Н.Амарзаяа: УИХ зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихсон 

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Н.Амарзаяа: УИХ зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихсон 

Н.Амарзаяа: УИХ зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихсон 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Та энэ төслийг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхээр санал хураалт явагдана. Нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд цааш журмынх нь дагуу хэлэлцээд явна. УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг боловсруулахад бүх гишүүний оролцоог хангаж ажлын хэсгүүдэд хувааж, хоёр жил гаруйн хугацаанд боловсруулагдсан. Мөн  2017 оны намар аймгийн төв болон сумаар хэлэлцүүлж, ард иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулж ажилласан.

-2000 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дордуулсан гэх долоон өөрчлөлтийг сайжруулж, зассан гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлдэг. Ялангуяа өнөөдрийн засаглал, улс төрийн гацаанаас гарах арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хуучин 75 хоног байсныг дордуулсан гэх өөрчлөлтөөр өөрчилснийг, одоо эргүүлэн 75 хоног, мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг нээлттэй болгож өгснийг энэхүү төслөөр Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөхөөр тусгасан. Харин Ерөнхий сайд өөрийн засаглах танхимаа бүрдүүлэх эрхийг бүрэн олгож байгаа. Үүнд дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан. Гүйцэтгэх засаглалд бүрэн эрх мэдлийг олгож Ерөнхий сайд УИХ-ын өмнө бүрэн хариуцах тогтолцоо руу шилжихээр болж байна. 1992 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг аваад үзэхэд нэг сайдын  ажилласан хугацаа нь дунджаар 1.5 жилээс хэтрээгүй байгаа юм. 2016 оноос хойш гэхэд Засгийн газар хоёр удаа солигдож БСШУСЯ, ЗТХ-ийн сайд гуравхан жилд дөрвөн удаа солигдлоо. Эндээс УИХ зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихсон  нь шууд харагдаж байгаа юм. Одоогийн хуулийн үйлчлэл нь давхар дээлтэй сайдууд гэж жирийн гишүүнийхээ ч үгийг сонсохгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн, гишүүний бүрэн эрхээр өөрийгөө халхавчилсан хууль завхруулагчид болж хувирч байна.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хумих тухай нэлээд яригдсан ч өргөн барьсан хуулийн төсөлд нь зөвхөн  бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт оруулсан байна лээ?

-1992 оны Үндсэн хуулийн дагуу  Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Тэгвэл энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт орсон. Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүдийг харахад ажлаа өгсөний дараа аль нэг компани, аж ахуй нэгж, эсвэл аль нэг нам эвслийн төлөөлөл болж байгаа нь илтэд байна. Энэ бол буруу гэж боддог.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд та нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт орж ажилласан. Танай ажлын хэсгийн зүгээс энэ чиглэлд юунд илүүтэй төвлөрсөн бэ?

-Хуулийн төсөл үндсэндээ дөрвөн чиглэлд төвлөрсний нэг нь нутгийн удирдлагын тогтолцоог тодорхой болгоход чиглэгдсэн. Монгол улсын Засаг захиргааны анхан шатны нэгж нь сум, дүүрэг мөн гэж тодорхойлсон. Энэхүү өөрчлөлтөд сум, дүүргийн Засаг даргыг нутгийн иргэдээс сонгодог болох нь хамгийн том дэвшил гэж харж байгаа. Олон давуу талууд бий. Хөгжлийн бодлого сум, дүүргээс эхлэх, үүнд чиглэсэн төсвийн эрх мэдлийг олгох, хуваарилалтыг оновчтой болгох, сумын ИТХ-ын төлөөлөгч дотроос аймгийн төлөөлөгчөө сонгох учраас аймгийн нэгдсэн бодлого нь сумд суурилсан бодлого яригдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Одоо чинь сумаас сонгогдсон аймгийн төлөөлөгч сумынхаа хуралд оролцох эрх байхгүй, оролцдог ч үгүй, оролцуулах ч үгүй. Нөгөө талаас аль нэг эвслийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй ард иргэдийн засаглах эрхийг хэрэгжүүлэх юм.

Одоо бол сум, дүүргийн аль алинд нь эрх мэдэл байхгүй харин аймаг, нийслэлд бүх эрх мэдэл нь төвлөрч байна, зөвхөн нэг л хүн бүх эрх мэдлийг төвлөрүүлэн захирч, төсвийг удирдаж байна. Өнөөдөр сумаас аймаг руу, хот руу шилжих шилжилт хөдөлгөөн их байгаагийн шалтгаан нь бүх бодлого нь аймаг, нийслэлийн түвшинд төвлөрч, сумд дүүргээ жигд хөгжүүлэх, эдийн засгийн хувьд бие даах боломжийг нь бүрдүүлэхгүй байгаатай холбоотой.

Тухайлбал, нэг жижиг суманд 150 хүүхэдтэй сургууль байхад, аймгийн төв нь ачааллаа дийлэхгүй, нийслэл бүр гурван  ээлжээр хичээллэж байгаа нь бодит үнэн. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтаар төв суурин газар сургууль, цэцэрлэг нэмээд байдаг хөдөөд сургуулийн сурагчдын тоо цөөрөөд байгаа нь бодлогын том алдаа.

-Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох заалт тусгагдсан нь нэг талаар хариуцлага тооцох механизм нь байхгүй болох юм биш үү?

-Хариуцлага тооцох механизмыг оновчтой зөв оруулах хэрэгтэй. Өргөн барьснаар дээд шатны Засаг даргаа огцруулаад, дараагийн даргыг томилохоор тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад уг асуудалд зарчмын зөрүүтэй саналаар өөрчлөлт оруулж нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Өөрийн сонгосон төлөөллөө буцааж татдаг байх тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Таныхаар хуулийн төсөлд орхигдуулсан  зүйл гэвэл юу вэ?

-Иргэд төлөөллийн ардчилалын зарчмаа хэрэгжүүлж УИХ-ын гишүүнээ сонгож байгаа бол эгүүлэн татдаг байх заалтыг тусгах шаардлагатай гэдэг асуудлыг ярьдаг. Мөн УИХ-ын гишүүний насны хязгаарын асуудалд иргэд бас шүүмжлэлтэй хандаж байсан.

-Улстөрчдийн дунд нэг нам дангаараа төрийн эрх барьж байхдаа Үндсэн хуульд гар хүрч болохгүй. МАН өөртөө ашигтайгаар хуулийг өөрчлөх нь гэсэн шүүмжлэл бий.  Тухайлбал, Ардчилсан нам болон  Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа хэлсэн. Мөн Ерөнхийлөгчийн саналыг тусгаагүй гэсэн?

-Үндсэн хуулийн энэхүү асуудалд Монгол Улсын бүх иргэн, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн бүх намууд, Ерөнхийлөгчөөс саналыг авч, харилцан зөвшилцөлд хүрч, ойлголцож нэгдэж байж өөрчлөх нь хамгийн чухал. Би ийм байр суурьтай байгаа. Хэрэв ойлголцож чадахгүй бол баталж чадахгүй.

-Том зураглалаар нь харвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс орны эдийн засаг, засаглалын хувьд ямар эерэг өөрчлөлтийг авчирна гэж та харж байна вэ?

-Монгол Улсын хөгжилд зохих өөрчлөлтүүдийг авчрах эхлэл тавигдана. Нэгд төрийн эрх мэдлүүд, шийдвэр гаргалт ихэнх нь дээд түвшиндээ байгаад дүгнэлт хийж нутгийн иргэн өөрөө Засаг даргыг сонгож засаглах эрхээ хэрэгжүүлнэ. Хоёрт төсвийн болон татвар бүрдүүлэх, өмчийн зарим хэлбэрийг засаглах эрхийг сум дүүргийн Засаг дарга нарт олгож байна. Сум, дүүргийн Засаг дарга баг хорооны Засаг даргыг томилдог болсноор тухайн суманд нэгдсэн төрийн бодлого, нэгдмэл байдал үйлчилнэ. Гуравт бүх эрх мэдэл аймаг, нийслэлд төвлөрсөнийг саармагжуулах. Дөрөвт 1992 оны Үндсэн хуулийн заалтад Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалт дээр нэмж  “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж оруулж өгсөн. Тавд Гүйцэтгэх засаглал зөвхөн хуулиа хэрэгжүүлж, бодлогоо тодорхойлж, хөгжлөө урагшлуулдаг, хэн нэгнээс хамааралгүй болж байна. Энэ мэтчилэн олон эерэг өөрчлөлт авчрах болно.

-МАН-ын бүлгийн зүгээс бүлгийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 100 хувь дэмжиж байгаа гэх хэдий ч  хуулийн төслийг яг хэлэлцээд явахад санал нийлэхгүй гишүүд цөөнгүй байна л даа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил нарын хувьд эсрэг байр суурьтай байгаа. Магадгүй гишүүд хувийн тоглолтоо хийх тал байхыг үгүйсгэхгүй?

-Ер нь ардчилал байх хэрэгтэй, хэлэлцүүлгийг маш сайн өрнүүлэх хэрэгтэй, тэгж байж нэгдсэн ойлголтод хүрнэ. Ард түмэн ч ойлголт авна. Өөрчлөлтөд тусгагдаж байгаа заалтуудыг илүү сайжруулах чиглэлд хүн бүр дуу хоолойгоо хүргэж санал бодлоо хэлэх нь зөв. Өргөн барьсан хуулийн төслийг заалтын дагуу бид өөрчлөх боломж бий. Ийм учраас энэ асуудалд мэтгэлцээний зарчим хамгийн чухал. Ард нийтийн санал асуулга явуулна гэж гишүүдийн олонхи үзвэл одоогийн олон талын байр сууриа илэрхийлж чанартай асуулт асууж хариулт авах нь зөв. Өнгөрсөн 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт чинь бараг л өргөн бариад долоо хоногт багтаан баталсан гэж яригддаг биз дээ.

-Хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт орсон. Гэвч яг ямар тогтолцоогоор сонгуулиа явуулах уу гэдгийг тусгаж өгөөгүй нь эрх баригч нам өөрт ашигтай сонгуулийг тогтолцоог өөрчлөдөг энэ байдал хэвээр л байх бололтой?

-1992 оны Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн  журмыг хуулиар  тогтооно гэсэн байдаг. Үүнд тогтолцоог гэсэн нэг ч үг байхгүй. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж туссан байгаа. Мөн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын хагас жилийн дотор өөрчлөх заалтыг одоогийн хуулиар нэг жилийн  өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тусгасан. Тогтолцооны хувьд хуулиар тусгайлан тогтоохоор орж ирж байна.

-Сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгээс гаргасан Монгол Улс томсгосон нэг том тойрогтой байх хувилбарыг дэвшүүлсэн. Таныхаар улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ?

-Ажлын хэсгээс дөрвөн хувилбарыг танилцуулсан. Одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн дөрвөн хувилбар. Монгол Улсыг нэгдсэн бодлогоор хөгжүүлье гэвэл  улс нэг тойрог нь боломжтой хувилбар мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ тогтолцоогоор төлөөллийн ардчилал хэрэгжихгүй түвшинд очно. Хүн ам, нутаг дэвсгэр багатай газраас төлөөлөл хэрэгжихгүй түвшинд хүрнэ,  Гэтэл манай улсын хувьд газар нутаг өргөн уудам, тархай бутархай, нүүдэлчин өв соёлыг уламжилсан ард түмэн учих тохирохгүй хувилбар гэж үздэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж