Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-д ажиллаж, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгалаа.
Ерөнхий сайдыг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд болон үйлдвэрийн ажилчид угтан авч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр түлшний үйлдвэрийн зарим шугамууд ашиглалтад орж байна. Наадмын өмнө үлдсэн шугамууд ашиглалтад орсноор нийт найман шугамаар үйлдвэрлэлээ явуулах боломж нээгдэнэ. Ингээд энд үйлдвэрлэсэн түлшээ бүрэн хэмжээнд ашиглаж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 40-50 хувиар багасна гэж тооцоолж байна. Засгийн газраас шаардлагатай бүх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Одоо түлшийг ард иргэддээ хүргэх асуудлыг нийслэл хот хариуцаж, бүх шатандаа хариуцлагатай зохион байгуулах учиртай. Засгийн газраас БОАЖЯ туслалцаа үзүүлж, хамтарч ажиллана” хэмээн онцолж хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, нөөцөлсөн. Нийтдээ 640 түгээлтийн цэгүүдийг дүүрэг, хороодод байгуулахаар ажиллаж байна. Найм, есдүгээр сардаа багтаад бүх түгээх цэгүүдээ бэлэн болгоно. Хамгийн чухал асуудал бол бүх дүүрэг, хороодод хүргэх түгээлтийг зохион байгуулах ажил юм. Тээвэрлэлт хийж, борлуулах цэгүүдэд хүргэхэд шаардлагатай бүх хөрөнгө мөнгө, зохион байгуулалт, эрсдэлийг тооцоолж ажиллана. Мөн сайжруулсан шахмал түлшийг худалдах үнийг өндөр тогтоохгүй, түүхий нүүрстэй ойролцоо буюу нэг тонныг нь 150 мянган төгрөгт багтаан барих тал дээр анхаарч байна. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад зөвхөн нийслэл хот төдийгүй ард иргэд өөрсдөө санаачилгатай, идэвхтэй оролцох ёстой” хэмээлээ.
Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Сайжруулсан шахмал түлшний чанар, агаарт үзүүлэх үр дүн” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг төрөл бүрийн орц найрлагатайгаар лабораторийн болон үйлдвэрийн олон удаагийн туршилт судалгаа явуулсны үр дүнд шахмал түлшний олон улсын стандартын үзүүлэлтийг бүрэн хангасан орц, жорыг гарган үйлдвэрлэлээ явуулж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломж бүрдэнэ гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан Ерөнхий сайдад хүргэсэн танилцуулгадаа онцлов.
"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Савласан болон задгайгаар үйлдвэрлэсэн нийтдээ 100 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш байна. Үйлдвэрийн шугамуудыг өргөтгөснөөр энэ тоо нэмэгдэнэ. Өнөөдөр хоёр шугам шинээр нээснээр өдөрт 2000 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс