АТГ: Улсын эмнэлгүүд дэлхийн II дайны үеийн гэмээр нөхцөлд байна

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

АТГ: Улсын эмнэлгүүд дэлхийн II дайны үеийн гэмээр нөхцөлд байна

АТГ: Улсын эмнэлгүүд дэлхийн II дайны үеийн гэмээр нөхцөлд байна

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор авлигын эрсдэлийг үнэлгээг хийсэн байна.

Тухайлбал, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар зэрэг эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Онч шийдэл”, “Статистикийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” ТББ-уудтай хамтран зохион байгуулжээ.

Эрсдэлийн үнэлгээний тайланг өнөөдөр /2019.06.18/ дээрх эмнэлгүүдийн удирдлагуудад танилцуулав. Үнэлгээний явцад тогтоогдсон авлига, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлуудыг арилгах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж боловсруулан, тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Анхан болон дунд шатны эмнэлгүүд гэхээсээ илүү гурав дахь шатлалын эмнэлэгт иргэд ихээр үйлчлүүлэхээр очсоноос үүдэн асар их дугаарлалт үүсч байгаа нь авлига авах, өгөх нөхцөл байдал бий болгож байна. Улсын эмнэлгүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмээр нөхцөл байдалтай л байна. Хүйтэн цементэн шалан дээр картон цаас дэвсээд хэвтэж байгаа сахиур хүртэл харагдаж байна. Энэ асуудалд ганц эмнэлгийг буруутгах боломжгүй юм. Бүр тогтолцоогоор нь бодлогын хэмжээнд өөрчилж шинэчлэх шаардлагатай байгаа. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт Монгол Улсын бүх хүнд хамаатай, амь насны асуудал яригддаг зүйл учраас тэгш хүртээмжтэй болгох ёстой” гэлээ.

УЛСЫН ЭМНЭЛГҮҮДИЙН АЧААЛЛЫГ ДАГААД ЦААНА НЬ АВЛИГЫН ЭРСДЭЛ ҮҮСЧ БАЙДАГ

Хуульч Т.Дарьсүрэнгээс авлигын эрсдэлийн судалгааны талаар тодрууллаа. 

Улсын эмнэлгүүдэд авлигын судалгаа хийжээ. Энэ судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?

-Улсын гуравдугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар, Нэгдүгээр төв эмнэлэгт “Онч шийдэл” төрийн бус байгууллагаас авлигын эрсдэлийг тооцоолох судалгааны ажлыг хийсэн. Манай судалгааны багууд хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн. Миний хувьд Улсын гуравдугаар төв эмнэлгийн судалгааны багийг ахалж ажилласан. Энэ судалгааны ажлыг дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Иргэдийн дунд эмнэлгийн байгууллага гэхээр хүндрэл эрсдэлтэй гэж хардаг байдал ажиглагдсан. Бид дээрх судалгааг АТГ-аас баталсан аргачлалын хүрээнд хийсэн. Улсын гуравдугаар төв эмнэлгийн тухайд авлигын эрсдэл өндөртэй байсан зүйл харагдаагүй. Харин дунд түвшинд эрсдэл байж болзошгүй гэж тодорхойлсон.

-Тухайлбал?

-Мэдээллийн ил тод байдал гуравдугаар төв эмнэлгийн хувьд хангалтгүй байсан. Жишээлбэл, Шилэн дансны тухай хууль, мэдээллийн ил тод байх хуулийн дагуу мэдээлэл ил тод байх ёстой. Ямар мэдээллийг ил тод байлгах вэ гэдэг нь хуулиар хуульчлагдсан. Тэгэхээр санхүү, аудитын тайлан, худалдан авах байдалтай холбоотой мэдээллүүд энэ байгууллагад дутмаг байсан.

Нөгөөтэйгүүр, төлбөртэй орны асуудал бий. Тус эмнэлгийн даргын тушаалаар нийт орны 10 хувийг төлбөртэй ор байх тушаал баталсан. Гэтэл 2018 онд энэ орноос арай илүү тоогоор өвчтөн хэвтүүлсэн байх жишээний. Бидний судалгааны гол зорилго нь тухайн байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа ямар нэгэн хүчин зүйлсийг тодорхойлох, авлигын эрсдэлийг бууруулах, үүнээс урьдчилан сэргийлэх, цаашлаад ямар зөвлөмж хүргүүлэх вэ гэсэн хүрээнд судалгааны ажлыг хийсэн.

-Иргэд эмнэлгийн байгууллагыг танил талаараа үйлчилдэг, хамгийн их авлигад идэгдсэн газар гэж тодорхойлдог. Гуравдугаар эмнэлгийн хувьд нийтлэг ямар зөрчил илрэв?

-Тус эмнэлэг 454 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг. Нэн ялангуяа бид эрсдэлтэй байж болох мэс заслын тасгуудад судалгаа явуулсан. Ерөнхий мэс засал, зүрх судасны мэс засал, тархины мэс засал гэх мэтчилэн хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн дунд судалгаа явуулахад сонирхолтой үр дүн гарсан. Юу вэ гэхээр тухайн өвчтөн эмнэлэгт хандахынхаа өмнө төсөөллийн дүгнэлттэй байдаг юм болов уу гэж харагдсан. Түүнийгээ ч иргэд илэрхийлж байна лээ. Ингэхдээ эмчилгээ тусламж үйлчилгээнд нь баярламаар байна гэсэн байр суурийг илэрхийлсэн хүн олон байсан.

Үүнээс эмнэлгийн байгууллагад авлигын эрсдэл үүсэхэд иргэд бид тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэсэн хандлага ажиглагдсан. Тиймээс цаашид бид зөвлөмж гаргаж, тухайн байгууллагад хүргүүлэх бодолтой байна.

АТГ-ААС ЭМНЭЛГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраас судалгааны талаар тодрууллаа. 

-Авлигын эрсдэлийн үнэлгээг судалснаар ямар ач холбогдолтой юм бол?

Эрсдэлийн үнэлгээ гэдэг нь тухайн байгууллагын авлигын эрсдэлийг “оношилж” байгаа байхгүй юу. Эмнэлгүүд тухайн өвчтөнөөс хамгийн эхлээд шинжилгээ авч байж дараа нь оношоо тогтоосны дараа түүнд тохирох эмчилгээ хийдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл авлигын эрсдэлийн судалгаа яг л үүнтэй төстэй юм.

-Дээрх эмнэлгүүдэд хийгдсэн судалгаагаар авлигатай холбоотой нийтлэг зөрчил ажиглагдсан уу?

-Эрх зүйн акт боловсруулахдаа хуулийн дагуу байж чадаагүй асуудал мэр сэр бий. Мөн эмнэлгийн байгууллагын худалдан авах ажиллагаатай зүйл ажиглагдсан. Эрүүл мэндийн байгууллага их өндөр үнэтэй худалдан авалт хийдэг учраас үүнийг дагаад худалдан авалт хийхдээ хариуцлагатай хандах ёстой. Худалдан авахтай холбоотой асуудалд хөндлөнгийн хяналтууд байх ёстой. Гэтэл тэр бүр санасныг хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс бид тухайн байгууллагын авлигын эрсдэлийг судалж цаашид эдгээрээс гарсан зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж