“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гээс “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, санхүүгийн мэдээлэлд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөндлөнгийн үнэлгээ хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах уулзалтыг өнөөдөр /2019.06.18/ “Блю скай” зочид буудалд зохион байгууллаа.
“Эрдэнэс Монгол” компани нь 2008 онд анх байгуулагдсан цагаасаа хойшхи 11 жилийн хугацаанд сүүлийн гурван жилд л ашигтай ажилласан байна. Тодруулбал, 2016-2018 онд нийт 48 тэрбум төгрөг /16.3 сая ам.доллар/-ийн ашигтай ажиллажээ. Түүнчлэн охин компаниуд нь ашгийнхаа хэдэн хувийг толгой компанид төлөх, толгой компани ашгийнхаа ямар хэсгийг төрийн санд тушаахыг зохицуулсан дүрэм журам байхгүй тул компанийн бие даасан хуультай болох шаардлагатай байгааг “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гээс тодотгов.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн Монгол Улс дахь менежер Н.ДОРЖДАРЬ:
-Төрийн өмчит компани олон зорилготой байгуулагддаг. Үүний нэг нь “Эрдэнэс Монгол”. Тус төрийн өмчит компани нь Монголын уул уурхайн томоохон төслүүдийг хянадаг. Эдгээр төслүүд нь амжилттай ажиллах уу, үгүй юу гэдэг нь тус компаниас хамааралтай. Бид үнэлгээгээр хэд хэдэн тулгамдсан асуудал байна гэж дүгнэсэн учраас үүнийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд тодорхой зөвлөмжүүд гаргалаа. “Эрдэнэс Монгол” компани нь маш олон охин компанитай болж үйл ажиллагаа нь өргөжин тэлжээ. Энэ нь анхаарал татаж байгаа.
Ямар нэгэн хууль дүрмээр зохицуулагдах асуудал нь хязгаарлагдмал. Иймд тус компанийн эрх зүйн орчныг сайжруулж, компанийн үйл ажиллагаанд зориулсан тусгай хууль, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зохицуулсан хууль дүрэмтэй байх шаардлагатай. Нөгөө талаас тус компанийн ашигтай үйл ажиллагаа сүүлийн гурван жилд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар ашиг нь цөөн хэдэн хүчин зүйлсээс шалтгаалж байгаа тул цаашид үйл ажиллагаагаа төрөлжүүлж аж ахуй руу чиглэсэн байх нь чухал юм.
БАЙГАЛИЙН БАЯЛАГ ОРДУУДАА АШИГЛАХ НӨӨЦ БОЛОМЖТОЙ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.ГАНХҮҮ:
-Бид олон нийтэд хүртээмжтэй ажиллах ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 11 жил боллоо. Сүүлийн жилүүдэд ажиллах боловсон хүчний чадавхын хувьд тодорхой туршлага хуримтлуулсан. Бид зам тээвэр, уул уурхай бусад дэд бүтцээ хамтад нь хөгжүүлдэг учраас олон охин компанитай мэт харагдаж буй боловч иж бүрэн цогцоор үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ер нь байгалийн баялагт тулгуурлан орлогоо бий болгож, иргэдэд шударгаар хуваарилах, боловсон хүчнийхээ эрүүл мэнд боловсролд анхаарах бүх боломж нөхцөлийг бий болгоход энэхүү ажил маань чиглэл, чиглэлдээ гольдролд орж байна гэж харж байна. Цаашид ч байгалийн баялаг ордуудаа ашиглах боломж нь бидэнд бий.
"Эрдэнэс Монгол" өөрийн эзэмшил хөрөнгийг 2017 оны жилийн эцсийн байдлаар 9.36 их наяд төгрөг /3.9 тэрбум ам.доллар/ орчим гэж үнэлснээс 82.5 хувь нь Тавантолгойн нүүрсний уурхай дахь компанийн эзэмшилд ногдож байна. Үүнээс гадна Эрдэнэтийн зэс, молибдений уурхай, Бор-Өндөрийн жоншны уурхай гэх мэт төрийн мэдлийн томоохон уурхайнууд байдаг ба тэдгээрийг төрийн өмчит компаниуд удирддаг. Тус компани нь үйл ажиллагааныхаа талаар цаашид олон нийтэд нээлттэй ил тод байхад илүү анхаарна гэдгээ дээрх уулзалтын үеэр тодотгов.
Холбоотой мэдээ