Бодит амьдралаас сэдэвлэсэн хайрын тухай 10 кино

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Бодит амьдралаас сэдэвлэсэн хайрын тухай 10 кино

Бодит амьдралаас сэдэвлэсэн хайрын тухай 10 кино

Хүний амьдрал өөрөө тэр чигээрээ адал явдал билээ. Хүн бүрт өөр өөрийн хайрын түүх бий. Кино бүтээгчид ихэнх киноныхоо санаа сэдлийг амьдралаас олж авсан байдаг. Мэдээж үүн дээр уран зохиолын утга уянгын халил нэмэгдэнэ. Доорх хайр дурлалын сэдэвтэй сонирхолтой 10 киног бодит хайрын түүхээс сэдэвлэн бүтээжээ. Харамсалтай нь, хайр дурлал бүхэн аз жаргалтай төгссөнгүй. Гэхдээ эдгээр бодит хайрын түүхийг өгүүлэх кинонууд таны сэтгэлийг догдлуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

THE YOUNG VICTORIA, 2009

“Залуу Виктория” кино нь хувцаслалт чимэглэл сайтай түүхэн кинонуудын нэгд заавал орно. Тиймээс ч энэ кино олон шагнал авсан. Зохиолд хаан ширээнд залраад ганцхан жил болж буй 17 настай залуу Виктория Бельгийн хааны үеэл ханхүү Альберттай учирч анхны харцаар дурлан гэрлэж, тэд хамтдаа 20 жилийн турш саад бэрхшээл бүхнийг хэрхэн даван туулж буй талаар гардаг. Харамсалтай нь Альберт өвчний улмаас таалал төгсөн Виктория ганцаар хоцордог. Мөн уг кинонд  Хатан хаан Викториягийн амьд ахуйн үе болон түүний засаглалын үеийн цаг хугацааг өгүүлнэ. Тэрбээр зөвхөн хатан хаан ч биш, ээж мөн нөхрийнхөө хайрт эхнэр нь байсан юм.

A MATADOR’S MISTRESS, 2008

Энэхүү хайрын түүх 1940-өөд оны үед өрнөжээ. Мануэль Лаурено Родригез Санчес бол тухайн үедээ хамгийн нэр алдартай бухтай тулалдагч байв. Тэрбээр Люпэ Сино хэмээх олны дунд нэр хүнд муутай жүжигчин эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болсноор алдар нэр нь унаж эхэлжээ. Олон нийт жүжигчин эмэгтэйг алдартай тулаанчийн замналыг үгүй хийж байна гэж чичилж байсан ч үнэн хэрэг дээрээ Сино бүсгүй хайртай залуугийнх нь хийж буй ажил амь насанд нь хүрэх вий гэхээс эмээж байсан юм. Ингээд Санчес амар тайван амьдрал, хайр дурлал, ажил мэргэжлийн аль нэгийг нь сонгох хүндхэн сонголттой нүүр тулдаг.

IT COULD HAPPEN TO YOU, 1994

Чарли Лангийн эхнэр бол өдөр, шөнөгүй мөнгөнөөс өөр юу ч боддоггүй эмэгтэй. Чарли ядруухан ч сайхан сэтгэлтэй цагдаагийн офицер байсан ба нэг өдөр кафед сууж байгаад нэгэн хөгжилтэй зөөгч эмэгтэйтэй танилцана. Даанч түүнд зөөгчийн гарыг цайлгах мөнгө байсангүй. Халаасаа тэмтэртэл нэг ширхэг сугалаа гарч ирнэ. Ингээд тэр хэрэв сугалаанд хожвол тал мөнгийг нь зөөгч бүсгүйд өгнө хэмээн амладаг. Итгэмээргүй зүйл болж Чарли сугалаанаас дөрвөн сая ам.доллар хождог бөгөөд амлалтаа биелүүлснээр кино цааш үргэлжилнэ.

THE BIG SICK, 2017

Энэ киног зохиосон хос өөрсдийн бодит амьдралаасаа сэдэвлэн киногоо хийсэн. Стэнд-ап комеди жүжигчин Кумайль Нанжиани нэгэн шоуныхаа үеэр Эмили Гордон хэмээн залуухан америк бүсгүйтэй танилцаж, түүнд сэтгэл алдардаг. Даанч Пакистани уламжлалын дагуу тэр заавал мусульман шашинтай эмэгтэйтэй гэрлэх ёстой. Хоёр талын гэр бүлүүддээ өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө залуу хос бүх чадлаараа тэмцэх болно.

IMMORTAL BELOVED, 1994

Суут хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен нас барахад түүний хуульч хүндхэн асуудалтай тулгардаг. Учир нь тэрээр нас барахдаа өөрийн бүх өв хөрөнгөө өөрийн үүрдийн хайрдаа өвлүүлэхээр гэрээсэлжээ. Ингээд алдарт хөгжмийн зохиолчийн жинхэнэ хайрт буюу өв хөрөнгийн эзнийг олохоор хуульч түүний хөгжимд дурлан сонсдог байсан, түүнтэй ойр дотно байсан бүсгүйчүүдийг хайж эхэлнэ. Энэ кинонд Бетховений дотоод сэтгэлийн зөрчил болон, түүний агуу зохиолуудын талаар гардаг.

THE NEW WORLD, 2005

Ахмад Жон Смитийн номноос сэдэвлэсэн энэхүү түүхэн кино нь Зүүн эргийн Индианчууд хэрхэн булаан эзлэгдэж байсан тухай өгүүлдэг. Киноны гол дүр нь омгийн ахлагчийн хайртай охин Покахонтас болон ахмад Жон Смит бөгөөд тэдний хувь заяа хэрхэн холбогдож буйг харуулна. Покахонтас өөрийн хайр дурлалыг сонгож, гадны хүнтэй амьдрахаар шийддэг ч ахмад Жон шинэ газар орны эрэлд гарч, Покахонтасыг орхин явдаг.

A BEAUTIFUL MIND, 2001

Энэ бол Америкийн нэрт математикч, Нобелийн шагналт эдийн засагч Жон Форбс Нэйшийн амьдралын түүх юм. Тэрбээр алдарт “Тоглоомын онол”-оо боловсруулж байхдаа сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болж эхэлдэг. Гэсэн ч тэрбээр нөхөртөө ухаангүй хайртай эхнэр Алисиагийхаа шургуу, тэвчээртэй зан болон ажлынхаа ачаар өвчнөө ялан дийлэх болно.

CLEOPATRA, 1963

Нийт дөрвөн удаагийн Оскарын шагналт уг кино хамгийн их хөрөнгө мөнгөөр бүтсэн хамгийн гайхалтай хайрын тухай кино юм. Энэхүү кинонд Египтийн хатан хаан Клеопатра Ромын генерал Марк Антонитой учрахаас өмнө ард иргэдийнхээ төлөө бүх зүйлээ золиослодог байж байгаад  түүнтэй учирснаас хойш байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг. Удалгүй тэд гал халуун хайр дурлалаа нэр хүнд, улс эх орноосоо дээгүүр тавьж эхлэх ба энэ нь тааварлашгүй үр дүнд хүргэдэг.

50 FIRST DATES, 2004

Хүүхэмсэг эр Хэнри нэгэн өдөр Люси хэмээх шаргал үст бүсгүйтэй танилцдаг. Хэнри Люсиг ослын улмаас өдөр бүр өмнөх амьдралаа мартдаг ховор төрлийн өвчнөөр өвдсөнийг хараахан мэдээгүй. Ингээд Люсид дурласан Хэнри бууж өгөлгүй Люситэй өдөр бүр шинээр танилцдаг. Энэхүү кино нь 1994 онд болсон нэгэн ослоос сэдэвлэжээ. Киноноос ялгаатай нь эхнэр нь осолд орохоосоо өмнө нөхөртэйгөө учирчихсан байсан аж. Ингээд нөхөр нь эхнэрийнхээ ой санамжийг сэргээхийн тулд өдөр бүр түүний зүрх сэтгэлийг эзэмдэх хэрэгтэй болжээ.

BRIGHT STAR, 2009

Энэ кино нь Английн яруу найрагч Жон Кийтсийн амьдралын тухай өгүүлнэ. Түүний амьдрал амаргүй байв. Тэрбээр 15 настайдаа эцэг эхээсээ хагацан, санхүүгийн хувьд хэцүүхэн байдалд орж улмаар хүндээр өвчилдөг. Уг кинонд яруу найрагчийн үхлээ хүлээсэн гурван жилийг харуулах ба санамсаргүйгээр Фанни Броуни гэх эмэгтэй учирч, дурлалцсанаар кино үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж