Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд 2004 оноос Р.Федерер, 2005 оноос Р.Надал, тэдний араас Н.Жокович, Э.Мюррей нар гарч ирснээр “Их Дөрөв” гэсэн нэр томъёо бий болсон. Эдгээр залуус 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл мэргэжлийн талбайн теннисний хамгийн том тэмцээн болох Их Дуулга тэмцээний цомыг ээлж дараалан хүртэцгээсэн байдаг. Эдгээр залуусын дундуур Оросын М.Сафин 2005 оны Австрали, Швейцарийн С.Вавринка 2014 оны Австрали, 2015 оны Франц, 2016 оны Америкийн нээлттэй тэмцээнд, Аргентины Хуан Мартин дель Потро 2009 онд, Хорватын М.Чилич 2014 оны Америкийн нээлттэй тэмцээний цомыг хүртэж байсан. 2004 оноос хойш “Их Дөрвөл”-ийн дундуур дээрх дөрвөн теннисчин л орсон гэхээр яалт ч үгүй нэгэн аравныг эзэгнэсэн хүчирхэг теннисчид юм. Тэдний халааг чухам хэн авах бол?
Энэ цаг үед Германы А.Зверев, Австрийн Д.Дим, Грекийн С.Циципас, Оросын Х.Хачанов, Канадын Д.Шаповалов, Хорватын Б.Корич нарын залуус гарч ирж байна. Эдгээрээс Австрийн Д.Дим хамгийн өндөр амжилтыг үзүүлж Францын их дуулга тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан финалд шалгарсан. Австрийн Д.Дим, Германы А.Зверев, Грекийн С.Циципас болон Оросын К.Хачанов нар бүгд Их Дуулга тэмцээний шилдэг наймд шалгараад үзчихсэн. Эдгээр теннисчид үеийн залуусаас яалт ч үгүй илүү амжилт үзүүлээд байгаа. Мөн АТР-н чансааны эхний 10-т бүгд бичигдэж буй.
Гэхдээ тэдний хувьд “Их дөрвөл”-ийг залгамжлан гарч ирэхэд тэдний хэмжээнд арай л хүрэхгүй байна. Испаний Р.Надал 19 насандаа, Сербийн Н.Жокович 21 насандаа, Швейцарийн Р.Федерер 22 насандаа, Британий Э.Мюррей 25 насандаа Их Дуулга тэмцээний цомыг анх удаагаа өргөж байсан. Өдгөө цагт өрсөлдөж буй мэргэжлийн талбайн теннисний ирээдүйн шилдгүүд болох Д.Дим 25, К.Хачанов 23, А.Зверев 22, С.Циципас 20 настай. Магадгүй австри залуу Д.Димээс бусад залууст залуугаараа цахиур хагалан Их Дуулга тэмцээнд түрүүлэх боломж байхыг үгүйсгэхгүй юм. Ямартаа ч мэргэжлийн талбайн теннисний ирээдүй дээр дурьдсан хэдэн залуусын дунд бий.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ