Д.Гэрэл: Хар тамхины нэг сүлжээг үгүй болгоход нөгөө нь цэцэглэдэг

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Д.Гэрэл: Хар тамхины нэг сүлжээг үгүй болгоход нөгөө нь цэцэглэдэг

Д.Гэрэл: Хар тамхины нэг сүлжээг үгүй болгоход нөгөө нь цэцэглэдэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дипломат  албанд ажиллаж байгаа ажилтнуудын гэмт хэрэгт холбогдсон асуудлаарх байнгын хорооны тогтоолын төслийн хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтын асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Энэ удаагийн 70 кг хар тамхины асуудал нэг удаагийнх биш олон удаагийн үйл явдал гэсэн мэдээлэл байгаа. С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нарын хувьд хөөгөөд, хөврүүлээд явбал ар талд нь маш том хэмжээний бүлэг байх шиг байна. Энэ том сүлжээг илрүүлэх ажиллагааг бид хэр хийж байгаа вэ. Энэ удаагийн хоёр хүн бол зөвхөн тээвэрлэгч буюу анхан шатны зуучлагч байсан хүмүүс байсан гэсэн зүйл яриад байна. Турк, Истанбулд амьдарч байгаа иргэдийн амьдралд ямар нэг асуудал үүсэх вий. Консул нь ажлаа өгсөн, дэд консул нь баригдсан байгаа шүү дээ. Зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байдаг лабораторид хоёр сарын хугацаатай дараалал үүссэн гэсэн мэдээлэл байна. Бид хил дээр байгаа хянан шалгах, илрүүлэх чадавхийг сайжруулахгүй бол орж ирж байгаа аюулгүй байдал алдагдсан байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Энэ бол том сүлжээ гэдэгтэй санал нэг байна. Хар тамхины асуудал тусгай мэдээллээр илэрдэг асуудал. Хар тамхины асуудал бол олон улсын түвшний асуудал учраас өөр орны тусгай албатай хамтран ажиллахгүйгээр тэр том сүлжээг олж дийлэхгүй. Өнөөдөр бид дипломат албаа хяналтад оруулаад явж болно. Харин иргэдийг татан оролцуулаад байгаа, сүлжээг таслан зогсоох, тэмцэх гээд байгаагийн зорилго оршиж байгаа. Турк улсад Элчин сайдын яам ажиллаж байгаа бөгөөд Консул томилохоор судалж байна.

Ажлын хэсэг, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл:

-Нэг сувгийг нь хаахад нөгөө суваг нь баярладаг, үнэ нь нэмэгддэг. Өнөөдөр бид нэг сувгийг нь хааж байгаа нь шинэ суваг нээх ажиллагаа эхэлдэг. Энэ бол практикаас харахад гурван төрлийн эм бэлтгэл, мариухан, үнэрлэдэг төрлийн

УИХ-ын гишүүн С.Батболд:

-Энэ хар тамхины асуудал бол зөвхөн байнгын хороо, Гадаад харилцааны яам биш улсаараа харанга цохихоор асуудлыг хэлэлцэж байна. Монгол төрөөс авч хэрэгжүүлж, анхаарах цаг болсон байна. Байнгын хорооны тогтоолд тусгасан хууль эрх зүй, зохицуулалт, төрөөс ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэдгийг ойрын үед боловсруулж, УИХ-аар оруулж ирэх ёстой. Энэ чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг илүү их өргөжүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр далайцтай ажиллахад дэмжлэг үзүүлэх цаг болсныг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор хариуцлагын асуудлыг  хэрэглэж байгаа, зуучилж байгаа, дамжуулж байгаа хүмүүст хариуцлагыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байгаа юу. Түүнээс гадна Гадаад харилцааны яам хүчтэй, далайцтай, дахиж ийм үйлдэл давтагдахгүй байх хэмжээний арга хэмжээ, үр дүнгээ энэ байнгын хороонд танилцуулах ёстой гэж бодож байна. Эрх зүйн бөгөөд хариуцлагын арга хэмжээ авч, эргэж танилцуулах ёстой гэж бодож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Яамны зүгээс маш өргөн цар хүрээтэй, хатуу арга хэмжээ авах ажлаа эхлүүлсэн. Цагдаагийн байгууллагад бүх нэр холбогдсон хүмүүсийг нэг бүрчлэн судалж, тодорхой арга хэмжээ авч ажиллана. Шууд ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулаад явна. Түүнээс гадна маш тодорхой нарийн ажиллагааг Европын орнууд руу, Элчин сайдын яам, ажилтнууд руу чиглүүлэн хэрэгжүүлж эхлээд явж байна. Бид юу хийх гэж байгаа, мэдэж байгаагаа нээлттэйгээр мэдээлэх боломжгүй.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд:

-Хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Улс үндэстний хэмжээнд зайлшгүй анхаарах ёстой. Жишээлбэл, өнгөрсөн Баасан гаригт хоёр, гурван баар, цэнгээний газраар үйлчлүүлж байгаа 40 хүнд шалгахад 6 нь хар тамхи хэрэглэсэн байгаа юм. Энэ мэтчилэн нөхцөл байдал хүндэрсэн байна. Бүлэг, зохион байгуулалттай сүлжээ байна. Хятадаас нийлүүлэгч, гаргаж өгдөг, хүлээж авдаг, дамжуулдаг, авдаг гэсэн сүлжээ бий болсон байна. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ажиллагаа нь хүний оролцоогүйгээр энэ төрлийн бизнес хийгдэх болсон байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг уруу татах асуудал бүр их хүндэрч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-1990 оноос өмнө, хойш дипломат албанд ажиллаж байсан эсэх талаарх мэдээлэл байна уу. Тухайн томилогдсон албан тушаалтныг хэн гэдэг сайд, улстөрч томилсон бэ гэдгийг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-1990 оноос хойш янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон зүйл гарч байсан. Тухайлбал, аваар осол, маш нууц материал өгч, эх орноосоо урвасан зэрэг олон асуудал гарч байсан. Түүний хажуугаар тамхи зөөх асуудал 2008 он хүртэл хавтгайрсан байсан бөгөөд улс орны нэр хүнд гэж явсаар өнөөдрийг хүрч байгаа юм. 2009 оноос хойш нэг хэсэг энэ асуудалд анхаарч, харьцангуй татарсан байсан юм. 2018 оны арванхоёрдугаар сард мансууруулах бодис бүхий тамхи Герман улс руу нэвтрүүлэхийг завдсан. Түүнээс эхэлж л энэ асуудал анхаарч, Гадаад харилцааны яам  тусгай байгууллага руу хандаж, хамтран ажиллаж байсан.

Ажлын хэсэг, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл:

-1990-ээд оноос өмнө гарч буй хэргийн дийлэнх нь хулгай байсан. Томоохон хэмжээний хулгай хийх, мөнгөө төлөхгүй худалдан авалт хийх зэрэг маш олон хэрэг гарч байсан. 1990-ээс хойш оны үед гарсан хэргийн талаар Д.Цогтбаатар сайд мэдээлсэн. Ер нь бол хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэрэг сүлжээнд орсон, тэр сүлжээг нь таслан зогсооход нөгөө сүлжээ цэцэглэдэг, үнэ нэмэгддэг гэх мэтийн асуудал олон улсын түвшинд байдаг.  Тиймээс  хууль эрх зүйн талаас нь дэмжлэг хэрэгтэй байгааг хүчний байгууллагууд хүсч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хар тамхины наймаанд холбогдсон хүмүүсийн олонх нь Тагнуулын ерөнхий газраас томилогдсон хүмүүс байна. Тиймээс онцгой анхаарал хандуулж ажиллаарай бид бүх талаар дэмжиж ажиллана.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

-Засгийн газар, хууль хүчний байгууллага, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагууд шийдэмгий арга хэмжээ аваад явах ёстой. Өмнө нь дипломат төлөөлөгчийн албанд ажиллаж байгаад хариуцлага тооцуулсан ч төрийн алба, дипломат албанд ажиллаж байгаа зүйл ч бий болж байна. Хэрэг зөрчилд орсон бол Гадаад харилцааны яам нэн даруй төрийн албанаас нь чөлөөлөх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Мөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн өөрчлөлт зэрэг асуудлыг байнгын хорооны тогтоолд тусгаж, холбогдох албанд нь чиглэл өгсөн байгаа. Тогтоолын хэрэгжилтийг дөрөвдүгээр улиралдаа багтаан байнгын хороонд танилцуулах чиглэл өгсөн байгаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.


"Дипломат албанаас С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нарыг чөлөөлсөн"

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2019.06.18/-ийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хоёр иргэн Герман улсад их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсантай холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тогтоол гаргахаар болсон билээ.

Өмнө нь тус байнгын хорооны хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “1992 оноос хойш Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсыг гадаадад төлөөлөх Элчин сайд, дипломат ажилтнуудын холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээллийг” хаалттайгаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус байнгын хорооноос тогтоол гаргахаар болов. Тиймээс энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны тогтоолтой холбогдуулан Гадаад харилцааны сайд зарим мэдээллийг өглөө.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах журам, хөдөлмөрийн гэрээ, дипломат болон үйлчилгээний ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг бодис, тамхи зэргийг хувийн ашиг, хонжоо олон зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой  зөрчилд тооцон, дипломат албанаас халдаг, халсан нь дипломат ажилтныг дипломат албанд буцаан авахгүй үндэслэл болдог эрх зүйн зохицуулалттай. Эдгээр зохицуулалтын дагуу хариуцлага алдсан дипломат ажилтан, дипломат байгууллагад ажилтныг тухай бүрт нь халж ирсэн бөгөөд цаашид ч хариуцлага тооцож ажиллана.

Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн эм, бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан ч төрийн албанд үргэлжлүүлэн  ажиллаж байгаа албан тушаалтнуудыг шалган тогтоож, нэн даруй төрийн албанаас чөлөөлөхөөр ажиллаж байна. Энэ хүрээнд гадаадад биечлэн саатуулагдан шалгагдсан гурван ажилтнаас С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нарыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд одоо нэг хүнийг нь шалгаж, халах арга хэмжээ авч байна. Түүнээс гадна эрх зүйн туслалцааны дагуу манай эрх бүхий байгууллагаас лавлагаа авч байсан, дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.

УИХ-ын холбогдох байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт ажилтны томилогдсон шийдвэрийг судлан, шалгаж байна. Яам, дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшин үнэлэх асуудлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулна. Монгол Улсын тухайн улстай  харилцах харилцааны түвшинг үнэлж, Дипломат төлөөлөгчийн газар ажиллах, байгууллагын төлөөллийн ажилтнуудыг нягтлан шалгаж байгаа юм. Зарчмын хувьд дипломат төлөөлөгчийн газрын нийт ажилчдын 20 хүртэл хувьд нь төрийн бусад байгууллагын төлөөлөл ажиллах зүйтэй гэж үзэж байгаа. Төрийн бусад албанаас томилогдсон хүмүүсийн  ажлын үр дүн хангалтгүй байгаагаас дипломат ажилтны нэр хүнд унаж байгааг үгүйсгэх аргагүй.

Түүнээс гадна дипломат болон албан паспорт ашиглах шилжилт хөдөлгөөн, дипломат дугаартай тээврийн хэрэгсэл тэдгээрийн  ашиглалт, бүртгэлийг  шалгах чиглэлийг дипломат төлөөлөгчийн газруудад өгсөн. Тодруулбал, суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар бүртгэлтэй үйлчилгээ техникийн ажилтнууд, тэдний гэр бүл, мөн дипломат төлөөлөгчийн газрын нэр дээрх бүртгэлтэй албаны болон ажилтнуудын нэр дээрх бүртгэлтэй автомашины мэдээллийг шинэчилж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал:

-Байнгын хорооны тогтоолд Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, иргэдийг хар тамхи болон түүнтэй холбогдох хэрэгтэй холбоотой мэдээллийг иргэдэд олгох чиглэл тусгагдсан байсан. Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд 26 албан хаагчийн орон тоог нэмэх шаардлагатай байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байгаа. Энэ 26 албан хаагчийн хил, боомт дагуу чиглэл хариуцсан албан хаагчийн албан хаагч, урьдчилан сэргийлэх чиглэлийн албан хаагч, судалгааны чиглэлээр ажиллахаар байгаа.

Иргэдийг хар тамхи, мансууруулах чиглэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх чиглэлээр алба байгуулж, төрийн салбар хоорондын уялдааг сайжруулахаар ажиллаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь өөрөө онцлогтой учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нөгөө талаар сурталчлах нөхцөл байдал бий болчих эрсдэл байдаг гэдгийг ойлгох нь чухал байна.

Мөн 2019 оны зургадугаар сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас хоёр улсын эрх зүйн туслалцааны актын дагуу ирүүлсэн мөрдөн байцаагчийн даалгаварыг шалгаж 2019 онд нийт Монголд байгаа 70 иргэнтэй холбоотой асуудлыг тодотгох санал ирснийг судалж, Польш улсад албан ёсны хариуг нь өгсөн байгаа. Одоо 69 хүнд холбогдох асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Ийнхүү мэдээллийн дараа гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилж байна.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж