Үндсэн хуулийн мандаттай УИХ, саналын эрхтэй Ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн мандаттай УИХ, саналын эрхтэй Ерөнхийлөгч

Үндсэн хуулийн мандаттай УИХ, саналын эрхтэй Ерөнхийлөгч

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч зөвхөн саналаа хэлэх эрхтэй. Харин Д.Лүндээжанцангийн ахалж боловсруулсан, хуульчдаас тун “дажгүй” гэх үнэлгээ авсан нэмэлт өөрчлөлтийг батлах эсэхийг УИХ дахь МАН-ын 64 мэднэ. Товчхондоо, Г.Занданшатарын парламент бол МАН-ын олонхоос бүрдсэн, Үндсэн хуулийн мандаттай УИХ юм.  Харин саналын эрхтэй Ерөнхийлөгчийн хувьд шал өөр ашиг сонирхол хийгээд амбиц бий.

Ерөнхийлөгч   Х.Баттулга санал авсангүй хэмээн “тунирхаж” буйгаа Тамгын газрын дарга З.Энхболдоороо хэлүүлж, араас нь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаар дамжуулан “Хулгай, авлига, аллага, худал амлалт, хувийн ашиг сонирхол дээд зэргээр бүрдсэн энэ УИХ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүү хэл санаачилга ч гаргах ёс суртахуун, эрх зүйн эрхгүй гэж үзэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн татахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно” гэх мэдэгдлээр далд санаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч өөрөө саналаа өгөөгүй нь үнэн, сар хүлээх хуулийн заалттай,  гээд “санал авсангүй” гэдэг нь  шалтаг төдий. Шалтаг олох, “шатар нүүх” нь Ерөнхийлөгчийн хийдэг ганц ажил нь болсон.

Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан нь эрх мэдлийн хуваарилалт. Хэн нь илүү эрх мэдэл эдлэх вэ гэсэн институци хоорондын зөрчил нь  эдийн засаг, улс төр, нийгэм гээд бүх л муу муухайн үүр овоохой, үндэс, хямрал болж хувирсан, үүнээс гарах ганц гарц нь хүнээ өөрчлөх биш тогтолцоогоо тодорхой болгох  тухай. Үндсэндээ, тогтолцооны гажуудал, эрх мэдлийн хуваарилалтаас болж бурхан байлаа ч чөтгөр болж хувирдаг нь, хүнээ өөрчилснөөр “нэмэгдэхүүний байрлал өөрчлөгдөхөөс нийлбэр дүн өөрчлөгдөхгүй”-г өнгөрсөн 27 жилийн хугацаанд монголчууд хангалттай мэдэрсэн, харсан,  тиймдээ ч хэн ямар эрх мэдэл эдлэх ёстойг Үндсэн хуульд тодорхой тусгах нь улс төр, нийгмийн захиалга болоод удаж буй.

Мягмар гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж 62 гишүүний 61 үзсэн бөгөөд төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр сүүлийн гурван парламент дамжин яригдаж байгаа тогтолцоогоо тодорхой болгох шийдэлд нэг алхам урагшиллаа.

Гэхдээ, Ардын намын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд хамгийн их реакцалж байгаа нь Ардчилсан намаас илүү Ерөнхийлөгч Х.Баттулга болж харагдаж байна. Төрийн тэргүүний зүгээс тэс өөр тогтолцоог мөрөөдөж яваа, тэр нь Ерөнхийлөгчийн засаглал юм.

 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэн бүхнээс илүү хүсч буй нь өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч өөрөө, үүнийгээ ч шинэ жил, цагаан сарын мэндчилгээндээ “эрс шинэчлэл хийх” гэх гоё үгээр ахин, дахин илэрхийлсэн. Энэхүү эрс шинэчлэл нь Монголын “авторитори” болох амбиц. Харин МАН-ын санал болгож буй хувилбар нь сонгодог парламентын тогтолцоо. Тиймээс л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл Х.Баттулга Ерөнхийлөгчид таалагдахгүй байгаа хэрэг.

Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх үү, Ерөнхийлөгчийг хүссэн эрх мэдэлд нь хүргэх үү гэдгийг шийдэх эрх мэдэл, кнопны тоо, дэмжлэг МАН-д бий. МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх кноп хангалттай бий юм. Ерөнхийлөгчийн хувьд саналаа хэлэх эрхтэйгээс кноп дарах эрх байхгүй.

Гэвч, Ерөнхийлөгчийн улс төрийн нүүдлийг урьдчилж харвал МАН-ын олонхийг ЖДҮ-гээр нь барьцаалж, улс төрийн тоглолт хийх төлөвлөгөөтэй,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөрийнх нь мөрөөдөж байгаачлан “эрс шинэчлэл” хийхгүй бол ингээд ч болтугай өнөөдрийн эрх мэдэлтэйгээ үлдэхийг хүсч буй нь лав.

Авторитори дэглэмтэй хоёр их гүрний дунд оршиж буй Монголын хувьд ганц шилдэг лидертэй байснаас 76 лойдортой байх нь илүү дээр хувилбар. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолоо бодсон ч. Хамгийн ойрын, хамгийн их талцал, маргаан, айдас болгоомжлол дагуулж буй сэдвээр жишээ авахад л  ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг ганц хүн мэдэх үү, 76-уулаа хэлэлцэж, хэрэлдэж шийдвэр гаргах уу гэх мэтчилэн. Хэрэвзээ Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай улс байсан бол ШХАБ-д Монголыг хэдийнэ “зарчихсан” байхыг хэн мэдлээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах парламентын чадамжийн тухай зарим нам хөндөж байна. Хулгайч, худалч, авлигач нар Үндсэн хуулийг өөрчилж чадах эсэхэд ч эргэлзэж буй.  Гэвч, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх мандатыг Монголын ард түмэн өгчихсөн. Өөрөөр хэлбэл, МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх ард түмний дэмжлэг бий гэсэн үг. Мэдээж, хэлэлцүүлгийн явцад салаа утгатай заалтуудыг тодорхой болгох, хөндөгдсөн заалтууд дээр нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх УИХ-д байгаа.

Хэрэвзээ, өнөөдөр л төрөө хямралаас гаргаж, тогтолцоогоо сайжруулж чадахгүй бол Монгол Улс хөмөрсөн тогоон дотроо хэчнээн жил хэрэлдэж, зовж амьдрахыг таашгүй. Нэг намын олонхоос бүрдсэн УИХ ойрын хугацаанд бүрдэхгүй, бүрдэх ч боломж байхгүй.  Сант Маралын гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад парламентад суудалтай гурван намын рейтинг нийлээд ч 50 хувьд хүрч чадахгүй байгаа юм.

Тэгэхээр эх адаггүй, утга учиргүй, энэ их хэрүүлдээ цэг тавья гэвэл тэр нь Үндсэн хуулийн өөрчлөлт. МАН-ын олонх “У-г олох уу, Х-ыг нь олох уу” гэх хэцүүхэн даалгавраа хийх цаг нь болсон гэсэн үг. Тэр тусмаа түүхэнд нэрээ үлдээх том амбицтай У.Хүрэлсүхийн хувьд хийх ёстой улстөрийн реформ нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм.  Түүний хэлэх дуртай үгийг энд сануулахад: Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж