Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тус хууль (шинэчилсэн найруулга) өнгөрсөн оны долдугаар сард батлагджээ. Хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (рояалти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөвчлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан.
Тус хуулиар хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлыг үүсгэжээ. Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.
Эх сурвалж: www.zasag.mn