Хятадын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийх тухай тус улсын төв мэдээллийн агентлаг CCTV мэдээлжээ. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай Пүрэв эсвэл Баасан гаригт уулзах төлөвтэй байна.
Хамгийн сүүлд 14 жилийн өмнө Хятадын удирдагч БНАСАУ-д айлчилж байжээ. 2005 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао тус улсад гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны эцэг Ким Жон Ильтэй уулзаж байсан аж. БНАСАУ-ын мэдээллийн хэрэгслүүд ч мөн Ши Жиньпиний айлчлалыг батлаад байгаа ба хоёр удирдагч Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцэнэ гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хятадын дарга 2012 онд ажлаа хүлээн авснаас хойш Ким Жон Унтай нийт дөрвөн удаа Хятадад уулзсан байдаг ч БНАСАУ-д өөрийн биеэр очиж байгаагүй юм. Ким Жон Уны хувьд АНУ-тай хийсэн яриа хэлэлцээрүүд амжилтгүй болсноос хойш ОХУ, Хятадтай харилцаагаа зузаатгаж эхлээд байгаа билээ.
Зарим улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал ач холбогдол бага ч гэсэн цөмийн яриа хэлэлцээнд Хятад улс ч мөн тодорхой байр суурьтай гэдгийг бусад улс орнуудад харуулах гэсэн зорилготой хэмээн дүгнэж байна.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ