Д.Арвин: Эрчүүд балиар зангаа тат

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Д.Арвин: Эрчүүд балиар зангаа тат

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан нь гишүүдийн дунд дажинг үүсгэлээ.


Бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ажлын тав хоногийн завсарлага авч байгаа үндэслэлээ “Айлын таван хүүхдийг гэртээ авчраад харна гэдэг аюулгүй байдал талаасаа боломжгүй гэж үзэж байгаа. Нөгөө талдаа төсөл батлагдсанаар 60 гаруй тэрбум төгрөгийн зардал шаардана. Түүнийг Сангийн яам төсөвт суулгах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас завсарлага авах шаардлагатай байна” гэсэн юм.

Завсарлага авсныг УИХ-ын гишүүн Д.Арвин эсэргүүцэж, үг хэлэх боломж олгохыг байнгын хорооны даргаас хүсэхэд Д.Батцогт дарга “Дэгээ барина. Ардын намын бүлэг завсарлагаа авсан. Дараагийн асуудлыг хэлэлцэх ёстой” гэсэнд Д.Арвин гишүүн картаа сугалж аван шидэлж ихэд бухимдав. Тэрбээр,

-“Ардын намынханд завсарлага өгч болдог, надад үг хэлэх эрх байхгүй юу. Битгий Ардын намынханд долигноод бай. Тэгж яривал тэмцэлдэнэ, Байнгын хорооны хуралд суухгүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг ард түмэн захиалж, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн. Мөнгөтэй байх үед Ардын намынхан нэг ч ширхэг сургууль, цэцэрлэг бариагүй байж, мөнгөгүй үед ард түмэнд хайр зарладаг болж. Мөнгөгүй үедээ сургууль, цэцэрлэг барих гэж ядаж байна. Сангийн яам ямар хамаатай юм. Хүүхэд харахаа хэнээр заалгах гээд байгаа юм. Баар, ресторан өчнөөн байна. Баянзүрх дүүрэгт энэ хуулийг хүлээгээд 30-аад хүүхдийг харах үйлчилгээ бий болгох гээд байж байна. Та бүхний эсрэг улстөр хийнэ. Хэвлэлийн бага хурал хийнэ. Хууль хүлээж байгаа иргэдэд юу гэж хэлэх юм. Эрчүүд энэ балиар зангаа тат. Хүүхдүүд гудманд хэвтэж байна, хүүхдээ харах бололцоог нь олгоодох гэж гуйж байхад завсарлага авах ямар хэрэгтэй юм” гэж бухимдлаа илэрхийлсэн юм.

Улмаар завсарлагыг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ нар хуралдааныг хаяж гарсан бөгөөд араас нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн хуралдааны танхимаас гарснаар байнгын хороо цааш хуралдах боломжгүй болж, ирцгүй болсон юм.

Байнгын хорооны дарга Д.Батцогт МАН-ын гишүүдэд хандан “Та бүхэн чуулганы хуралдаанаас завсарлага авахгүй, дараагийн асуудлыг хэлэлцэх боломжгүй болж байна” гэж бухимдсан бол Ардын намын бүлгийн гишүүд “Ардчилсан намын гишүүд ирцээ бүрдүүлээч ээ” гэсэн шаардлага тавьж байлаа.


Завсарлагыг цуцлахгүй бол эмэгтэй гишүүд чуулганд суухгүй гэв

Ингээд УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсныг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй завсарлагаар дөнгөлөөд байвал хаврын чуулганаар багтаан баталж чадахгүй болно. Ирэх есдүгээр сард хичээл эхлэхэд дахиад цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үүснэ. Тийм учраас хаврын чуулганаар багтаан батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-"Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл нь маш их эсэргүүцэлтэй тулж, энэ хугацаанд 10 гаруй хүүхдийн амь нас эрсэдсэн. Хүний амь эрсэднэ гэдэг зүрх эмтрэм асуудал. Харах хүнгүйгээс гэртээ цоожлогдож үлддэг. Бодит байдал ийм байхад олон хүүхдийг хохироох гэж байгаа юм шиг хэлэлцүүлгийг сунжруулаад, завсарлага авах нь буруу учраас эмэгтэй гишүүд завсарлагыг эсэргүүцэж байна”.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-"Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд 1750 сургууль, цэцэрлэг хэрэгтэй байгаа. Таван жилийн хугацаанд энэ хэмжээний сургууль, цэцэрлэг барих боломжгүй учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэн даруй батлах ёстой. Завсарлага авна гэдэг хуулийн төслийг хаврын чуулганаар баталж амжихгүй гэсэн үг. Намар есөн сард хичээл эхлэхэд дахиад л цэцэрлэгийн асуудал үүснэ.  УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь хүүхдүүд асуудалгүй байлаа гээд бусад хүмүүсийн хүүхдийн асуудлыг хойш тавьж болохгүй. Аргаа бараад бид лобби бүлэг байгуулсан. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцохгүй".

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-"Саяхан Говьсүмбэр аймагт ажиллахад 30 нас хүрээгүй эмэгтэй дөрвөн хүүхэдтэй, хамаатнуудынхаа  дөрвөн хүүхэд нийлсэн найман хүүхэд харж байна лээ. Бодит амьдрал дээр ийм л байгаа,  үүнийг шийдчихье гээд эмэгтэй гишүүд явж байгаа. Үүнийг улстөржүүлэх шаардлагагүй, гацаах шаардлага байхгүй".

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-"Амьдрал мэдэхгүй, хөрөнгө мөнгөнд сонирхолтой хүмүүс УИХ-д сонгогдсоноос эх, хүүхдүүд, нийгмийн асуудалд маш  олон жил хориг саад тавьж байгааг эсэргүүцэх цаг болсон. Д.Хаянхярваа нарын гишүүд маш муухай асуудал тавьж байна, мөнгө байхгүй гэж… Өчнөөн юм хийх мөнгө нь байсаар байтал 60 тэрбум төгрөгийг хасч байна гэдэг Монголын ард түмний эсрэг том асуудал тавьж байна гэж үзэж байна. Тийм учраас бид энэ асуудлаар УИХ-ын даргад хандаж, хууль есөн сард хэрэгжих ёстой гэсэн шаардлага тавина.  Ер нь бол балмад хэдэн амьдрал мэдэхгүй эрэгтэй гишүүдээс болж завсарлага авч байна. Бүлгүүд энэ асуудалд анхаарахгүй бол эмэгтэй гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй".

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж