Хойд Солонгосын дарангуйллын “харгис” дэглэмээс зугтаж, амь насаараа дэнчин тавин Сөүлд зугтаж ирснээс хойш арван жилийн дараа эх нь хүүтэйгээ утсаар холбогджээ. Хойд Солонгосын дүрвэгч “Ри” овогтын 22 настай хүү өнгөрсөн тавдугаар сард ээжийнхээ адил улсаасаа дүрвэн Хятадад дүрвэн ирсэн байна. Гэвч Хятадын албаныхан дүрвэгсдийг илрүүлэхээр орон байруудыг нэгжиж эхэлсэн түгшүүрт мэдээ хүүтэйгээ уулзах найдлага, догдлолыг нь үргээж орхижээ.
Эх, хүү хоёрыг уулзахаас өмнө Хятадын албаныхан хүүг нь баривчилж авч явсан аж. Үүнээс хойш тэрбээр хүүгийнхээ сургийг гаргах гэж хичээсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Зарим хүмүүс түүнийг Хойд Солонгосын хилийн ойролцоох Хятадын шоронд хоригдож буй гэж таамаглажээ. Гэвч нэгэнт хүү нь Хятадын албаныханд баригдсан бол нутаг буцахаас өөр сонголтгүй. Дүрвэгсдийг Хойд Солонгост буцан очвол цаазын ял хүлээж байдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс эхэлсэн Хятадын албаныхны нэгжлэг, баривчилгааны үеэр 30 орчим дүрвэгч баригдсан гэж ар гэрийнхэн болон хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна. Хойд Солонгосын иргэдийг бусад орнууд руу дүрвэн гарахад зуучилдаг сүлжээ байдаг ба үүнийг “газар доорх төмөр зам” гэдэг аж. Энэ сүлжээнд зуучлагч, хандив, сайн дурын ажилтан байгууллагууд, гардан гүйцэтгэгч зэрэг хүмүүс багтдаг ба тэдний эсрэг Хятадын засгийн газраас тусгай ажиллагаа явуулж эхэлжээ.
Сөүлд төвтэй Хойд Солонгосын дүрвэгсдийн хүний эрхийн нийгэмлэгийн захирал Ким гэгчийн мэдээлснээр, Хятадын албаныхны нэгжлэг, баривчилгаа эрчимжжээ. Ялангуяа “улаан бүс” гэж нэрлэгддэг хоёр орны хилийн орчимд баривчилгаа аж. Хойд Солонгосоос 1988 онд гарсан зуучлагч Ким овогтын хэлснээр, гэнэтийн нэгжлэгийг өдөрт хэд хэдэн удаа явуулдаг байна. Тэрбээр сүүлийн 15 жилийн турш дүрвэгсдийг хил давуулах ажил хийж байгаа аж. Хятадад нэгжлэг, баривчилгаа нэмэгдсэн нь Хойд Солонгост эдийн засгийн нөхцөл байдал муудаж, дүрвэгсдийн урсгал нэмэгдэж байгаад Бээжин санаа зовниж буйтай холбоотой гэж ажиглагчид дүгнэжээ. Өмнө нь Хятадын албаныхан дүрвэгсдэд арай зөөлөн хандаж, анхааруулга өгдөг байсан аж.
ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД
Хойд Солонгосоос зугтаж явахдаа ахыгаа алдсан Ким Жон Чол Хятадад саяхан баригдсан эгчдээ ихэд санаа зовниж буйгаа хэлжээ. Түүний ах 2005 онд Хойд Солонгосоос зугтаж яваад Хятадын албаныханд баригдаж нутаг буцаагдаж, улмаар цаазлуулжээ. Тиймээс эгч нь Хятадын шоронд хоригдож байгаад нутаг буцаагдвал цаазлуулахаас эмээж буй аж.
“Reuters” агентлагийн сурвалжлагч нар эгчийнх нь сургийг гаргахаар Бээжин дэх Хойд Солонгосын элчин сайдын яамтай холбогдсон боловч хариулт авч чадаагүй байна. Хүний эрхийн байгууллага, хуульчдын мэдээлснээр, Хятадын албаныхан өнгөрсөн сард баривчилсан дүрвэгсдийг хараахан албадан нутаг буцаагаагүй байгаа аж. Харин Хятадын гадаад хэргийн яамнаас Хойд Солонгосын дүрвэгсдийн асуудал, баривчилгаа, нэгжлэгийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж мэдэгджээ.
Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ “Хойд Солонгосын иргэд эдийн засгийн шалтгаанаар улсаа орхин гарч буй тул дүрвэгч биш. Тэд хууль бусаар хил давж Хятадад ирснээр хууль дүрэм зөрчиж байна. Тиймээс бид өөрийн болон олон улсын хууль журмын дагуу шийдвэрлэнэ” хэмээжээ. Нөгөө талд Сөүлийн албаныхан Хойд Солонгосын дүрвэгсдэд хүссэн газраа аюулгүй хүрэхэд нь тусалж, албадан нутаг буцаагдахаас сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч байгаа гээд, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Хойд Солонгосын дүрвэгч өөр нэг эмэгтэй эгчийгээ Сөүлд авчирч чадаагүй тухайгаа ярьсан байна. Тэрбээр найман жилийн өмнө эх орноосоо дүрвэх үедээ ээж, дүү хоёроо дараа нь авахаа амлажээ. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард ээж нь хорт хавдраар нас барж, 27 настай дүү нь өөр дөрвөн хүний хамт Вьетнамын хилийн ойролцоох Нанниньд хүрсэн ч Хятадын албаныханд баривчлагджээ.
Хойд Солонгосоос хэдэн хүн дүрвэн гарсан нь тодорхойгүй байдаг аж. Гэхдээ 2011 онд Ким Жон Ун Хойд Солонгосын удирдагч болсноос хойш Сөүлд аюулгүй хүрч ирэх дүрвэгсдийн тоо огцом буурсан байна. Сөүлийн албаныхны мэдээлснээр, өнгөрсөн 2018 онд Хойд Солонгосын 1137 хүн тус улсад иржээ. Энэ нь 2011 онд 2706 байсантай харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт аж. Учир нь Хойд Солонгос болон Хятадын албаныхан хяналтаа нэмэгдүүлж, хилийн харуул хамгаалалтаа чангатгажээ.
Ялангуяа Хятадын хил дагуу хяналтын камер, харуул цэргийн тоо нэмэгдсэн байна. Хятадад ирсэн дүрвэгсэд гуравдагч орон руу гарч чадахгүй бол охид, эмэгтэйчүүд нь хүчээр гэр бүл болох, биеэ үнэлэх, цахим бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймаанд өртөх эрсдэл өндөр ажээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ