“Оюутан цэрэг”-үүд албандаа мордлоо

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг”-үүд албандаа мордлоо

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлж үргэлжиллэж байгаа бөгөөд 06 дугаар сарын 15-нд 1000 гаруй “Оюутан цэрэг”-үүд Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах “Шинэ цэргийн сургалтын төв”-руу "Цэргийн мэргэжлийн бэлтгэл"-д хамрагдахаар хөдөллөө. 

Энэ удаагийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулиас 1134 оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр 8 бүлгээр хичээллэсэн юм. БХИС-ийн 23 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 10.00-15.00 цагийн хооронд оюутан цэргүүдэд “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөрийн дагуу заасан бөгөөд цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж энэ сарын 1-нд хичээлсэн. Тодруулбал, 05 дугаар сарын 30-нд онолын сургалтын шалгалт аваад тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан "Цэргийн мэргэжлийн бэлтгэл"-д хамрагдаж байгаа юм. 

Цэргийн мэргэжлийн бэлтгэлийн хичээл зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилэх бөгөөд энд цэргийн албанд дасах болон цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдахаар “Шинэ цэргийн сургалтын төв”-ийг 1000 гаруй оюутан зорьж байна. Анх 1165 оюутан хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэнээс  эмчийн үзлэгт тэнцээгүй, танхимын хичээлээ тасалсан зэрэг шалтгаанаар зарим оюутан хасагдсан юм. 

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, их сургуулийнхаа хажуугаар цэргийн алба хаах хүсэлтэй залуус нэмэгдсэн ба оюутнуудын хувьд сургуулиасаа чөлөө авч цаг алдахгүй гэдэг үүднээс сонирхлоороо явах нь ихссэн байлаа.  

Одоогоор хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудад ямар нэг квот тогтоогүй. Өнөөдөр цэргийн албанд мордож буй залуус цэвэр сайн дураараа явж байгаа гэдгийг хөтөлбөрийнхөн онцолж байв.

Энэ хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэж байсан юм. 

Зэвсэгт хүчний жанжин штаб

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж