"Оюутолгой" хувьцаа эзэмшигчдийн тайлангаа олон нийтэд ил болголоо

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

"Оюутолгой" хувьцаа эзэмшигчдийн тайлангаа олон нийтэд ил болголоо

“Оюутолгой” ХХК 2018 оны жилийн нэгдсэн тайлангаа өнөөдөр /2019.06.18/ танилцууллаа. Мэдээллийн эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес 2018 онд" Оюутолгой" компанийн хувьд ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулахаас гадна компанийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэл маш өндөр гарсныг онцолсон юм.

"ОЮУТОЛГОЙ"  МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУХАЛ ТУЛГУУР

Тэрбээр “Компанийн нийт үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, нэн ялангуяа нийгмийн хариуцлагын чиглэлд “Оюутолгой” компани нь мэдлэг, ур чадвар бүтээх, тэдгээрийг гол түншүүд болоод олон нийттэй хуваалцах үйлстээ чухалчлан анхаарч ажилласан.

Хэдий уурхайн үйл ажиллагаа явуулаад таван жил болж байгаа ч "Оюутолгой" Монголын эдийн засгийн чухал тулгуур төдийгүй бизнесийн болоод нийгмийн тодорхой үзүүлэлтээрээ дэлхий жишигт тооцогдох болсон.

Өнгөрсөн зургадугаар сард Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн бизнесийн хөгжлийн арван жилийн стратегийг баталсан. Энэхүү стратегид  уурхайн цогцолборын стратегийн хөгжлийн төлөвлөгөө, ажилчдын чадавх, ур чадварын өсөлт, Өмнөговь аймагтай хамтын ажиллагаа өргөжүүлэх зэрэг зорилтууд тавигдсан” гэж байлаа. 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ БОЛОМЖГҮЙ

УИХ-аас Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн онд ажлын хэсгийн дүгнэлт албан ёсоор гарсан. Тодруулбал, 200 гаруй хуудас уг материалд гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй, зардал болон бусад зардал мөнгөн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй, монголчуудад үр ашиггүй гэх гурван том дүгнэлт гаргасан билээ.

Харин “Оюутолгой” ХК-иас “Оюутолгой, Туркойз Хилл Ресурс компани үндсэн хөрөнгө оруулалтын гэрээ болон суурь гэрээг өөрчлөх боломжгүй. Харин үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллана. Манай компани УИХ-аас гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа ч хамтарч ажиллахад бэлэн” гэв.


"Оюутолгой" компанийн 2018 оны жилийн нэгдсэн тайлангаас онцлох хэд хэдэн зүйлсийг дурдъя

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Өнгөрсөн онд тус компанийн гүйцэтгэл маш өндөр байжээ. Тодруулбал, 200.000 хүн цагт ногдох нийт гэмтэл бэртлийн  давтамжийн үзүүлэлт 0.16 болсон нь "Оюутолгой" компанийн түүхэн дэх хамгийн сайн үзүүлэлт аж. Үзүүлэлт өсөхөд гүний уурхайн ажил эрчимжиж, ажиллах хүчний тоо  нэг жилийн дотор хоёр дахин өссөн нь нөлөөлжээ.

2018 ОНД 1.180 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖЭЭ

"Оюутолгой" компани 2018 онд 157 мянган тонн зэс, 248 мянган унци алт, 873 мянган  унци мөнгөний агуулга бүхий  746 мянган тонн баяжмал, борлуулж 1.180 сая ам.долларын орлого олсон байна. 2018 онд олсон орлогыг 2017 оныхтой харьцуулахад 149 мянган тонн зэс, 111 мянган унци алт, 860 мянган унци мөнгө, 724 мянган тонн баяжмал борлуулж 940 сая ам.долларын орлоготой ажиллаж байжээ.

УУРХАЙН ЦОГЦОЛБОРТ БАЙРЛАН АЖИЛЛАЖ БУЙ  АЖИЛЧДЫН 88 ХУВЬ НЬ МОНГОЛ АЖИЛЧИД

2015 онд үзэглэсэн "Оюутолгойн" гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор 2016  оны тавдугаар сард  эхэлжээ. Гүний уурхайн төслийн нийт зардал урьдчилсан байдлаар 5.3  тэрбум ам.доллар бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт 2018 онд  урагшилж, хэд хэдэн чухал барилга байгуулалтыг амжилттай дуусгажээ.

Хэдийгээр нарийвчилсан зураг төслийн болон барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа ч геотехникийн  нөхцөл хүндэрсний улмаас  уурхайн дизайныг эргэн харах шаардлагатай болсон байна. Өнөөдрийн байдлаар амин чухал хоёрдугаар босоо амны тоноглол, дулааны төв станц, уурхайн  дэд бүтэц зэрэг байгууламжуудын ажлуудыг хийж байгаа аж. Нийт барилга угсралтын ажил өнгөрсөн тавдугаар сарын эцсээр 54 хувьд хүрсэн үзүүлэлтэд хүрчээ. 

Төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл 3.1 тэрбум ам.долларын худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 2.2 тэрбум ам.долларын гэрээг үндэсний аж ахуй нэгж байгууллагуудтай хийсэн байна. Тодруулбал,  2016 онд 1.4 тэрбум ам.доллар, 2018 онд хоёр тэрбум ам.долларын худалдан авалтын гэрээг байгуулжээ.

2018 оны эцсийн байдлаар гүний уурхайн ажилчдын тоо хамгийн өндөр хэмжээнд буюу 9.400 гаруйд хүрчээ. Уурхайн цогцолборт байрлан ажиллаж буй  ажилчдын 88 хувь нь монгол ажилчид байгаа нь 60 хувьд хүргэнэ гэсэн анхны төлөвлөгөөг давуулан биелүүлсэн үзүүлэлт гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж