Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр /2019.06.17/ улс даяар Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэлсэн. Энэ жилийн хувьд шалгалтаа өгсөн даруй дүнгээ сонсдог шилэн технологи нэвтрүүлснээрээ онцлог болж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний өдөр буюу энэ сарын 17-ны 09.00 цагт Монгол Улсын түүх, 13.00 цагт Физикийн шалгалтыг зохион байгуулсан. Шалгуулагчид шалгалтын материалаа өгсөн даруй шууд засаж, анхны хэмжээст оноог мэдээлсэн.
Өнөөдөр ЭЕШ-ын эхний хоёр хичээлийн шалгалтын дүн эцсийн байдлаар гарчээ. Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан http://list.eec.mn/ цахим хаягийн шалгуулагчийн булангаар нэвтэрч харах юм.
ЭЕШ-ын эхний өдрийн хоёр хичээлийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр /2019.06.17/ улс даяар Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ. Нийт 700 гаруй шалгуулагч бүртгүүлж, 600 орчим буюу 86 хувийн ирцтэй шалгалтаа өглөө. Харин физикийн шалгалт өгөхөөр 5600 орчим шалгуулагч бүртгүүлснээс 92 хувийн ирцтэйгээр шалгалтаа өгсөн” гэдгийг хэллээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд дунджаар 40 мянга орчим сурагч өгдөг байсан бол энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсөж байгаа юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ