Хурдны зам барихад 10-12 тэрбум ам.доллар шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Хурдны зам барихад 10-12 тэрбум ам.доллар шаардлагатай

Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах” тухай бүтээн байгуулалтын ажлыг тусгасан.

Өнөөдрийн байдлаар Алтанбулаг- Хөшгийн хөндий хүртэл 400 гаруй км газарт зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил дуусах шатандаа оржээ.

Хурдны замын эхний ээлжийн хэсэг болох Алтанбулаг – Улаанбаатар чиглэлд замын зургийг ойрын хугацаанд дуусган экспертизээр батлуулж, энэ зундаа зам барилгын ажлын тендерийг зарлах гэнэ.

Ингэснээр энэ том бүтээн байгуулалтын ажилд гадаад, дотоодын зам барилгын компаниуд орж, хэдэн мянган ажлын байр бий болох боломж бүрдэнэ гэж үзэж буй. Хоёр урсгал, зургаан эгнээтэй 1000 км үргэлжлэх хурдны зам барихад нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдах урьдчилсан тооцоо гарсан байна. Энэ хөрөнгийг “Чингис Лэнд Девелопмент Групп” дотоод, гадаадын томоохон компаниудтай хамтран босгож эхэлсэн байна. “Чингис сивил инженеринг” компани Монгол инженерүүдийн тусламжтайгаар замын зургийн ажлыг гүйцэтгэж байгаа аж. Хурдны замын төсөлд бүтээн байгуулалтын ажлаараа дэлхийд 9-д жагсдаг туршлага бүхий СССС гэх компани зөвлөхөөр ажиллаж эхэлжээ.

С.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж