ёстой гэдгийг хэлж буй. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  “Төслийг харилцан ашигтай болгох арга хэмжээг Засгийн газраас авах ёстой” хэмээн үзэж буй. Харин хөрөнгө оруулагч тал Оюутолгойн суурь гэрээнүүдийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нарын байр суурийг “News” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

Г.Тэмүүлэн
УИХ-ын гишүүн

Оюутолгой төсөлд бидэнд засаж залруулах алдаа их байна. Зөвхөн энэ төсөл ч биш цаашдаа, бусад төсөлд анхаарах асуудал байна.  2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд TRQ-ийн гол хувьцаа эзэмшигч компани бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар Рио Тинтод хандаж мэдэгдэл гаргасан “Бид Оюутолгой төслөөс ашиг хүртэнэ гэж хүлээгээд үр дүнгүй олон жил боллоо. ТУЗ-д нь ч тэр, гүйцэтгэх засаглалд нь ч тэр Рио Тинто дангаар шийдвэр гаргаж бидний эрх ашиг зөрчигдлөө. Энэ дэлхийн хэмжээний орд юм бол энэ компани дэлхийн хэмжээний компанийн засагалалтай байх ёстой. Одоо эсэргүүцэхээс өөр аргагүй боллоо” гэсэн байгаа. Тэгэхээр Зөвхөн Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгч Рио Тинтод хууртагдсан биш энэ төсөлд шууд бусаар хөрөнгө оруулсан гаднын хөрөнгө оруулагчид хүртэл энэ компанийн засаглалыг сайжруулах, ногдол ашиг, үр өгөөжийн төлөө дуугарч эхэлж байна. Энэ бол бид Оюутолгой төсөлд дахиж хэлэлцээ хийж ширээний ард суух ёстой байгаагийн бодит жишээ. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух ёстой.  Рио-Тинто компани саяхан гаргасан мэдэгдэлдээ гэрээний нэг ч өгүүлбэр, таслалыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн нь тэдэнд нэг үг, үсэг ямар үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг харуулж байна гэж ойлгосон. Бид хэлэлцээрт орох ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Үүнд “Рио-Тинто” компани эмзэглэх шаардлага байхгүй. Төсөл 60-100 жил үргэлжилнэ. Харилцан ашигтай болгох арга хэмжээг Засгийн газраас авах ёстой.

Армандо Торрес
Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал

Оюутолгой уурхай үйл ажиллагаа явуулаад таван жил болж байгаа ч бид энэ хугацаанд цуцалтгүй, шаргуу хөдөлмөрлөж, төсөлд оролцогч бүх талуудын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлж, гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтуудаа биелүүлж ажиллаж байгаа. Оюутолгой төсөл Монголын эдийн засгийн чухал тулгуур төдийгүй, бизнес болон нийгмийн тодорхой үзүүлэлтээрээ дэлхийн жишигт тооцогдох болсон. УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлаар хувь нийлүүлэгч талуудын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Оюутолгой төслийн хууль эрх зүйн үндсэн баримт бичиг болсон Хөрөнгө оруулалтын гэрээ, Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд үндэслэн олон улсын 20 гаруй банкнаас хөрөнгө татан төвлөрүүлсэн. УИХ-аас томилсон Ажлын хэсгийн үйл ажиллагааг бид бүхэн бүрэн дүүрэн дэмжиж, нээлттэй ил тод хамтран ажилласан. Хамын ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн товч тайлантай танилцсаныхаа дагуу бид өөрсдийн байр сууриа хүргүүлсэн. “Рио Тинто” компани болон “Туркойз хилл ресурс” компаниуд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Үндсэн суурь баримт бичиг болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг дахин хэлэлцэхгүй, өөрчлөхгүй, харин тэдгээр гэрээг хэрэгжүүлэх замаар Монгол Улсад орох төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын Засгийн газартай нээлттэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж