Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 22 хоногийн хугацаа үлдлээ. Хүчит бөхчүүд тус тусын галдаа гарч эхэллээ. Уламжлал ёсоор бөхчүүд аймаг, спорт хороогоор нэг гал болж гардаг. Энэ жилийн бөхийн гал хэрхэн гарч байгаа талаар мэдээллийг хүргэе. Зарим галууд энэ долоо хоногоос эхлэн бэлтгэлээ хийж эхлэх аж.
ӨВӨРХАНГАЙН БӨХЧҮҮД
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарчээ. Уг галд улсын начин Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн нараар ахлуулсан 50 гаруй бөхчүүд гарсан байна. Энэ галд Бүх цэргийн наадмын үзүүр бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном, 17 насандаа аймгийн арслан цолонд хүрсэн Б.Лхагвадорж нарын залуус багтжээ. Энэ гал хамгийн олон бөхтэй галын нэгээр тодроод байна.
УВСЫН БӨХЧҮҮД
Увс аймгийн “Увс нуур” галын хүчтэнүүд Харзтайд бэлтгэл хийж байна. Энэ жил “Увс нуур” бөхийн галыг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд олон арга хэмжээ цувралаар зохион байгуулагдаж, бөхийн нутаг гэдгээ харуулж чадсан билээ.
“Увс нуур” бөхийн гал байгуулагдсан 20 жилийн түүхэндээ улсын наадмын түрүү, үзүүрийг тус бүр таван удаа авсан бол их шөвөгт 12, улсын цолтон 30 гаруй төрөн гарчээ. Мөн тив, дэлхийн тэмцээнд нэрээ дуурсгасан олон тамирчин энэ галаас спортын замналаа эхлүүлсэн түүх үргэлжилсээр байна. Алдарт бөхчүүдийн өлгий нутаг Увс нутгийн “Увс нуур” төрийн бус байгууллагыг Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Монголын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны даргаар ажиллаж байсан Сангийн сайд асан Э.Бямбажав, Биеийн тамир, спортын хороонд ажиллаж байсан З.Лагиржав тэргүүтэй хүмүүс 1998 онд байгуулж байсан түүхтэй аж. Тиймээс “Увс нуур” галын түүхэн ойг энэ жил өргөн дэлгэр тэмдэглэж байна.
“Увс нуур” дэвжээг улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат нар ахлан уламжлал ёсоор Харзтайн амралтад гараад байна. Галын дасгалжуулагчаар улсын гарьд Б.Гантогтох томилогджээ. Улсын отгон аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат тэргүүтэй галд Ж.Ням-Эрдэнн, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал нарын аймгийн хүчит арслангууд олон бий. Сүүлийн наадмуудад улсын бөхчүүд олон түрүүлсэн болохоор жил жилийн наадмын хамгийн хүчтэй бөхчүүд “Увс нуур” дэвжээнээс төрөн гарсаар байна. Мэдээж үүнд Дархан аварга Х.Баянмөнхийн хэлснээр улсын баяр наадмын дэнжийг Увсын бөхчүүдгүйгээр төсөөлшгүй билээ.
БАЯНХОНГОРЫН БӨХЧҮҮД:
“Их богд” дэвжээний бөхчүүд уламжлал ёсоор Бугын сангийн аж ахуй орчимд гараад байна. Энэ галд улсын начин А.Алтанхуягаар ахлуулсан Дундговийн бөхчүүд бүл нэмжээ. Улсын харцага Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат нарын “Хонгор нутаг” дэвжээний галын бүрэлдэхүүнд улсын начинэ Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, цэргийн арслан Ц.Жамбалдорж тэргүүтэй 30-аад бөх бэлтгэлээ эхлүүлээд байна.
СЭЛЭНГИЙН БӨХЧҮҮД
Сэлэнга аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж, энэ жил “Алдар” спорт хорооны бөхчүүдтэй хамт Тавантолгойд бэлтгэлээ хийж эхэллээ. Энэ галд улсын заан Ч.Баянмөнх, улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Дэлгэрсайхан тэргүүтэй 40 гаруй бөхчүүд нэг гал болон цугларалтад нэгдсэн байна.
БУЛГАНЫ БӨХЧҮҮД:
Анхдагчдын өлгий гэгддэг Булган аймгийн бөхчүүд хоёр галд хуваагджээ. Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нараар ахлуулсан бөхчүүд Бүрэгхангайд бэлтгэлдээ гарсан. Энэ галд улсын начин Д.Тамир, Б.Амарсайхан, аймгийн арслан А.Отгонбаатар, А.Түмэндэмбэрэл, Б.Ганбаатар нарын 20 гаруй бөх багтсан байна. Харин улсын начин И.Ёндонсамбуугийн ахалсан хэсэг “Хайрт хаан” амралтын газар бэлтгэлээ эхлүүлжээ.
БАЯН-ӨЛГИЙН БӨХЧҮҮД:
Өлгийн хүчтэнүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайн аманд байрлах “Хас Өргөө” амралтын газар наадмын бэлтгэлээ эхлүүлжээ. Энэ жилийн бэлтгэлд улсын заан Д.Одгэрэл дасгалжуулагчтай аймгийн хурц арслан К.Ханатаар ахлуулсан улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа, М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Жиенхан, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек тэргүүтэй 40 гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна. Өлгийн бөхчүүд дөрөв дэх жилдээ “Хас Өргөө” амралтыг сонгож, наадмын бэлтгэлдээ ороод байна.
Холбоотой мэдээ