Хуульзүйн байнгын хорооны гишүүд өнөөдөр олон цаг завсарлагагүй хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хороо, Ажлын хэсгээс гарсан саналаар санал хураалт явуулж байна. Олон саналаар санал хураалт явуулж, асуулт асууж, үг хэлж байгаа учир хуралдаан нилээд сунжирч байна. Хуралдааны явцад гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор малын хулгайн хэрэгт оногдуулдаг шийтгэл, хэргийг шийдэж байгаа байдал учир дутагдалтай байна гэлээ. Гэм буруугаа хүлээгээд, эвлэрсэн гэдгээр асуудалд хандаж боломгүй санагдаж байна. Өчигдөр л гэхэд Хотонтын нэг айлын зургаан үхрийг хулгайлаад явсан байна. Малын хулгайч нар зохион байгуулалтад орсон учраас баригдахаараа эвлэрлээ, төллөө гээд, хэргээс мултарч таарах нь. Тиймээс эвлэрэх гэм буруугаа хүлээн зөвшөөрөа гэдгийг Ажлын хэсэг эргэж харах хэрэгтэй.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав:
-Хохирогчийн өртөмтгий чанарыг ял оноохдоо харгалзах ёстой. Түрүүчийн хуульд уян хатан орж чадаагүй байна. Та анзаарсан бол өргөн интервальтай санкц байгаа. Нөхцөл байдлыг нь харж байж шүүгч ялгамжтай ял оноох нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Хохирлыг арилгана гэдэг бас л нийтлэг ойлголт. Эд хөрөнгийг хулгайлсан байна уу, малыг нь хулгайлсан байна уу. Хэрэв хохирлыг нь арилгаад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол гэм буруугаас чөлөөлөх зарчим юм. Малын хулгай их онцлогтой. Мал бол амжиргааных нь амин чухал эх үүсвэр. Үүнийг байхгүй болгочихсон байхад хохирлоо төлсөн, буруугаа хүлээсэн бол гэм буруугаас чөлөөлнө гэчихээр юу болох вэ. Малын хулгай зохион байгуулалттай болсон байна. Нэг удаагийн хэргийг нэг хүн хүлээдэг, дараагийн хэргийг бүлэглэлд нь байгаа нөгөө нь хүлээдэг. Өөрөөр хэлбэл шийтгэл оноосон ч малын хулгай буурахгүй, зохион байгуулалтад орсоор байна. Бас 90 бодын хэрэгтэй орсон хүн бусдын хэргийг өмнөөс нь хүлээж байгаа жишээ ч байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:
-Санааг нь дэмжиж байгаа ч томъёолол нь буруу байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол гээд байвал баахан эзэнгүй хэрэг тохох магадлалтай. Гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэдэг байдлаар өргөн хүрээтэй оруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Үндсэн хуульд өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө гэм буруутайд тооцохгүй байх заалт байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн гэдэгтэй адил буугаад байна. Шүүхээр гэм бурууг тогтоохоос бусад тохиолдолд хэнийг ч гэмт хэрэгтэн гэж тооцохгүй. Гэтэл шүүхийн өмнөх шатанд ийм зүйл байж болох уу. Гэм буруутай гэдгийг яаж ойлгох юм. Хоёрт, ялын зүйлчлэлээр биш ял шийтгэл хүлээх жилээр тооцох нь ноцтой. Гэмт хэрэгтний сэтгэл зүй гэж бий. Үүнийг тооцох хэрэгтэй. Хууль ийм байхад гэмт хэрэгтэн хэрэг хийгээд, гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл ялгүй өнгөрөх юм байна гэсэн сэтгэлгээгээр хандаж болно.
Эрүүгийн хуулийн төслийн 6.10-т “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах тухай буюу анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцлийг харгалзан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзвэл 5 жил хүртэлх хугацаагаар хэргийг хойшлуулж болно” гэснийг хасах санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн.
Төслийн 6.15-д Өршөөл уучлал үзүүлэх, ялаас чөлөөлөх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд өршөөл уучлал үзүүлэх тухай хууль, эсвэл уучлал өршөөл үзүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно” гэсэн саналыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн
Өршөөл уучлал үзүүлэх асуудлыг өмнө нь Эрүүгийн хуульд тусгаж байгаагүй аж. Тиймээс “Хуулийн этгээдэд Ерөнхийлөгч уучлал үзүүлж болох уу гэх асуултыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тавьсан юм. Ажлын хэсгээс энэхүү асуултад хариулахдаа “Хэрэв улстөрийн шийдэл гаргаад нарийвчилсан зохицуулалт оруулах боломжтой. Хуулийн этгээдэд Ерөнхийлөгч уучлал үзүүлэх асуудлыг шаардлагатай гэж үзвэл томъёолж болно” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өршөөл үзүүлэх болон уучлал үзүүлэх асуудал зөвхөн хорих ял дээр байгаа учир “хорих ял” гэж оруулах санал гаргасан. Энэхүү санал олонхын дэмжлэг авсангүй. Учир нь төрийн өршөөл бүх ял дээр гарч байгаа учир зөвхөн хорих ял гэж оруулж болохгүй аж. Түүнчлэн нөгөө талаас УИХ, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байгаа асуудлыг заавал Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй гэдгийг Хуульзүйн сайд Д.Дорлигжав хэлсэн юм.
С.ОТГОН