Үндсэн хуулийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томиллоо
УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, Ө.Энхтүвшин ахлагчаар, Үндсэн хуулийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилсныг чуулганы хуралдаан дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Ажлын хэсгийн гишүүдэд Ж.Батзандан, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Г.Солтан нарын гишүүд багтжээ.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс Д.Тогтохсүрэнг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг нэмэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй.
Үүгээр чуулганы хуралдааныг хаалаа. Маргаашнаас УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгөх тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд анхааруулав.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 98.4 хувиар хэлэлцэхийг дэмжлээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дууслаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийг ганцаараа дэмжээгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүндэтгэх шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг илээр явуулах буюу гишүүд гараа өргөж саналаа өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа гишүүд гараа өргөж саналаа өгсөн юм.
М.Энхболд: Төсвийг Засгийн газрын мэдэлд өгөх нь зохистой биш
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж дууссаны дараа хуулийн төслийн талаар Үндсэн хуулийн цэц, Засгийн газраас ирүүлсэн санал тус бүрийг уншиж танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн саналд “Үндсэн хуулийн 64.1-т Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа мөн гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн цэц эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхгүй болно.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын агуулгад бүрэн нийцсэн байвал зохионо” гэсэн дүгнэлтийг УИХ-д ирүүлснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уншиж танилцууллаа.
Харин Засгийн газраас ирүүлсэн саналыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Гишүүдийн санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар наймдугаар сарын 29-ны хуралдаанаараа хэлэлцэж зарчмын хувьд дэмжсэн. ЗГХЭГ-аас Засгийн газраас гарсан саналын талаар УИХ-ын гишүүдэд танилцуулга ирүүлсэн.
Хэд хэдэн асуудлаар Засгийн газар санал, байр сууриа илэрхийлснийг ажлын хэсэг хүлээн авч хуулийн төсөлд тусган эцсийн хувилбарыг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Засгийн газрын дэмжээгүй санал нь намын үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэц хянахаар байсныг хасах санал өгснийг ажлын хэсэг хүлээж авсан. Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн институт байхаар тусгасныг Засгийн газар дэмжээгүй. Үүнийг ажлын хэсэг мөн хүлээж авсан. УИХ-ын гишүүн нь чуулганы болон байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож итгэл үнэмшлээрээ санал өгнө гэсэн заалт байсныг Засгийн газар шаардлагагүй гэж үзсэнийг мөн хүлээж авсан. Эдгээр Засгийн газрын саналыг хууль санаачлагч гишүүд хүлээж авсан” гэлээ.
Үргэлжлүүлэн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. 1992 онд шинэ дээд Үндсэн хуулиа баталснаас хойг 27 жил болсон. Энэ бол багагүй урт хугацаа. Тухайн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. 1992 онд шинэ дээд Үндсэн хуулийг батлах үед олон улсын нөхцөл байдал ч өөр байсан. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан сууриа хуулиа тодорхой хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа.
Монголын ард түмэн биднээс хоёр зүйлийг шаардаж байна. Нэг дэх нь нийгэмд ус, агаар мэт хэрэгтэй зүйл бол яахын арга шударга ёс. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд шударга ёсыг тогтоох чиглэлээр хэд хэдэн чухал заалтууд орсон. Тухайлбал, байгалийн баялгийг ашиглахдаа ард иргэддээ тэгш, шударга байдлаар хуваарилах зэрэг өөрчлөлтүүд тусгасан. Хуулийн үг, үсэг бүхэн маш том зүйлийг тодорхойлдог. 1992 оны Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг оруулсан. Энэ заалт орсоор мал сүргээс гадна малчид маань төрийн хамгаалалтад орсон. Хоёр дахь нь, нийгмийн хүсэмжлэл бол хариуцлагын асуудал. Хариуцлагыг бий болгох чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлд тусгагдсан гэж ойлгож байгаа. Хариуцлагыг УИХ-аас эхлэх зарчмыг тусгасан.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Иргэдийн орлогын ялгааг арилгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Үндсэн хуульд тогтвортой байдлыг эрхэмлэсэн заалт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Сүүлийн 27 жил бодлого тогтворгүй, засгийн газар, төрийн албаны бүтэц тогтвортой байж чаддаггүй, сонгуулийн тогтолцоо нь тогтвортой байж чадахгүй байсаар ирлээ. Тиймээс л бодлого, ядаж л сонгуулийн тогтолцоо тогтвортой байх хэрэгтэй. Эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Монгол цаашдаа нутгийн өөрөө удирдах ёстой байх уу. Үүнийг тодорхой байлгамаар байна.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үеэр ядаж ордон дотроо ойлголцлыг бий болгох ёстой шүү гэдэг саналыг би гаргасан. Энэ хугацаанд УИХ-ын дарга АН-тай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх дэгийн тухай асуудлаар, Ерөнхийлөгчид санал өгөх тухай асуудлаар ярилцаж ойлголцох алхам хийсэн нь сайн хэрэг.
Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. 2008-2019 онуудад ажилласан гурван парламентын хугацаанд долоон удаа ажлын хэсэг байгуулагдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж ярьж байсан.
Янз бүрийн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлогдсон. Өнөөдөр уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг яриад олон нийтийнхээ санал бодлыг авч дараа дараагийн хэлэлцүүлгийн шатанд тусгаж боломж бүрдэж байна. Нөгөө талаас 27 жилийн хугацаанд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд нэлээд өөрчлөлт орсон. Тийм учраас үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага бий болж байгаа. Түүнээс биш хугацаа нь чухал биш.
Цаг үеийн өөрчлөлтэйгөөр холбон тайлбарлах нь зөв. Гуравдугаарт, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмнээсээ асууж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж амласан. Үүнийг ч иргэд, олон нийт дэмжсэн. Энэ утгаараа ард түмэн энэ парламентад өгсөн даалгавар нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Бид парламентын засаглалыг боловсонгүй болгох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаж байгаа. Түүнээс биш шинэ засаглалын тухай асуудал яригдаагүй. Хэрэв шинэ засаглалын тухай ярих бол шинэ Үндсэн хуулийн тухай асуудал яригдана. Тиймээс парламентын засаглалаа сайжруулах, боловсонгүй болгох чиглэлээр хийгдэж байгаа өөрчлөлт гэж хараад нэгдмэл нэг ойлголттойгоор хуулийн төслийг дэмжээд явах нь зөв.
УИХ-ын хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрх бол улсын төсвийг батлах асуудал. Ард түмний сонголтоор бүрдэж хариуцлага хүлээсэн байгууллагын хувьд улс орны нийгэм, хөгжлийн асуудлыг хэрхэн, яаж залж явах уу гэдэг нь төсвөөс хамаардаг. Төсвийн эрхийг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газарт өгч байгааг эргэж харах хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн бодлого нэгдмэл байх атал хуулийн өөрчлөлтөөр орон нутгийн удирдлагыг сонгох, томилох нь түвшин төвшиндөө өөр болж байна. Энэ нь хэр нийцтэй вэ гэдгийг дараа дараагийн хэлэлцүүлгийн үеэр анхаарах хэрэгтэй. Мөн орон нутагт нь татварын эрхийг өгсөн байна. Татварыг зөвхөн хуулиар тогтооно гэсэн зарчим алдагдаж байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмнээс асуух ёстой. Энэ бол ард түмний хууль. 27 жилийн хугацаанд хүмүүсийн сэтгэхүй, ахуй, амьдрал өөрчлөгдсөн. Өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Өнөөдөр амьдрал шударга ёсыг хүсч байгаа.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Энэ төслөөр цомхон хүрээнд цөөхөн өөрчлөлт орж байгаа. Бид иргэддээ зөв бодитоор тайлбарлах ёстой. Монгол Улс гэж юу вэ, Монголын ирээдүй ямар байх вэ зэрэг томоохон асуудлаа хөндөхгүй байна.
“Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр сууринд нь гэмтэл үүсгэсэн”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл/ Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Тус хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм.
Тиймээс үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл ард нийтийн санал асуулгаар орж, ард түмнээсээ асууж байж эцсийн шийдвэрээ гаргана гэж тооцож, ШИНЭ намын гишүүд болох Л.Болд бид хоёр хэлэлцүүлэгт оролцоод сууж байна. Өөрсдийгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа Ардчилсан намын нөхөд картаа сугалаад алга болсон. Гэхдээ Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна лээ. Нийгмийн үзэл бодлыг нэгтгэх чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн долоо хоногт чуулганыг яаралтай завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөнө гээд УИХ-ын дарга та орсон. Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байдалд хүрсэн үү.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл 10 жил, гурван парламент дамжиж эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор бүтсэн хуулийн төсөл. Улстөрийн намууд, төрийн бус байгууллагууд эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, гурван парламентын бүтээл. Өнөөдөр өргөн бариад л хэлэлцэж байгаа болохоос биш олон хүний хөдөлмөр шингэсэн хуулийн төсөл. “Би хийгээгүй юм чинь чи болохгүй” гэсэн зарчмаар хандаж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал солилцсон. Агуулга, санал нэг байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэж ойлгож болно. Ардчилсан намын гишүүдийн хувьд улс төрийн тодорхой шалтгаанууд байдаг байх. Гэхдээ өөрсдөө өргөн барьж, дэмжиж явсан хуулийн төслөөс хойшоо ухраад суучхаагүй гэж бодож байна. Ардчилсан намынхан давхар дээлийг тайлъя гэж өчнөөн жил ярьсан. Одоо үүнээсээ ухарчхаагүй гэж бодож байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг засъя гэж зөндөө ярьсан. Мөн үүнээсээ зугтчихаагүй гэж бодож байна. Байгалийн баялгаа тэгш хүртээмжтэй болгох тогтолцоо руу оръё гэж АН-ынхан мөн зөндөө л ярьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол үндэсний зөвшилцлөөр бий болсон төсөл. Тодорхой улс төрийн шалтгаанаа зөвшилцлийн арга механизмаар шийдвэрлээд парламентад суудалтай улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сүүлийн 28 жилд төрийн тогтолцоонд бий болсон гажуудал мөн төрд итгэх иргэдийн итгэл буурсан энэ байдлыг яаж засаж сайжруулах вэ. Аль заалтаар засах эсэхийг би олж харахгүй байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд төрийн бүх салбар уналтад орсон. Яамдууд нь хүртэл уналтад орж өнөөдөр хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, 20 хүүхэд сурах ангид 50-60 уулаа сурч байна. Эрүүл мэндийн салбар мөн л 28 жилд унасан. Унасан салбаруудаа босгож, мөн төрийн албан хаагчдыг яаж хариуцлагажуулах юм бэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Бүх талын санал бодлыг хуулийн төсөлд тусгасан. Үндсэндээ дөрвөн агуулгын хүрээнд гол өөрчлөлтүүд хийгдэнэ. Төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай байх үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулж, 300 гаруй сайд төрүүлсэн. Тийм болохоор гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс оруулж байна. УИХ-ын хэт их эрх мэдэлтэй байхыг багасгах зохицуулалт оруулж ирж байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар хөндөж болохгүй гэсэн заалт байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ тухай заасан. Тиймээс ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлыг бодолцож энэ заалтуудыг хөндөөгүй.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Хуулийн төслийг дэмжиж байна. О.Мөнхсайхан багшаас асуулт асууя. Хуулийн төсөлд төр үндэсний, эдийн засгийн аюулгүй байдлын аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийг хөгжүүлэхэд хангах зорилгод нийцүүлэхэд зохицуулна гэсэн заалт байна. Энэ үзэл баримтлалын хүрээнд иргэд бизнес эрхлэх сонирхол нь буурах, төрийн хяналт шалгалт оролцоо нэмэгдсээр ирсэн. Бизнес эрхлэхийн тулд ажил олгогч байхын тулд төрийн аль нэг байгууллагад танил талтай байж ажил урагшилдаг болсон. Үндсэн хуульд тусгагдсан эдийн засагтай холбоотой заалтад өөрчлөлт оруулахыг хэрэгтэй гэж үзэж байна. Ард түмэн сайн сайхан амьдахын тулд хөдөлмөр эрхэлдэг. Төрийн албанд орж ажиллах шаардлагагүй. Энэ заалтаар хэт төрийн албанд давуу байдал олгож байгаа гэж үзэж байна. Төр бизнест оролцдоггүй байх тогтолцоог бий болгохын тулд ямар үг, өгүүлбэр нэмэх шаардлагатай вэ. Хоёрдугаарт төрийн албан хаагчид алдаа дутагдал гаргавал зөвхөн ажлаас халагдах юм шиг байна. Шинэ төрийн албаны хуулиар өргөдлөө өгөөч гэж гуйхаас өөр замгүй юм байна. Холимог тогтолцоо хамгийн супер тогтолцоо гэж байсан. Яагаад энэ тогтолцоо хамгийн тохиромжтой нь гэж вэ. Чуулган 75 хоног хуралдах ёстой гэж байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын ажлаа хийх боломжийг хааж байгаа юм бишүү.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлана гэж заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг хөндвөл шинэ Үндсэн хууль ярих ёстой гэж заасан юм билээ. Тиймээс энэ асуудлыг хөндөөгүй. Хувийн хэвшил болон төрийн алба хаагчдын эрх тэгш байх ёстой. Яавал төрийн алба хаагчдын эрхийг нэмэгдүүлэх вэ гэж өөрчлөлт оруулсаар байгаад төрийн алба хувийн хэвшлийнхнээс давуу эрхтэй болчихсон. Үүнийг анхаарч байгаа. Төрийн албаны тухай хуулиар хариуцлагын асуудал маш тодорхой заасан байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг хөндөхгүйгээр энэ асуудлыг зохицуулах хууль хангалттай байна. Чуулганы хуралдаан хэт олон хоног хуралдаж байна гэлээ. Энэ нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зорилготой. Чуулганы хуралдааны ирцийн асуудлыг ч тусгасан.
Ажлын хэсэг:
-Аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлнэ эдийн засгийг зохицуулна гэж заасан байгаа.Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал л манайд байгаа юм. Хэрэгжүүлэх холбоотойгоор өмчлөх эрхэд халдаж байгаа аж ахуй нэгжийн эрхэд халдаж байгаа явдалд илүү хамгаалалт бий болно. Төрийн аудитыг хараат бус болгох эдийн засгийн болон бусад томоохон асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах зэрэг зохицуулалтууд бий болгосноор төрийн дур зорго, хууль бус үйл ажиллагаа хумигдах байдал руу орно. Үндсэн хууль гэдэг суурь зарчмыг тогтоодог. Эдийн засагт төр яаж өрсөлдөх вэ гэдгийг бодлогоор шийдвэрлэх боломжтой. Хуулийн төсөлд зарчмын асуудлууд сайн тусгагдсан. Харин цааш хэрэгжүүлэх тал дээр нарийн механизмууд бий болно байх. Хуулийн төсөлд улсын төсөвт засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардал нэмэх асуудлыг хориглосон нь татвар төлөгчдийн мөнгийг үргүй, тооцоололгүй зарцуулах явдлаас сэргийлнэ. Сахилгатай, хариуцлагатай төсөв батлагдана гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Ажлын хэсгийнхэн хийж байгаа зүйлээ хамгаалах гэсэн үүднээс асуултад хариулж байна.Миний хэлсэн саналыг хүлээж авч хуулиа сайжруулъя гэдэг талаас нь асуудалд хандах ёстой.Би явцын хүрээнд асуудалд хандаагүй. Иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг хааж боогдуулж байгаа нь шат шатанд бий. Ингэснээр Монгол Улс хөгжихгүй. Бизнесийн орчныг сайжруулъя гэсэн заалт нэмж оруулах хэрэгтэй байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Ажлын хэсэг асуудалд тал бүрээс нь хандаж байж оруулж ирсэн заалтууд. Таны хэлж байгаа саналыг хэлэлцүүлгийн шатанд тусгах боломж нь нээлттэй. Тодорхой саналуудаа хэлэх нь зөв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ажлын хэсэгт Үндсэн хуулийн батлалцсан АИХ-ын депутатууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид багтсанд талархаж байна. Та бүхэн анх Үндсэн хуулийг батлахдаа улс орон өнөөдөр ийм болчихно гэж төсөөлөөгүй байх аа. Би бол энэ улс төрийн намуудын алдаа завхралтай холбоотой гэж бодож байна. Нийгэмд баян, ядуугийн зааг хоёр тийшээ явчихлаа. Ард иргэдэд урам зориг алга байна. Үндсэн хуулийн суурь зарчим ганхсан байна. Хэрэгжүүлдэг сэн бол өнөөдөр Монгол Улсад 600 гаруй хууль байна.
АИХ-ын депутат Ц.Товуусүрэн:
-Үндсэн хуулийг анх баталж байх явцад сайн сайхныг бодож байснаас улс оронд ийм байдалд орно гэж бодоогүй. Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлт нь манай том байшингийн сууринд гэмтэл үүссэн. Түүнээс хойш өөрчлөлт оруулах талаар 20 жил ярилаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмэн дэмжинэ гэж итгэж байна.
Хуульч Б.Гүнбилэг:
-Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Уул уурхайн асуудал нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт Үндсэн хуулиас болоогүй. Анх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо ард түмнийг дугаарлуулж, хэн том биетэй нь лиценз авсан. Энэ нь бол ердийн хуулийн алдаа.
УИХ–ын гишүүн Ц.Гарамжав:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн эрх үүргүүдийг байгалийн баялгийг тэгш хуваарилах зарчмыг зургаадугаар зүйлд хэсэгхэн тусгасан байна. Өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудал бол өмчийн харилцааны ялгамжтай байдал.Иргэдийн нэг хэсэг нь өмчтэй, нөгөө хэсэг нь ядуурлын байдалд хүрсэн. Монгол Улсын хэмжээнд 30-аад хувь нь ядуу байна. Ядуурлын шалтгаан нь ажилгүйдэл. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажил хөдөлмөр эрхлэх боломжийг яаж дэмжиж өгөх вэ. Ажлын байр бий болгож буй аж ахуй нэгжүүдээ яаж дэмжих вэ. Иргэн заавал хөдөлмөр эрхэлж байж нийгмийн баялгаас илүү хүртдэг урамшууллын системийг хэрхэн тусгах вэ. Ингэж байж иргэдээ ажил хөдөлмөр эрхлэх урам зоригийг бий болгоно. Ажил хөдөлмөр эрхлэлтийг цэргийн алба шиг албажуулмаар байна. Тэгэхгүйгээр халамжаар явсан улс үндэстэн мөхдөг түүхтэй. Сүүлийн үед Монгол Улсын эзэнтэй үгүй эсэх талаар ярих болсон. Ард түмэн маань ч төр эзэнгүй боллоо гэж толгойгоо сэгсэрч байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын зохион байгуулалттай холбоотой. Ерөнхий сайд танхимаа томилоод хариуцлагаа 100 хувь хүлээгээд явах зарчим бол зөв. Нэг сайд нь огцорвол Засгийн газар нь огцрох зарчмыг дэмжиж байна. Давхар дээлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа нь мөн зүйтэй. Шүүгч нарын талаар нийгэмд гарч байгаа алдааг засахын тулд үүнийг засах заалтыг оруулж ирснийг дэмжиж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
Ард иргэдээ хөдөлмөрлүүлдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсээ дэмжих асуудлыг дэмжиж байгаа. Үүнийг дагалдах хуулиудаар зохицуулж болно. Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээхийг зорьдог. Тиймээс зарим иргэдээ халамжлах ёстой. Эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд наах зарчим нь тогтвортой хөгжлийн ойлголтод багтана. Ажил хийж байгаа хүмүүсээ дэмжих, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох заалтыг органик хуулиар зохицуулах боломжтой.
Хуульч О.Мөнхсайхан:
Шүүгчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Хариуцлагын зөвлөлтэй болгоно. Шүүгч нэг удаад зургаан жилээр томилогдоно. Даргаа дотроосоо томилогдож, ШЕЗ-өөс хараат бус байна.
УИХ–ын гишүүн Н.Оюундарь:
Төрийн тогтолцооны гажуудлыг тодорхой хэмжээгээр засах хуулийн төсөл оруулж ирсэн. Гүйцэтгэх засаглалд маш их эрх мэдэл өгсөн байна. Сүүлийн 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар солигдож Засгийн газрын насжилт 1.5 жилээс хэтрэхгүй байгаатай холбогдуулан гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах чиглэлд тодорхой өөрчлөлтүүд тусгагдсан. Засгийн газрыг тогтвортой болгоно гэдэг нь Засгийн газрыг дураараа авирла гэсэн үг биш. Хариуцлагын асуудлыг илүү их тусгаж өгөх нь зөв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
Засгийн газрын эрх мэдлийг хэт нэмэгдүүлж байна гэж ойлгож болохгүй. Засгийн газрын тогтвортой ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. УИХ дээр сайд нарыг томилохоор гишүүнд нь дарамталдаг. Ийм байдлаас болоод Засгийн газрын сайд нар хавчганасан байдалтай ажилладаг болсон. Өнгөрсөн 27 жилийн алдаа энэ. Хууль тогтоох нь хууль тогтоох засаглал шиг, гүйцэтгэх нь гүйцэтгэх засаглал шиг байх хэрэгтэй.
Холбоотой мэдээ