Орчин цагийн хараат бус, бие даасан Төв банкны тогтолцоо төлөвшихөөсөө өмнө дэлхийн Төв банкууд Засгийн газрынхаа агентлагийн үүргийг гүйцэтгэж, хэмжээ, хязгааргүй мөнгө хэвлэж байжээ. Харин 1980-аад оноос хойш Төв банк Засгийн газраас тусдаа институци хэлбэрээр ажиллах шаардлагатай болсон. Засгийн газрын мөнгө хэвлэх хязгааргүй хүслээ Төв банкаар дамжуулан хэрэгжүүлснээр эдийн засагт маш том гажуудлыг буй болгож, ард түмний амьдралыг тэтгэх бус эсрэгээрээ доройтуулж байгааг дэлхий нийт анзаарснаар Төв банкны бие даасан, хараат бус байдлыг хуульчлах нь зүйтэй гэдгийг ойлгосон хэрэг.
Тэгэхээр Төв банкны бие даасан байдал харьцангуй шинэ ойлголт гэж болно. Тийм ч учраас магадгүй өнөөдрийг хүртэл улстөрчдийн бодлын мухарт төв банк гэдэг “мөнгөний машин”-ыг өөрийн болгох гэсэн далд хүсэл оршсоор байдаг болов уу. Гагцхүү Төв банкууд улстөрчдийн энэ хүсэлд зоригтойгоор “Үгүй” гэж хэлж чаддаг байх ёстой байдаг. Өөрсдийнх нь хүсэлд нийцэж ажиллаагүйн төлөө улстөрчдөөс ямар ч дайралт, шүүмжлэл, дарамт шахалт ирж болно. Тэр бүхнийг үл анзааран төв банк өөрийн жанжин шугамаа барьж, эдийн засгийн тогтвортой, тууштай өсөлтийг хангаж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ тогтвортой байдлыг хадгалж ажиллах нь чухал.
Төв банк улстөрчдийн халаасанд ороод, популист бодлогыг нь хэрэгжүүлэх "мөнгөний машин” болоод эхлэхээр улс орон хэрхэн сүйрч болдгийг Вэнэсуэлийн жишээ бидэнд харуулдаг. Мөн үүнээс өмнө 1990-ээд оны үеийн Латин-Америкийн орнуудад Засгийн газрууд нь Төв банкаа “халаасалснаар” үндэсний мөнгөн тэмдэгтээ цаас болгож, ард иргэд нь ядуурал, өлсгөлөнд автсан түүх ч саяхных юм. Зимбабве улсыг ч бас санах хэрэгтэй. Тус улсын Засгийн газар Төв банкаа дарамтлан илүүдэл мөнгө хэвлүүлснээр инфляци нь 2007 онд 24411 хувьтай байсан инфляци жилийн дотор аманд багтахгүй тоо буюу 89.7*1021 хувьд хүрсэн байдаг.
Өмнөх түүх бидэнд ийнхүү сургамж үлдээсэн байхад Монгол Улс харамсалтай нь сургамж авч чадсангүй. Сонгуулиас сонгуулийн хооронд Төв банкныхаа удирдлагыг сольж, төрийн мөнгөний бодлогоор “тоглодог” улстөрчдийн шунаг хүсэл бат бөх оршин тогтносоор байгаа нь харамсалтай. Үүнийг баталж, 2020 оны сонгууль дөхөхтэй зэрэгцэн МАН-ынхан одоогийн төв банкны Ерөнхийлөгчийг халах, солих талаар дотроо талцал, хэрүүлж болж буй сурагтай байна.
Шалтгаан нь Төв банкны Ерөнхийлөгч нь эдийн засаг өсчихөөд байхад бодлогын хүүгээ чангаруулаад, мөнгөний урсгалыг хаагаад байна гэх маягтай. УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлд Монголбанкинд зочлохдоо бодлогын хүүгээ бууруул хэмээн Төв банкны удирдлагуудад ил цагаанаар байр сууриа илэрхийлсэн нь эрх баригч намд мөнгө хэвлэх хүсэл, шунал хэр их байгааг илгэж буй гэлтэй.
Нөгөөтэйгүүр Төв банкны тухай хуулиар Төв банкны бие даасан, хараат бус байдлыг тийм ч сайн хангаж өгч чадаагүй байгаа нь өнөөг хүртэл Төв банкны удирдлагууд улстөрчдийн “олз” болох шалтгаан болоод байна. Наад зах нь Төв банкны үндсэн зорилтыг тодорхой болгож өгөөгүй. “Үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдлыг хангах” хэмээн тодорхойлсныг дурын улстөрч Төв банк ханш барих ёстой мэтээр тайлбарлаж, шүүмжилдэг. Төв банкны ажлыг ханшийг хэр тогтвортой барьснаар дүгнэх боломжийг олгочихоод байна. 2018 оны эхээр Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгохоор оруулсан ч УИХ дэмжээгүй. Дэмжээгүй ч гэж дээ, дэмжихийг хүсээгүй. Мөн ойлгохыг хүсээгүй гэж хэлж болно.
Дээр нь Төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх үндэслэл дотор “Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн бол” гэх тодорхой бус заалт одоо ч хэвээр байсаар байна. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг сонгуульд ялсан намын дарга нь л шийднэ гэсэн үг. Төв банкны Ерөнхийлөгч ямар ч тохиолдолд бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилладаг байх ёстой. Тэгж байж, улс орны эдийн засгийн дархлаа сайжирна, сонгуульд ялсан намууд дур зоргоор авирлаж, эдийн засгийг самардаг байдал багасна.
Уг нь хуулиараа улс төрийн мөчлөгөөс зөрүүлж зургаан жил байхаар тусгаж өгсөн, Төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг. Гэвч ардчилал, зах зээлийн нийгэмд бүрэн шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойших 27 жилийн хугацаанд ердөө нэг хүн л бүрэн эрхийн хугацаагаа дуустал Төв банкийг удирдсан. Бусад нь дунджаар 3 жил орчим төрийн мөнгөний бодлогын жолоог атгажээ.
Төв банкны Ерөнхийлөгч тогтвортой ажиллана гэдэг нь нэг хүнийг хамгаалах гээд, эсвэл албан тушаалтай байлгах гэсэн асуудал огт биш. Ерөөс олон улсын ч тэр, дотоодын ч тэр судалгаагаар төв банкны хараат бус байдлыг хэмжих гол үзүүлэлт нь удирдлагуудын бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаж чадсан эсэх асуудал болдог. Манай улсын хувьд Төв банкны Ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаж чаддаггүй. Үүнийг дагаад Төв банкны хараат бус байдлын индекс 100 оноотой байхаас дөнгөж 40-50 хувьтай байгааг эдийн засагч судлаач Д.Түвшинжаргалын судалгаанд онцолжээ.
Хамгийн гол нь Төв банкаар дур зоргоор оролдсоны цаана Монголын ард түмэн, Монголын эдийн засаг л асар их төлөөсийг валютын ханш, инфляцаар дамжуулж, халааснаасаа төлдөг шүү дээ.
Холбоотой мэдээ