Дижиталчлах мэдлэг бол улс оронд эдийн засгийн өсөлт авчрах гол давуу тал байдаг. 2015 онд Солонгосын Засгийн газраас компьютерыг програмчлах ур чадварыг хүүхэд бүрд зайлшгүй байх ёстой гэж үзээд “Програмчлал төвтэй нийгэм” нэртэй үндэсний хөтөлбөрийг санаачилжээ. Тус хөтөлбөр нь улсын сургуулийн 5-р ангийн сурагчдаас эхэлсэн жилийн 34 цагийн хичээлээс бүрддэг байна.
Сургалтын агуулгад компьютерын хэлийг хүүхдүүдэд ойлгуулах, хувийн өгөгдлөө хамгаалах, зохиогчийн эрхийг дээдлэх, дэлгэцийн донтолтоос сэргийлэх, тэдний нас сэтгэхүйд таарсан алгоритмын бодлогуудыг багтаасан байна. Харин ахлах сургуульд ороход загварчлах сэтгэлгээг суулгах, бодит асуудал шийдэх бодлого улам нарийсдаг байна. Энэ нь зөвхөн Солонгосын Засгийн газраас анх санаачилсан ажил биш бөгөөд Англи, АНУ, Герман, Япон зэрэг маш олон улс оронд хэрэгждэг аж.
Монгол улсын хэмжээнд зургадугаар ангиас эхлэн долоо хоногт нэг цагаар нийт 33 цагийн мэдээлэл зүйн хичээл ордог. Wold, Excel, өгөгдлийн сан, алгоритм, програмчлалын хичээлүүд ордог ч хичээлийн анги танхим, компьютер тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг нөхцөл гарсаар байна. Нийгмээрээ бид програмчлалын мэдлэгийг хүүхэд бүрд зайлшгүй байх ур чадвар гэж үздэггүй.
Зургадугаар сарын сүүлийн өдрүүдэд төгсөх ангийн сурагчид хонхны баяраа тэмдэглэж, улсын шалгалтадаа бэлтгээд тэдний хувьд амьдралын том алхам хийх цаг иржээ. Хүүхэд бүр дотроо дуртай мэргэжлээ сонгосон байгаа. Гэвч эдийн засгийн үл үзэгдэгч гар, эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа ирээдүйд шаардлагатай ажлын байрны тоог тодорхой зааж өгдгийг хүн бүр төдийлөн мэддэггүй. Тиймээс ойрын 10 жилд нийгэмд ирэх өөрчлөлтийг мэдрэх шаардлагатай.
Өнөөдөр бид Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед амьдарч байна. Нийгэм илүү ухаалаг болж, гайхалтай санаанууд ар араасаа ундарч, хүний хийж чадахгүй, бүтээх боломжгүй бүхэн техник, технологийн хүчээр гайхамшгийг бүтээнэ. Өдөр тутамдаа байнга давтагддаг ажил мэргэжлийг робот, үйлдвэрийн машинууд орлох учраас илүү ухаалаг байхыг шаардана. Хамгийн багадаа л машины хэл, түүний зарчмуудыг ойлгох хэрэгтэй.
Дэлхий дээр хамгийн үнэ цэнтэй мэргэжлийг нэрлэ гэвэл нарийн мэргэжлийн эмч нар байдаг. Харин хамгийн их эрэлттэй бас орлого ихтэй мэргэжлээр “код хөгжүүлэгч” нар тодорч байна. Яагаад гэвэл тухайн мэргэжилтний хэдхэн цаг зарцуулсан бүтээгдэхүүн нь маш олон хүний ажлыг хөнгөвчилдөг, бүтээмж нь бусад мэргэжлээс хэдэн зуу дахин их байдагтай холбоотой.
Програмчлалын мэдлэг нь нийгмийн бүхий л салбартай уялддаг. Хөгжим, програмчлалын мэдлэгийг хослуулан шинэ, аялгуу дуу зохиох боломжтой. Хиймэл оюун ухаанд суурилсан алгоритмууд аялгуу зохиосон жишээ их байна. Шинэ технологийг хууль эрх зүйн хувьд зохицуулах шаардлага өдөр тутамд гарч байна.
Одоогоор хууль, МТ-н хосолсон мэдлэгтэй хүмүүс Монгол Улсад ихээр дутагдаж байна. Өнгө будгийн мэдрэмжийг МТ-той хослуулбал маш сайн програмын загвартай (UX, UI) бүтээгдэхүүнийг бий болгодог. Санхүү, програмчлалын мэдлэг нь төлбөр тооцооны шинэ шийдлийг бүтээнэ. Биологи, МТ-н салбаруудыг хослуулбал эд эрхтэн солих, эмчлэгч роботуудыг зохион бүтээх түүн дээр ажиллах ажлын байрыг бий болгоно. Өөрөөр хэлбэл програм хангамжийн инженерчлэл нь бүхий л салбарт хэрэгцээтэй байна.
Монгол орны хувьд ч мөн адил энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр. Томоохон банкууд МТ-н ажил олгогчдын өдөрлөгийг зохион байгуулж оюутнуудыг төгсөхөөс өмнө тэдэнд шаардлагатай санхүүгийн болон бусад ур чадварыг эзэмшүүлэн ажилд авч байна.
Ирээдүйд хоёр мэргэжилтэй боловсон хүчнүүд ажлын байранд бүр ч илүү үнэлэгдэх болно. Тэр дундаа үндсэн мэргэжил буюу бакалавр нь код хөгжүүлэгч харин хоёрдогч мэргэжил буюу магистр нь тухайн хүүхдийн сонирхсон салбар байх боломжтой.
Монгол хүүхдүүд хоёр мэргэжил эзэмшихэд бэлэн байгаа болов уу?
М.ОТГОНБАЯР
Холбоотой мэдээ