Хуулийнхан “бай”-гаа оносон уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Хуулийнхан “бай”-гаа оносон уу?

“Ноёд констракшн” компанийн шинэ, хуучин эздийн өрнөсөн маргаан хуулийнхны шандсыг сорисоор удаж байгаа. Шалгаж, шалгуулаад, хорьж цагдаад, суллагдан чөлөөлөгдсөн хэдий ч цэг тавигдаагүй тэдний тэмцэл олны анхаарлыг Солонгос савангийн дууриас дутуугүй татаж байгаа нь үнэн. Хамаатан садан, хамсаатантайгаа нэгдэн нийлж, нэг нэгнээ голгүй луйвардан, хэтэвчийг нь хоосолж, хөрөнгийг нь дээрэмдээд чинээлэг амьдарч буйг харуулдаг савангийн дуурийн амьд жишээ Монголын нийгэмд нутагшиж байгаа юм биш биз. Ийм харгис нийгэм бүрэлдэж байгааг өөгшүүлэгчид байна уу гэх бодлыг эрхгүй төрүүлэх хэргийн тухай сонирхон, холбоотой мэдээлэл цуглуулж байтал тодорхой баримтууд олдов. Тиймээс тэдгээрийн талаар уншигчдадаа дэлгэн харуулахыг үүргээ гэж үзэв. Ингэхдээ тэрний зөв, энэний буруу гэх буюу нэгийг нь өмгөөлж, нөгөөг нь харлуулахыг зорилго болгосонгүй. Энэ бол зөвхөн баримт билээ.

“Ноёд констракшн” компани 2010 онд Баянзүрх дүүргийн нутаг дахь газартаа “Сэлэнгэ-888” төсөл хэрэгжүүлж, орон сууцны хороолол босгох ажлаа хөөцөлдөж эхэлжээ. Эдийн засгийн хямралтай зэрэгцэн эхэлсэн энэ төсөл урагш муутай болмогц компанийнхан хөрөнгө оруулагч хайж яваад С.Билэгттэй уулзжээ. Баримтаас харвал С.Билэгт нь тус компанийн удирдлагуудад “Зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж хэлээд тэднийг Д.Наранхишигт гэгчтэй уулзуулсан байна. С.Билэгт Д.Наранхишигтийг “Хөгжлийн алдар” төслийн хэрэгжүүлэгч бөгөөд тэдэнд жилийн гурван хувийн хүүтэй зээл олж өгч чадах хүн хэмээн танилцуулж байжээ. Харин С.Билэгт зээл авахад зуучилсныхаа хөлсөнд “Ноёд констракшн” компанийн Зайсан дахь орон сууцнаас төрсөн хүүдээ зургаан өрөө байр авч өгчээ. Энэ бол 2011 оны төгсгөл хавьд болсон үйл явц. Гэвч Д.Наранхишигт, С.Билэгт нарын ярьсан зээл “Ноёд констракшн” компанид хугацаандаа ирээгүй аж. Зээл гаргаж өгөхөөр амласан хүмүүсийн сураг тасарч, Д.Наранхишиг нь нарийн дээрээ Д.Хишгээ гэдэг хүн. С.Билэгттэй хамт залилан хийсэн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж буй этгээд болж таарсан байдаг. Гэвч С.Билэгт “зээл удахгүй бүтнэ” гэж хэлсээр 2012 он гаргасан байх юм. Ийн цаг хугацаа өнгөрсний дараа С.Билэгт “Зээл бүтэх гэж байна. Гэхдээ миний дээр орж ирнэ. Надад хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна” гэсээр “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалаас тус компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авчээ.

Компани болон хөрөнгө шилжүүлэх үйлдлүүд 2012 оны эхний улиралд болсон байна. Энэ түүх үнэн гэдгийг цугларсан баримт харуулж байгаа төдийгүй маргалдагч талуудын өгсөн ярилцлага, мэдэгдэл, мэдүүлэгт цагаан цаасанд хараар бичигдэн үлдсэн байх юм. Тухайлбал, Д.Батжаргал “Ноёд констракшн” компанийг С.Билэгтэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх гэтэл Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд “Компанийн захирлын албан тушаалыг нэг нь нөгөөдөө бэлэглэнэ гэсэн заалт байхгүй, хөрөнгө бэлэглэж болно” хэмээн заасан тул зөвхөн “Эрх шилжүүлэх гэрээ” хийгдсэн. Ингэхдээ нэг сая төгрөгийн эрх шилжүүлсэн. Цаана нь байх үл хөдлөх болон үндсэн хөрөнгийг шилжүүлээгүй” гэдэг бол С.Билэгт “Ноёд констракшн” компанийг 2012 онд Д.Батжаргалаас 514 сая төгрөгөөр (худалдаж авсан он зарим баримтад 2012 хэмээн тэмдэглэгдсэн, харин компани худалдаж авсан мөнгө 540 сая төгрөг хэмээн зөрүүтэй байв) худалдаж авсан хэмээн мэдэгдсэн байдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: www.chuhal.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж