ОХУ-ын нэртэй блогч, нийгмийн зүтгэлтэн, гэрэл зурагчин, бизнесмен Илья Александрович Варламов цахим хуудастаа монголчуудын тухай бичсэнийг орчуулан хүргэж байна. Тэрбээр нийгмийн идэвх өндөртэй, улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар тод томруун өгүүлдгээрээ алдартай нэгэн.
Монгол бол гайхалтай улс
Дэлхийд ноёрхсон агуу том улс байсан Монгол өнөөдөр хүнгүй цөл болжээ. Москва-Улаанбаатарын нислэгээр нисэж байгаа зорчигчдын ихэнх нь гадаад хүмүүс байв. Өөрийн түүх, соёлоороо Монгол нь европ, америкчуудыг татаж байгаа хэдий ч оросуудын сонирхлыг төдийлөн татахаа больжээ.
Манай хоёр улс ахан дүүсийн холбоотой. Зөвлөлт холбоот улсын үед "ЗХУ-ын 16 дахь бүгд найрамдах улс" болох гээд Болгартай маргаж байсан түүх бий. Эх орны дайны үед Монгол Улс нь бидэнд, харин бид тэдэнд Хятад улсад залгиулахгүй байхад нь тусалж байсан юм.
Орос ба Хятад улсаар хүрээлэгдсэн, 1911 онд Чин гүрний ноёрхол сүйрсэн тэр үед Монгол Улс Хятадаас тусгаар тогтнолоо зарласан билээ. Тэр үеэс Оросын хаант улс Монгол Улсыг сонирхож эхэлсэн. 1912 онд хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол Улс Оросын хамгаалалтад орсон түүхтэй.
Үүнээс хойш хэдэн жилийн дараа Монгол Улс нь БНХАУ-аас хараат болсон гэдгийг ЗХУ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байлаа. Гэвч 1920 онд генерал Унгерн-Штернбергийн Цагаан арми Монголын нийслэл Их хүрээг эзлэн, гадаад Монголоос хятадуудыг хөөсөн түүхтэй. Балти хавиас гаралтай Цагаан армийн генералын ачаар Монгол Улс тусгаар тогтнолоо мандуулсан юм.
Богд хаант Монгол Улс удаан оршин тогтноогүй. 1921 оны хавар Генерал Унгерн нутаг буцаж, мөн оны долдугаар сард ЗХУ-ын арми Их хүрээг эзэлсэн. Монгол ардын хувьсгалыг Ардын засгийн газар толгойлж байсан хэдий ч улс орны удирдагч нь шашин төрийг хослон захирагч Богд хаан байсаар байлаа.
1924 онд тэрээр нас барсан, хаант улс нь үгүй болж, хувьсгалчид түүний хувилгаан дүрийг хайхыг хоригложээ. Ингээд Монгол Улс тусгаар тогтнолоо тогтоож, ЗХУ-ын дараа дэлхийн хоёр дахь социалист орон болсныг бид бүхэн мэднэ.
Ахан дүүс болсон орон болох ЗХУ нь үргэлж Монгол Улсын дэргэд байсан. Социалист Монгол орны хөгжил нь өөрийн гэсэн онцлогтой байжээ. Жишээ нь, монголчууд шашин шүтлэг ихтэй, 1934 онд монгол эрэгтэйчүүдийн 48 хувь нь сүмд шавилж, буддын шашин шүтдэг байв.
Эх орны дайны үед Монгол Улс ЗХУ-д харамгүй тусалсан
Ижил төстэй зүйл байсныг дурдах нь зөв болов уу. 1930-аад оны үед Монгол Улсад өөрийн гэсэн Сталинтай буюу Чойбалсан удирдагчтай болсон юм. Тэрээр өмнөх улс орны удирдагч Пэлжидийн Гэндэнг ЗХУ руу ял эдлүүлэхээр явуулж, дараа нь түүнийг буудуулсан.
Чойбалсан Сталины нэгэн адил Монгол Улсад хүн амыг хамарсан дарангуйлал, дарамт шахалтыг үзүүлж байв. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссаруудын газрын “мөрдлөг”, тусламжтайгаар хэдэн мянган хүнийг устгаж, Сталин, Ежов нарын оролцоотойгоор ЗХУ-д олон тооны хүнд ял оноож хядаж байсан түүхтэй.
Тэр үед Чойбалсан удирдагчийг бүх улсаараа шүтэж байв. Түүнийг нас барсны дараа буюу 50-иад онд Москвагаас монголчуудыг хөөсөн. Одоог хүртэл Чойбалсаны хөшөөг буулгаагүй байна. Үүгээр ч зогсохгүй, нутаг дэвсгэрийн хувьд Монгол Улсын дөрөв дэх том хотыг Чойбалсан гэж нэрлэдэг байна.
Орос ах нараас ялгаатай нь монголчууд хувьсгалын удирдагчдын бие махбод бунханд байх шаардлагагүй гэж үзэн, 2005 онд Чойбалсан, Монголын ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар нарын цогцсыг чандарлаж, бунхныг нураасан байна.
Эх орны дайны үед Монгол Улс ЗХУ-д тусалж, үстэй дээл, хөнжил, бээлий, мах зэрэг шаардлагатай бүх зүйлийг фронтод хүргүүлж байлаа. Монголчуудын өгсөн мөнгөөр танк, онгоц үйлдвэрлэж байсан бол 32 мянган монгол адуу, морь фронтод хүч нэмж байсан түүх бий.
Х.Чойбалсан нас барсны дараа Монгол Улс, ЗХУ-ын хоорондын харилцаа улам ихээр бэхжиж эхэлсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүд уурхайд олборлолт хийж, хот, төмөр зам барьж, нефть хайж (үнэндээ их хэмжээгээр олборлоогүй юм), түүнчлэн монгол хүүхдүүдэд орос хэл заадаг байв. Хамтарсан үйлдвэрүүд баригдаж, Зөвлөлтийн "Берёзка"-д Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг борлуулж байсан түүхтэй. Нээрээ, танай гэр бүлд марк цуглуулдаг байсан хүн байгаа бол “Монгол шуудан” гэсэн бичигтэй маркууд зөндөө байх болов уу.
1962 онд Монгол Улс нь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүнээр элсэж, 90-ээд оны эхэн хүртэл ЗХУ-аас мөнгө авдаг байсан. 80-аад оны үед гэхэд 1,5 тэрбум ам.доллар хүртэлх мөнгөн тусламж үзүүлжээ.
Хамгийн инээдтэй нь Монгол ардын хувьсгалт нам одоо болтол байсаар байна
ЗХУ-ын шинэчлэлт өөрчлөлт (перестройка) Монгол Улсад нөлөө үзүүлсэн юм. Мөнгөн тусламж зогсож, томоохон үйлдвэрүүд хаалгаа барив. Хамгийн инээдтэй нь, Монгол ардын хувьсгалт нам одоо болтол байсаар байгаа юм. (2010 онд нэрнээсээ “хувьсгалт” гэдгийг хассан). Одоог хүртэл улсын эрхийг барьсаар л байна. Энэ нь манай ЗХУ-ын Коммунист намтай адил, дараа нь зэрлэг капитализмын нөхцөлд "ЕдРо" (Единая Россия) болсон. Утгын хувьд бол тийм юм, харин манайд коммунистуудын залгамжлагчид өөрсдийгөө ОХУ-ын коммунист намын гишүүд хэмээн тооцдог.
ЗХУ-ын хамгийн том хувь нэмэр бол орчин үеийн кирил монгол бичиг. Өөрөөр хэлбэл, 1940 оны үед Монгол Улс кирил үсгийн бичвэртэй болж, өнөөдрийг хүртэл ашиглаж байна.
Орос хүний хувьд сэтгэхүйн зөрчил үүсдэг юм байна. Кирил үсэг ашигладаг бүх хэл орос (болгар, серб гэх мэт) хэлтэй төстэй гээд бодчихсон бидний хувьд монгол хэл өөр, огт танихгүй үгстэй. Орос хэлнээс зээлсэн үг их байдгийг дурдмаар байна.
ХХ зууны 40-өөд он хүртэл Монгол Улс гайхалтай хуучин монгол бичиг хэрэглэдэг байв. Одоо цагт ЕБС-иудад кирил үсэг үзэхийн адил хуучин монгол бичиг судалж байна. Амьдрал дээр бол бараг хэрэглэхгүй, ганц нэг дэлгүүрийн хаяг дээр харагдана.
Бие даасан Монгол Улстай харьцуулахад Өвөрмонголд хуучин монгол бичиг түлхүү хэрэглэдэг байна.
Өнөөдөр Монгол Улс хэрхэн амьдарч байна вэ?
Монгол Улс нь дэлхийн хамгийн их нягтрал багатай улс орны нэг бөгөөд 1км2-д 2-оос илүүгүй хүн ногдож байна. Үүнийг эрс тэс уур амьсгалтай, газар нутгийн ихэнх нь цөл, уул ихтэй, хүн ам оршин амьдрах нөхцөл тааруу гэдгээр тайлбарлаж болно.
Далайн түвшнээс дээш 1300-1500 метрийн өндөрт байрладаг Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн хотод тооцогддог. Москва, Астана, Хельсинк зэрэг хотоос илүү хүйтэн бөгөөд Улаанбаатарын жилийн дундаж хэм нь -0,4 юм.
Улаанбаатар гэдэг нэрийг оросоор орчуулвал "Красный Богатырь". Энэхүү нэрээ социализмын эрин зуунд авсан бөгөөд өмнө нь Их Хүрээ гэдэг байв. Баатар гэдэг үг нь их учир утгатай. Чингис хааны үед Монголын омогт хамгийн азтай, хийморьтой, зоригтой, хүчтэй нэгэнд ийм нэр өгдөг байсан түүхтэй. Жишээ нь, Чингис хааны аавыг Есүхэй Баатар гэдэг байжээ.
Монгол Улс нь далайд гарцгүй орон, гэхдээ усан онгоцоор тээвэр хийдэг. Нэгдүгээрт, Хөвсгөл нууранд давхар тавцан бүхий “Сүхбаатар” хөлөг онгоц, хоёр дахь нь, 2003 онд далайн тээвэрт Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоц явуулах эрхтэй болж, Монгол Улсын далбаатай олон улсын онгоц далайг гаталж, эх орондоо жилд хэдэн сая долларын орлого оруулж байгаа юм.
Монгол орны суурин газруудын ихэнх хэсэг нь монгол гэр, тойрсон хашаанаас бүрддэг учраас эзэмшигч нь хэзээ ч хамаагүй байгаа газраасаа нүүх боломжтой. "Лениний гудамж 1" гэх зэрэг ердийн хаягжилт ашиглах нь тохиромжгүй юм. Тиймээс Монголд тусгай хаягжилтын систем (NAC) хэрэглэдэг. NAC код нь газар дээрх обьектын байршлыг тодорхойлдог. Түүнээс гадна, жижиг объект нь бага байх тусам код илүү урт байдаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын бүх хаяг RV-W QZ бөгөөд нийслэлийн төвд байрших жанжин Сүхбаатарын хөшөө нь RW8SK QZKSL болох юм.
Дээрх хүндрэл нь хаягжилтын хувьд яригдаад зогсохгүй. Хүн амын овог, нэр ч ойлгомжгүй, асуудалтай. Монголчууд дээр үед ургийн овог, эцгийн нэр мөн өөрийн нэртэй байсан. Хувьсгалын дараа ургийн овгийг нь хориглож, монголчууд зөвхөн эцгийн нэр болон өөрийн нэртэй болжээ. Жишээ нь, Монголын анхны сансрын нисгэгчийг Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэж нэрлэдэг (хэрэв орос хэл рүү хөврүүлбэл Гуррагча). Эхний нэр нь эцгийн нэр, хоёр дахь нь өөрийнх нь нэр. Тэгэхээр Ж.Гүррагчаа гэж товчилж болно, харин "Жүгдэрдэмидийн Г" гэж огтхон ч болохгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гэхэд эхний үг нь эцгийн нэр, хоёр дахь нь хувь хүний нэр юм. Өөрөөр хэлбэл тэд намайг "Александрович Илья" гэж дуудаж болно.
Хэрвээ хүүхдийн эцэг нь тодорхойгүй бол эцгийн нэрний оронд тэд ээжийнх нь нэрийг өгдөг байжээ. Дарангуйлагч Х.Чойбалсанг “Хорлоогийн Чойбалсан" гэдэг байсан бөгөөд энэ тохиолдолд Хорлоо нь эхийнх нь, Чойбалсан гэдэг өөрийнх нь жинхэнэ нэр юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийг энэ тохиолдолд бүгд Владимир гэж дуудах байсан.
Саяхнаас ургийн овгууд аажмаар дахин сэргэж эхэлсэн, зарим монголчууд өвөг дээдсийнхээ ургийн овгийг дурсан санаж, өөрсдийгөө Боржигон овгийнхонд багтах болсон (энэ овгоос Чингис хаан болон бусад олон язгууртан монголчууд үүссэн). Харин зарим монголчууд өөр өвөрмөц сонин овог зохиодог. Жишээ нь, сансрын нисгэгч Гуррагчаа өөрийн ургийн овгоо Сансар гэж авчээ.
Монгол айлд байхдаа шүгэлдэж болохгүйг битгий мартаарай!
Монголын цэрэг арми нь цэрэг татлагын системтэй. Цэргүүд нэг жил алба хаадаг. Мөн албан ёсоор цэргийн алба хаахгүйгээр дүйцэх мөнгө төлөх боломжтой. Тийм ээ, та 3,7 сая төгрөг Төрийн санд (91 мянган рубль) тушааж, чөлөөлөгдөж болно! Энэ тогтолцооны улмаас ядуу гэр бүлийн залуучууд армид алба хаадаг нь тодорхой юм.
Та монгол гэр, эсвэл Монгол айлд байхдаа шүгэлдэж болохгүйг битгий мартаарай. Энэ хориглох зан үйл нь манай улсад бол санхүүд муу нөлөөлтэй гэдэг бол монголчуудын хувьд муу ёрын сүнснүүдийг орон сууцанд дуудаж байна гэсэн үг юм. Монголчуудын уламжлалт сууцыг "юрта" гэж дуудах нь буруу. Монголдоо "гэр" гэж нэрлэдэг. “Юрта" гэдэг нь түрэг үг юм. Жишээлбэл, Татар, Башкур хэлэнд "йорт" гэдэг үг байшин, гэр гэж байгаа юм байна лээ.
Хэрэв танихгүй монгол хүн Улаанбаатарын троллейбусанд хөл дээр чинь гишгэсэн бол тэр даруй таны гарыг барихыг хичээнэ. Энэ нь бас мухар сүсэг ч юм уу нэг тийм тогтсон заншил юм. Гарыг чинь барьснаар таны хөл дээр гишгэсэн хүн тантай дайсагнахыг хүсэхгүй байгааг илтгэнэ.
Ерөнхийдөө Монголд олон сонин мухар сүсэг байдаг, тэдний зарим нь Чингис хааны үеэс хойш ч улбаатай. Жишээлбэл, та цайны үлдэгдлийг асгах хориотой, ясыг дуустал мөлжөөгүй бол хаяж болохгүй, зүүн гараараа ямар нэг юм өгч болохгүй гэх мэт.
Монголд архитектурын хувьд хятад нөлөө илт давамгайлжээ
Улаанбаатарын төвд бидэнд ойрхон манай "Сталинист хэв маягийн" олон барилга баригдсан. Энэ нь бүх зүйл: эктикикизм, үндэсний сэдэлтэй нео-сонгодог үзэл санаа, тэр ч байтугай дайны өмнөх Art Deco ч байсаар байна.
Архитектурын хувьд Улаанбаатар ерөнхийдөө Зөвлөлт засгийн колонийн нийслэл юм. Зөвлөлтийн хотуудын адил нийтлэг энгийн төлөвлөгөөтэй боловч архитекторууд дээр бусад колони улсуудын адил (мэдээжийн хэрэг зөвлөлт биш,) мөнгөн дээрээ нэлээн нарийлсан харагдана. Тиймээс барилгууд нь манайх шиг дотно ч гэлээ ядуухан, царай алдсан харагдана.
Улаанбаатар хот нь тэр чигээрээ ЗХУ-ын ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, хуучин ЗХУ-ын гадна талд байсан цорын ганц хот юм. Энэ нь байшин барилгаас эхлээд зогсохгүй гудамж, талбай, ордон гэх зэрэг бусад бүх зүйлсийн зохион байгуулалтаас мэдрэгдэнэ. 1921 онд Бүгд Найрамдах Улс үүсэх үед улс орны сууринууд бараг л ганцхан сүм хийдээс, мөн түүнийг тойрсон монгол гэрүүдээс бүрдэж байжээ. 1930-аад оноос эхлэн ах дүүсийн улс болох ЗХУ-ын нөлөөгөөр эдгээр бүх суурин газар бүрэн хот болж хувирч эхэлсэн. ХХ зууны туршид бараг бүх том объектыг ЗХУ-д байгуулагдсан төслүүд болон ЗХУ-ын барилгачдын туслалцаатайгаар барьсан.
Хэдийгээр монголчууд Хятадын нөлөөнөөс холуур байхыг хүсдэг ч архитектурын хувьд одоо илт хятад нөлөө давамгайлжээ. Бүх зүйл яг л Дундад улс шиг – барилгын хямд материал, ажлын чанар муу, цаашлаад харвал цагаан хашааг нь хүртэл Хятадын аль ч хотод харж болно.
Монголд одоо хэн ч орос хэл мэддэггүй!
Монголд чухал гэж тооцогдож байгаа юм бүхэнд Чингис хааны нэрийг оролцуулна. Энэ нь гол төв талбайд л хэрэгжсэнгүй. 2013 онд төв талбайг Чингис хаан нэрээр сольсон боловч гурван жилийн дараа шүүх нэрийг нь өөрчлөхийг хууль бус гэж үзсэн.
Өмнө нь Засгийн Газрын барилга ийм байдалтай байсан бөгөөд талбай нь 1921 оны Монголын ардын хувьсгалын удирдагч Сүхбаатарын нэртэй байсан. Засгийн Газрын урд талд Сүхбаатарын бунхан байсан. Түүнийг нурааж, удирдагчийн биеийг нь шатааж оршуулав.
Өргөн уудам гудамж, замууд нь Зөвлөлтийн энгийн байшингуудын загвараар баригдсан. ОХУ-ын ЭСЯ-ны байр… Энэнээс илүү уйтгартай зүйл төсөөлөгдөж байна уу? ЭСЯ-ны байртай адил, хойд талд нь байрлах мэдээллийн самбар барилга шигээ уйтгар төрүүлмээр. Нэг тал нь ОХУ-д суралцахад зориулсан, харин үлдсэн хэсэг нь Крымд!
Монгол дахь Оросын ЭСЯ-нд ямар залхуу дипломат ажилтнууд ажиллаж байгааг та эндээс харж болно. Монголын нийслэл хотын гол гудамжинд тэд мэдээллийн самбартай. Тэд тэнд юу ч нийтэлж, ямар ч мэдээлэл тавьж болно. Гэвч тэд юу хийдэг бэ? Орос хэл дээр хэдхэн өрөвдмөөр постер! Яагаад, яг юу болохгүй байгаа юм бэ? Тийм ээ, Монголд хэн ч одоо орос хэл мэддэггүй. Бүр хэн ч… Тэр ч байтугай хөгшчүүд ч мөн адил мартсан.
Улаанбаатарын оршин суугчдын 99 хувь нь ойлгодоггүй хэл дээр эдгээр ашиггүй зурагт хуудас хэнд хэрэгтэй байгааг Элчин Сайд л мэдэж байгаа байх.
Хэл гэснээс! Монголын бүх залуус англи хэлийг төгс мэддэг! Нэг хэсэг монголчууд англи хэлний багш нарт их хэмжээний цалин хөлс төлөхөөр шийдсэн юм. Ингэснээр Монголын залуу үеийг өөд нь татаж чадсан хэдэн зуун америк багш нар бий болсон.
Уудам газар нутагтай ч хүмүүс нь нийслэлд амьдрахыг тэмүүлсээр…
Тэнгэр баганадсан Хятадын барилгуудын ард Зөвлөлтийн орднууд алга болж байна. Зайсан-Толгойн орой дээр ЗХУ-ын дайчдад зориулсан дурсгалын хөшөө сүндэрлэдэг. Энэ дурсгалт хөшөөг 1979 онд Халхын голын тулалдааны 40 жилийн ойд зориулж нээжээ.
Дурсгалын хөшөөний төв хэсэг нь бетонон том цагиргаас бүрдэх бөгөөд түүний дотор талд Зөвлөлт-Монголын ард түмний дайны болон энх цагийн нөхөрлөлийг үзүүлсэн шилээр шигтгэж урласан зургаар дүүрэн байдаг.
Орчин үеийн Улаанбаатар Зөвлөлтийн хотуудтай төсгүй болжээ. Хэдийгээр Монголын газар нутаг уудам ч (хаашаа ч харсан тал хээр) хүмүүс нийслэлд амьдрахыг тэмүүлсээр. Тиймээс бүхэл бүтэн улс орны цөөн тооны квадрат километрт маш их нягт барилгууд баригдаж, нөхцөл байдал жил бүр улам л дордсоор байна.
Дурсгалт хөшөөний цагиргийн гадна талыг ЗХУ-ын одон медалиудын хэлбэр дүрсээр чимэглэсэн байдаг. Эл бүтээлийн гол дүр бол туг барьсан Зөвлөлтийн цэрэг эр юм. Алсаас энэхүү дурсгалт хөшөө сандалтай төстэй харагддаг.
Улаанбаатарт тулгамдаж буй хоёр гол асуудал нь замын түгжрэл, экологи юм. Бид экологийн талаар дараагийн нийтлэлд ярих болно, харин одоо байдал ямар харагдаж байгааг харцгаая. Ерөнхийдөө, хүн цөөтэй энэ улсад замын түгжрэл байна гэж огт толгойд багтсангүй! Өглөөнөөс эхлээд нийслэлийн өргөн уудам зам бүхэлдээ таг гацдаг. Азийн бусад орноос ялгаатай нь ямар ч мопед, цахилгаан скутер байхгүй (яагаад юм бол?) болохоор хэн ч явдаггүй. Замын түгжрэлийн шалтгаан нь утгагүй…
Эвгүй, тохь тух муутай энэ хотод машин худалдаж авахыг өдөөн хатгаж сурталчилдаг. Татвар авдаг тээврийн хэрэгсэл, төлбөртэй зогсоол бараг байхгүйтэй адил, машин өмчлөх эрх маш хямд. Цэвэрхэн ая тухтай нийтийн тээврийн хомсдолтой. Ямар ч нэгдсэн төлөвлөгөө, зохион байгуулалтгүй байрласан орон сууцны барилгууд. Үр дүнд нь боломжит зай талбайнаас хэтэрсэн маш олон автомашин.
Монгол бол "Приусын" орон юм!
Дэлхийн ямар ч улсад Монгол шиг ийм их олон тооны "Приус" машин байдаггүй. Яагаад ийм болчихов оо? “The Economist” сэтгүүлд өгүүлснээр, Монголд импортолж буй автомашины 60 хувь нь хайбрид бөгөөд тэдний дийлэнх нь “Toyota Prius” юм. Мэдээжийн хэрэг, монголчууд байгаль орчны талаар маш их санаа зовж байгаа шалтгаан нь тодорхой.
Нэгдүгээрт, Монгол дахь "Prius"-ын үнэ манайд байдаг эдэлж байсан ВАЗ-тэй нэн тэнцүү. Яагаад тийм үнэтэй байдаг вэ гэхээр Японд гурван жилээс дээш настай машинууд өндөр өртөгтэй аюулгүй байдлын шалгалт хийдэгтэй холбоотой. Ихэнх япончууд аюулгүй байдлыг баталгаажуулахын оронд машинаа зарах сонирхол илүү байдаг. Гурван жил эдэлсэн эдгээр хямд "Приус" машиныг монголчууд баяртайгаар худалдаж авдаг. Үүнээс гадна 2016 оны зургадугаар сараас эхлэн Японоос шинэ машин импортлох гаалийн татварыг хүчингүй болгосон, мөн 3-аас доош жил явсан Японы автомашинд татвар ногдуулахаа зогсоожээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Япон эзэн нь “Prius” машинаа хоёр жил хагас эдэлсний дараа Монгол руу хэрхэн хурдан борлуулах талаар бодож эхэлдэг бөгөөд мэдээж монголчууд үүнд их баярладаг.
Үүнээс гадна монголчууд “Prius”-ын хэмнэлтэд татагддаг. Монголд литр АИ-95 нь 50 орчим рубль байдаг. Энэ нь маш үнэтэй бөгөөд хайбрид приус нь бусад хайбридуудтай харьцуулахад дунджаар хоёр дахин бага буюу 100 км-т 4-6 литр зарцуулдаг. Хаа сайгүй "Приус".
Бээжингийн жишээг авч, дугаарын хязгаарлалттай болжээ
Улаанбаатарын эрх баригчид замын түгжрэлийг багасгахыг хичээж байгаа ч хангалтгүй харагдаж байна. Уулзварууд дээр "шар тэмдэглэл" хийсэн бөгөөд дээр нь зогссон тохиолдолд торгоно.
1975 онд Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. "ЗХУ"-ын Улаанбаатар хот нь 400 мянган хүн амтай, 10 мянган автомашинд зориулагдаж байсан. Өнөөдөр хотод 1.5 сая хүн амьдардаг бөгөөд 200 мянган машин өдөр бүр гудамжинд явдаг (бараг хагас сая хүн бүртгэгдсэн). Тиймээс монголчууд нийслэлдээ Бээжингийн жишээг авч дугаарын хязгаарлалт тавьж хөдөлгөөнд оролцдог болжээ. Жишээ нь, 1 ба 6-аар төгссөн машинууд Даваа гаригт, 2 ба 7-оор төгссөн бол Мягмар гаригт, 3 ба 8-аар төгссөн бол Лхагва гаригт, 4 ба 9-өөр төгссөн бол Пүрэв гаригт, харин 0 ба 5-аар төгссөн бол Баасан гаригт явах боломжгүй юм. Эдгээр хязгаарлалтууд нь хотын хамгийн их ачаалалтай төв хэсгээр л 08:00-20:00 цагийн хооронд хүчинтэй. Нийтийн тээврийн зориулалтад тусгай эгнээ байдаг боловч тэдгээр нь хангалтгүй.
Гартаа модтой замын цагдаа хэрэг байна уу?
Улаанбаатарт төмөр замаар явдаг нийтийн тээвэр байдаггүй нь харамсалтай. Автобус, троллейбусууд ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд шинээр юу ч хийгдэхгүй байна. Үүний үр дүнд оргил цагт хэн ч хаашаа ч явах боломжгүй. Нийтийн тээвэр дүүрэн хүнтэй түгжрээд л зогсож байна! Хэрвээ монголчууд нийслэлдээ тэнгэр баганадсан барилга байгууламж барихаар шийдсэн бол төмөр замаар явдаг нийтийн тээвэртэй болох шаардлагатай байсан. Хүмүүс хэрхэн чөлөөтэй зорчих вэ?
Өөр нэгэн зөрчил нь замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй байна. Жишээ нь, Приустэй нэг нөхөр хээв нэг дүрэм зөрчих бөгөөд түүнд ямар ч шийтгэл оноохгүй юм. Түүнийг хэн ч торны цаана суулгахгүй. Яаж ингэж болох вэ?
“MADE IN MONGOLIA” бичигтэй троллейбус та харсан байх л даа? 2007 онд Улаанбаатар хотын гудамжинд Монголд үйлдвэрлэсэн анхны троллейбусууд явж эхэлсэн. Үнэндээ Зөвлөлтийн ЗиУ-682 троллейбусыг сайжруулан өөрчилсөн юм.
Дараагийн загварыг монголчууд Солонгос улсын “Hyundai Aero City”-ын загвараас санаа авсан. Нэгэн зүйлийг тайлбарлаж хэлэхэд, троллейбусыг үйлдвэр дээр биш автопарк дээр угсардаг байна. Одоо бол ихэнх троллейбус бүртгэгдсэн. 2008 онд монголчууд өөрийн гэсэн JEA троллейбусны платформтай болсон. Казахстан улсад борлуулалт хийсэн гээд бодоод үз дээ. Made in Mongolia бичигтэй троллейбусаас гадна Москвагийн МТрЗ-6223, Энгельс ЗиУ, Хятадын Shenfeng зэрэг харагдаж байна.
Гудамж талбайд Зөвлөлтийн үед байсан зохицуулагчид харагдаж байна. Энэхүү зохицуулагч нь зохицуулахаасаа илүү гай болж байгаа нь илт юм. Яагаад гэдгийг одоо би тайлбарлана. Замын цагдаа уулзвар дээр зогсож байна. Тэрбээр замын бүх дүр зургийг бүхлээр харах боломжгүй. Нөгөө талын эгнээ зам дээр юу болж байгааг тэр мэдэхгүй, тэр ч байтугай 10 м зайд юу болж байгааг харахгүй байна. Тэрээр бүх машиныг өөр бусад уулзвар луу хурдан явуулахыг бодно. Эндээс тулгарч буй асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь харагдана. Орчин үеийн хотуудад гэрлэн дохиог компьютержсэн байдлаар зохицуулдаг болжээ. Бүх систем автомат болсон. Энэ гартаа модтой замын цагдаагийн хэрэг байна уу? Цагдаа нар нь загварлаг дүрэмт хувцастай юм.
Монголд цагаан шугамаар явган зорчигчийг гаргахгүй байна. Болгоомжтой байгаарай. Монголд шатахуун үнэтэй. 2018 оны дөрвөн сарын байдлаар Монголд дундаж цалин нэг сая төгрөг ойролцоогоор 24,5 мян.рубль. Харин нэг литр 95 шатахуун 54,8 рублийн үнэтэй байхад дизель 57,2 рубль байсан. Иймээс дундаж цалингаараа ердөө л 95 шатахууныг 448 литр худалдан авах юм байна. Есөн удаа л шатахуунаа дүүргэнэ гэсэн үг.
Хууль байгаа ч алхам бүрт тамхи ширхэглэн борлуулж байна
Замын хөдөлгөөн, замын түгжрэл гэсэн хоёр асуудлаас гадна Монголд тамхины асуудал их байна. Боловсролын салбарын байгууллагуудаас 500 метр-ээс дотогш тамхи зарахыг хориглосон хууль бий. Хуулиараа хотоос тамхи худалдан авах боломжгүй, зах руу явах шаардлагатай. Уг нь тамхидалттай тэмцэх нь зөв ч үнэн хэрэгтээ тамхины хар зах, нуугдмал борлуулалт бий болгож байна. Таксинууд, зарим нэг дэлгүүр, ТҮЦ-нүүд нууцаар борлуулж байна.
Тамхийг бие үнэлэлтэй харьцуулж болох юм. Бие үнэлэх явдлыг хориглосон улс оронд эсрэгээрээ далд нуугдмал болдог. Ингэснээрээ гэмт хэрэг, хээл хахууль бий болж, нуугдмал байдалд орно. Иймээс хуульчлах шаардлагатай. Шууд утгаар нь хориглосноор тэмцэж байна гэдэг нь харагдахгүй байгаа юм. Тамхидалт, бие үнэлэх зэрэгтэй тэмцэх нь зөв хэдий ч арга барилаа зөв олох нь нэн чухал. Хууль байгаа хэдий ч алхам бүрт тамхи ширхэглэн борлуулж байна. Энэ бол хууль бус зүйл, эмээ нар юу зараад байгааг хэн ч мэдэхгүй. Өөр сонголт үгүй. Албаны хүмүүс эмээ нарыг шалгахгүй. Жижиг дэлгүүрүүдэд тамхи хууль бусаар зардаг байна. Худалдагч руу очоод хэлэхэд л хангалттай. Тэрбээр лангуун доороосоо тамхи аваад л өгнө. Бүгд үүнийг мэднэ. Тухайн нутаг дэвсгэрийн цагдаа нарыг тэжээж байгаа гэсэн үг юм.
Гайхалтай нь, Улаанбаатар хотын зах дээрээс Сега худалдаж авч болно. Хотоор явах нь тийм ч тухтай биш. Явган зорчигчийн тухай огт бодолцоогүй юм шиг ээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Varlamov.ru
Холбоотой мэдээ