Г.Сэрээнэндоржийг ямар хэрэгт сэжиглэв?

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Г.Сэрээнэндоржийг ямар хэрэгт сэжиглэв?

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өчигдөр /VI.15/ саатуулан, шалгаж эхэлсэн. Шүүхээс түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулан шалгах зөвшөөрлийг олгож, ийнхүү саатуулсан байна.  

АТГ-аас Г.Сэрээнэндоржийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан гэж мэдэгдээд байгаа юм.

Харин хэрхэн эрх мэдлээ хэтрүүлсэн, ямар хэрэгт сэжиглэн шалгаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад “Г.Сэрээнэндорж нь УБТЗ нийгэмлэгт “Арвижих трейд”  гэх компаниас 800 сая төгрөгөөр зүтгүүр дур мэдэн худалдаж авсан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар сонголт хийн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байгаа тул эл хэрэгт түүнийг сэжигтнээр татсан” гэлээ.

Мөн Г.Сэрээнэндоржийг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-аас УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа вексель /өрийн бичиг/ бичиж, төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Энэ хэргийг ч бас дахин сөхсөн бололтой.

Тухайн үед Г.Сэрээнэндорж “Би өрийн бичиг бичсэн нь үнэн. Гэхдээ би төрийн албан хаагч биш учраас “төрийн албаны хаагчийн эрх мэдлээ хэтрүүлсэн” гэх үндэслэлээр сэжиглэн шалгах нь хууль бус үйлдэл” гэж мэдэгдэж байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж