Авто зам дээрээ "үерлэсээр" байх уу? | News.MN

Авто зам дээрээ "үерлэсээр" байх уу?

Авто зам дээрээ "үерлэсээр" байх уу?

Авто зам дээрээ "үерлэсээр" байх уу?

Борооны улирал эхэлжээ. Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас нийслэл хотын авто зам битүү усаар дүүрч, явган хүн битгий хэл машин явахад ч хэцүү болдог. Яг ийм дүр зураг Улаанбаатарт хэвийн үзэгдэл болоод удаж байна. Энэ жилийн долоо, наймдугаар сард сүүлчийн 30 жил тохиож байгаагүй усархаг бороо орно гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын газраас мэдээлж буй.

Гэвч өнгөрөгч хоёр, гуравхан хоногт орсон түр зуурын бороо нийслэлийн авто замын чанарыг шалгав. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00:30 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Баян Монгол” хорооллын арын нүхэн гарцын авто замын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, автомашин явах боломжгүй болжээ. Энэ мэт түр зуурын борооноор авто зам усанд автаж, иргэдэд хүндрэл учруулсан хэвээр.

Улаанбаатар хотын хэмжээнд 840 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас зөвхөн 184 км зам борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Үлдсэн авто замууд ус зайлуулах шугам сүлжээгүй учраас борооны усанд автахаас ч өөр аргагүй юм.

Геодези, усны барилга байгууламжийн газар нь нийслэл хотын хэмжээнд 140.5 км үерийн хамгаалалтын далан, 184 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ашиглалтыг хариуцан ажилладаг үүрэг бүхий байгууллага. Энэ байгууллага 2016 онд байгуулагдсан бөгөөд үүнээс өмнө нь авто замын ус зайлуулах шугам сүлжээнд хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллага ажиллаж байгаагүй гэсэн хариулт өгөв.

“ЗАМ ДЭЭР БОРООНЫ УС ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТОГТОЖ БАЙНА ГЭСЭН ГОМДОЛ ИРДЭГ”

Тус байгууллагын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваа мэдээлэл өглөө. Тэрбээр “Авто зам дээр борооны ус их хэмжээгээр тогтож байна гэсэн гомдол их ирдэг. Манайд өнгөрөгч амралтын өдрүүдээр нийт 50 гаруй дуудлага ирсэн. Манайх нийт 52 удаагийн тээвэрлэлтээр 500 тонн ус соруулж, далан суваг руу зайлуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд 840 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 184 км нь л борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Тэгэхээр бусад авто замууд шугам сүлжээгүй учраас бороо орвол ус зайлуулах ямар ч боломжгүй гэсэн үг.

Одоо байгаа борооны ус зайлуулах 184 км шугам сүлжээгээ сайжруулахаар төлөвлөгөөний дагуу борооны өмнөх их цэвэрлэгээг хийсэн. Харин энэ жилдээ нийт 9260 м3 лаг агшаасыг цэвэрлэхээр төлөвлөөд буй. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, Нарны зам, Яармаг, Нисэхийн авто замын борооны ус зайлуулах сувагт бүрэн цэвэрлэгээ хийж дууссан. Одоогоор Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн ус зайлуулах шугамын цэвэрлэгээний ажлыг хийж, өнөөдрийн байдлаар 2400 м лаг агшаасыг цэвэрлээд байна” гэв.

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД ГУРВАН ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Геодези, усны барилга байгууламжийн газартай хамтран 2017 онд 11 байршилд 2.6 км авто замд, 2018 онд 10 байршилд 3.6 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил хийжээ.

Энэ онд иргэдийг ихээр бухимдуулдаг Токиогийн гудамжны хоёрдугаар ээлжийн ажил, Нэгдүгээр хорооллын арын замаас 21 дүгээр хороолол орох зам, Саруул тэнгэр хотхон, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархадны ус зайлуулах шугам сүлжээ, Цайз захаас Алтан-Өлгий хүртэл 860 км авто зам, Монель, Баянмонгол болон Соёолжийн нүхэн гарц, Нарны гүүрний доод хэсгийн авто замын нэгдүгээр ээлжийн ажлыг гүйцэтгэхээр нийслэлд гурван тэрбум төгрөг төсөвлөж, зураг төсвийг нь хийчихсэн, ажил эхлэхэд бэлэн болсон гэдгийг албаныхан хэлж байв.

“ХЯМД ӨРТГӨӨР ЗАМ БАЙГУУЛАХ БОЛСНООР УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫГ ОРХИГДУУЛСАН”

“Ер нь газар гэсэхтэй зэрэгцэн авто замын ус зайлуулах шугам сүлжээний ажил эхэлдэг. Энэ жилийн хувьд манай байгууллага шугам сүлжээний цэвэрлэгээний ажилдаа түлхүү анхаарч байна. Хоёрдугаарт, шугам сүлжээний ажил эхлээгүй удааширсан бас нэг шалтгаан нь нийслэлийн Засаг даргын томилгоотой холбоотойгоор нэлээд удаан хүлээсэн. Нийслэл хотод ус зайлуулах шугам дутагдалтай байгаа нь үнэн. Манай байгууллага саяхан 2016 онд байгуулагдсан. Тиймээс манай байгууллага байгуулагдахаас өмнө мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага ажиллаж байгаагүй.

Өмнө нь нийслэлд тавигдсан 800 гаруй км авто замд ус зайлуулах шугам сүлжээ хийгээгүй гэхээр нэгдүгээрт газар доорх инженерийн байгууламж өндөр өртгөөр босдог. Тиймээс авто замын компаниуд хямд өртгөөр авто зам байгуулах болсонтой холбоотой. Авто замын ус зайлуулах шугам сүлжээ төвийн хэсгээр харьцангуй цөөн тоогоор байгаа бол гэр хороолол, зуслангийн замд огт байхгүй гэж хэлж болно. Гэр хороолол, зуслангийн замыг барихдаа гадаргуугаар ус зайлуулахаар хийчихсэн байдаг. Тиймээс манай байгууллагаас авто замын компаниудад шинээр бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол 20 метр тутамд нэг шүүрт худаг, үзлэгийн худагтай байхыг шаардаж, хяналт тавьж ажилладаг” тухай Ц.Тагарваа ярилаа.

ЭНЭ ОНД 20 БАЙРШИЛД ДАЛАН СУВАГ ЦЭВЭРЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

Далан суваг цэвэрлэх ажлын хүрээнд 20 байршилд нийт 22.589 м3 лаг цэвэрлэх төлөвлөгөөтэй Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн цэвэрлэгээ, Баянзүрх дүүргийн тав, найм, 14, 26 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны үерийн хамгаалалтын суваг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн үерийн хамгаалалтын далан, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Дэнжийн мянгын нэг, хоёр, гуравдугаар суваг зэрэг борооны өмнөх цэвэрлэгээг хийж, 4190 м3 лаг агшаасыг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн буулгажээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-06-18 49.0.212.97

Монголд замуудыг нь дандаа газрынх нь, явган хүнийх нь, гарцынх нь түвшингээс доош хийдэг болохоор зам дээр ус урсаж очоод дүүрэхгүй хаачихав, соц-ийн үеэсээ л анхнаасаа ус зайлуулах хоолой байхгүйгээр тавиад сурчихсан

Avatar

Зочин 2019-06-18 122.201.20.194

Авто зам дээрээ "үерлэсээр" байх уу?

ААнха тэгнэ2

Avatar

жолооч 2019-06-18 66.181.184.242

бороо ороод зам цөмрөхийг нь мэдэж байгаа болохоороо бүр засаж нүх бөглөхөө ч байсан юм билээ, хотын төв энхтайваны өргөн чөлөө түүнээс урагшихыг л ярихаас хойд чиглэлд гэр хороолол чиглэлд бол бүр аймаар байна шд, дарь эхийн зам дамбадаржаа хийдийн уулзвар хажуугийн замууд нь бөөн эвдрэлтэй, засах эзэнгүй байж л байна, дээр нь ус тогтчихсон, машинтай яваад орохоор шууд цөмөрхий рүү ороод унаа тэргээ эвдээд байна шүү дээ, нүхгүй зам дээр ус тогтох ч яамай л болоод байна шүү, хариуцах эзэн алга

Avatar

Зочин 2019-06-18 66.181.188.61

Хүртэх ёстойгоо хүртэж л байна шт.УБ-т одоо байгаа дээр нь нэмээд баахан үхэр оруулах хэрэгтэй.тэд л уснаас ууж хороох байх даа

Avatar

зочин 2019-06-18 203.91.118.180

Наадахаа тэр Элбэгдорж, Алтанхуяг, Батүүл нараас асуугаач ээ тэд л бондын мөнгөөр ийм зам хийсэн биз дээ

Avatar

иргэн 2019-06-18 202.9.42.109

АСУУДАЛ ХАРИУЦСАН ХҮМҮҮС АЖЛАА ХИЙЛДЭЭ. ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГӨЛДӨӨ.

Avatar

бодлын хулгайч 2019-06-18 66.181.167.53

ХИЙ ДЭМИЙ ЗАМЫН ХААЛТАНД ХЭДЭН САЯАР НЬ ЗАРЖ БАЙХААР УС ЗАЙЛУУЛАХ АЖИЛДАА МӨНГӨӨ ГАРГААЧЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ХЭДХЭН КМ ЗАМ ЧИНЬ БОРООНЫ УСАНД УРСААД ДУУСЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж