Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” кино дэлгэцнээ гарсан даруйдаа амжилт дагуулж, фенүүдийг нь баярлуулаад зогсохгүй хүүхэд залуусыг Queen хамтлагийг эргэн сонсоход маш их нөлөөлсөн билээ. Тун удалгүй дуучин Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн “Rocketman” кино бүтээгдэж, өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн. Харин энэ удаа Английн 80-аад оны поп дууны гол төлөөллүүдийн нэг дуучин, DJ, загвар зохион бүтээгч, зохиолч Бой Жоржийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээгдэхээр болж байгааг дуучин өөрөө мэдээлсэн байна. Түүний дүрийг бүтээх хамгийн өндөр магадлалтай жүжигчнээр "Хаан ширээний тоглоом" цувралын Санса Старкийн дүрээр олонд танигдсан Софи Тёрнер нэрлэгдээд байгаа юм. Мөн энэ талаар Бой Жорж “Үнэхээр хачирхалтай санал, хүмүүсийг бухимдуулж ч магадгүй. Хүмүүс тэр чиний дүрд тоглож чадахгүй, тэр чинь эмэгтэй хүн шүү дээ гэж хэлж ч магадгүй. Гэхдээ надад энэ санаа маш их таалагдаж байгаа” гэсэн байна. Харин энэ талаар Софи Тёрнор өөрийн твиттерт “Бой Жорж би үүнийг хийхэд бэлэн” гэж жиргэсэн байна.
Б.ЦОЛМОН