УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсныг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй завсарлагаар дөнгөлөөд байвал хаврын чуулганаар багтаан баталж чадахгүй болно. Ирэх есдүгээр сард хичээл эхлэхэд дахиад цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үүснэ. Тийм учраас хаврын чуулганаар багтаан батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:
-"Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл нь маш их эсэргүүцэлтэй тулж, энэ хугацаанд 10 гаруй хүүхдийн амь нас эрсэдсэн. Хүний амь эрсэднэ гэдэг зүрх эмтрэм асуудал. Харах хүнгүйгээс гэртээ цоожлогдож үлддэг. Бодит байдал ийм байхад олон хүүхдийг хохироох гэж байгаа юм шиг хэлэлцүүлгийг сунжруулаад, завсарлага авах нь буруу учраас эмэгтэй гишүүд завсарлагыг эсэргүүцэж байна”.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-"Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд 1750 сургууль, цэцэрлэг хэрэгтэй байгаа. Таван жилийн хугацаанд энэ хэмжээний сургууль, цэцэрлэг барих боломжгүй учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэн даруй батлах ёстой. Завсарлага авна гэдэг хуулийн төслийг хаврын чуулганаар баталж амжихгүй гэсэн үг. Намар есөн сард хичээл эхлэхэд дахиад л цэцэрлэгийн асуудал үүснэ. УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь хүүхдүүд асуудалгүй байлаа гээд бусад хүмүүсийн хүүхдийн асуудлыг хойш тавьж болохгүй. Аргаа бараад бид лобби бүлэг байгуулсан. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцохгүй".
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-"Саяхан Говьсүмбэр аймагт ажиллахад 30 нас хүрээгүй эмэгтэй дөрвөн хүүхэдтэй, хамаатнуудынхаа дөрвөн хүүхэд нийлсэн найман хүүхэд харж байна лээ. Бодит амьдрал дээр ийм л байгаа, үүнийг шийдчихье гээд эмэгтэй гишүүд явж байгаа. Үүнийг улстөржүүлэх шаардлагагүй, гацаах шаардлага байхгүй".
УИХ-ын гишүүн Д.Арвин:
-"Амьдрал мэдэхгүй, хөрөнгө мөнгөнд сонирхолтой хүмүүс УИХ-д сонгогдсоноос эх, хүүхдүүд, нийгмийн асуудалд маш олон жил хориг саад тавьж байгааг эсэргүүцэх цаг болсон. Д.Хаянхярваа нарын гишүүд маш муухай асуудал тавьж байна, мөнгө байхгүй гэж… Өчнөөн юм хийх мөнгө нь байсаар байтал 60 тэрбум төгрөгийг хасч байна гэдэг Монголын ард түмний эсрэг том асуудал тавьж байна гэж үзэж байна. Тийм учраас бид энэ асуудлаар УИХ-ын даргад хандаж, хууль есөн сард хэрэгжих ёстой гэсэн шаардлага тавина. Ер нь бол балмад хэдэн амьдрал мэдэхгүй эрэгтэй гишүүдээс болж завсарлага авч байна. Бүлгүүд энэ асуудалд анхаарахгүй бол эмэгтэй гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй".
Г.ДАРЬ