Далай лам Азийн буддистуудын бага хуралд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Далай лам Азийн буддистуудын бага хуралд оролцохгүй

Далай лам Азийн буддистуудын бага хуралд оролцохгүй

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг бага хурлын талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2019.06.18/ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн хурлын танхимд хийж, мэдээлэл өглөө.


“АНХ 1970 ОНД МОНГОЛД АЗИЙН БУДДИСТУУД ЧУУЛЖ БАЙСАН”

Хурлын эхэнд Азийн буддистуудын энх тайвны XI бага хурлын зохион байгуулах хорооны дарга, Да лам Х.Бямбажав мэдээлэл өглөө. Тэрбээр “Азийн буддистуудын энх тайвны XI бага хурлыг 1970 оноос зохион байгуулж ирсэн түүхтэй. Анх 1969 оны долдугаар сарын 14-ний өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 143 дугаар тогтоолоор үүсгэн байгуулах шийдвэр гарсан байна. Анхны хурлаа 1970 онд Монголд зохион байгуулж байсан. Тэр цагаас хойш Азийн буддистуудын энх тайвны бага хурал дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө тууштай тэмцэж, шашин хоорондын харилцаанд онцгой үр нөлөө үзүүлсэн байгууллага.

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгчөөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам С.Гомбожов сонгогдон ажиллаж байсан юм. Анх энэ хурлыг Монгол Улсаас оройлон санаачлан Тэргүүн Их Хамба лам С.Гомбожав болон Оросын уламжлалт Буддын Сангха нийгэмлэгийн Бандида хамба лам Ж.Гомбаев, БНЭУ-ын парламентын гишүүн Кушок Бакула Ринбүүчи нарын хичээл зүтгэлээр хуралдуулж байсныг дуулгахад таатай байна. Цаашлаад хүрээгээ улам тэлж, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн 10 гаруй орныг хамарч, 14 үндэсний төвтэй олон улсын байгууллага” гэдгийг танилцууллаа.

 “ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН XIV ДАЛАЙ ЛАМ ЭНХ ТАЙВНЫ БАГА ХУРАЛД ОРОЛЦОХГҮЙ”

Энэ удаагийн бага хуралд оролцох урилгыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид хүргүүлсэн. Тиймээс Далай багшийн элч төлөөлөгч нар энэ хуралд оролцоно гэдгээ мэдэгдсэнийг зохион байгуулагчид хэлсэн юм. Мөн сүсэгтэн ард түмний хувьд Азийн буддистуудын энх тайвны бага хурлын нээлтийн ёслолд энэ сарын 21-ний өглөө 09.00 цагаас оролцох боломжтой гэв.

Монголд анхны хурлаа 1970 онд хийснээс хойш 1972 онд Шири Ланкад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979 онд Монголд, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990 онд Монголд, 1998 онд Монголд, 2003 онд Лаост хуралдаж, энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэжээ. Ийн 16 жилийн дараа дахин Монголд Азийн буддистууд чуулж, 150 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Энэ байгууллагыг байгуулах тухайн цаг үе нь Энэтхэг, Хятадын хойг үймээн самуун, дайны байдалтай байжээ. Байгуулагдсан цагаасаа Ази тивийн энх тайвны төлөө өөрсдийн дуу хоолой хүргэж, хамгийн сүүлд 2003 онд Лаос улсын Х хурлаас хойш цаг үеийн болон нийгэм, эдийн засгийн шалтгаанаар өнөөг хүртэл ээлжит хуралдааныг хуралдуулж чадахгүй байсаар өнөөг хүрсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

“ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ИНТЕРНЭТЭЭР ШУУД ДАМЖУУЛНА”

Бага хурлын үеэр “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комиссын гишүүн М.Батаа “Энэхүү бага хурлын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд санаачлан Шинжлэх ухаан, технологийн академи, Монгол Улсын их сургууль хамтран зохион байгуулах гэж байна. Уг эрдэм шинжилгээний хурлаар “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ.

Азийн буддистуудын энх тайвын бага хурлаар өнгөрсөн 50 жил ямар ажлыг хийж, дэлхийн болон бүс нутагт тулгамдаж буй асуудалд ямар хувь нэмэр оруулав, тухайн үедээ ямар бодлогын хүрээнд ажиллаж байсан, одоо ирэх 50 жилд ямар бодлогоор үйл ажиллагаа явуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг интернэтээр шууд дамжуулна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж