Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнээр өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 20:30 цагт өндөрлөв.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаан Төрийн ордны “Б” танхимд 09:00 цагаас 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хэлэлцсэн эхний асуудал нь Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байлаа.
Хуралдааныг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат удирдаж, Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар зүйлд гурван заалт нэмэхээр тогтов. Бүх шатны шатны шүүхийн шүүгчийн орон тоог Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно, хуулийг Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн саналууд олонхын дэмжлэг авлаа. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Дараа нь “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөв. Асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, уг хуулийн хүрээнд хичнээн ялтан шилжүүлсэн, мөн хэр олон Монгол Улсын иргэн гадаад улсад ял эдэлж буй талаар лавлалаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариулахдаа, “Монгол Улсын нэг иргэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлсэн ба Монгол Улсын таван иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад, Казахстан Улсын нэг иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа” гэв. Асуулт хариултын дараа хуралдаанд оролцсон гишүүд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг 100 хувь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Галт зэвсгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс дэмжигдсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулан дэмжигдсэн болно. Тухайлбал, “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлд” гэснийг “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д” гэж өөрчлөх санал дэмжигдэв.
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/, холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа болон Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар хариулт өгч, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулиудын төслүүдийн ач холбогдол өндөр гэдэг дээр санал нийлэн, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг 100 хувь дэмжив.
Хэлэлцэх асуудлын дарааллаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат уншиж танилцуулсны дараа гишүүд ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллуудтай холбогдуулан санал, байр сууриа илэрхийлсний дараа саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй нийт 76 саналын томъёолол гаргасан бөгөөд томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.
Тухайлбал, Төслийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүйд ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй.” Энэ зүйлийн 3 дугаар хэсгийг “Хүний үзэл бодол, илтгэл үнэмшлийн төлөө ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй.” гэж тус тус өөрчлөх санал дэмжлэг авлаа. Түүнчлэн Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.
Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс доош хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг хүнд ердийн тэмт хэрэг гэж үзнэ хэмээн гэмт хэргийг ангилах санал дэмжигдлээ.
Төслийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт. “Энэ хуулийн Тусгай ангийн 10.4 /Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх/, 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 12.1 /Хүчиндэх/, 12.3 /Бэлгийн мөлжлөг/, 13.1 /Хүн худалдаалах/, 16.1 /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.2 /Хүүхдийг согтууруулах, мансууруулах, донтох байдалд татан оруулах/, 16.4 /Хүүхдээр гуйлга гуйлгах/, 16.7 /Хүүхдийг шийтгэх/, 16.8 /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/, 16.9 /Хүүхэд ашиглаж садар самууныг сурталчлах/, 21.13 /Эрүү шүүлт тулгах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр ялаас чөлөөлөхгүй.” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн гэрийн хорионд байлгах гэж заасныг зорчих эрхийг хязгаарлах хэмээн өөрчлөх санал дэмжигдсэн юм.
Үүний дараа гишүүдээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд зарим гишүүдийн шинээр гаргасан саналуудыг Ажлын хэсэг дээр дахин ярилцах нь зүйтэй гэж үзсэн учир Ажлын хэсэг хуралдсаны дараа Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эцсийн асуудал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байв. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Төслийн талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцуулахдаа,
“2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгосноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд дараах зарчмын асуудлыг тусгасан. Үүнд:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна.” гэсэн 26.1 дэх хэсэг нэмсэн. Түүнчлэн дээрх хуулийн 27 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон энэ хуулийн 27.1-т зааснаас бусад тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэсэн 27.2 дахь хэсэг нэмсэн. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 268 /Хээл хахууль авах/, 269 /Хээл хахууль өгөх/, 270.1. /Хээл хахууль зуучлах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулснаар Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д тодорхойлон заасан прокурорын мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрдэнэ” гэж онцлов.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнээр өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 20:30-д өндөрлөв.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс