Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

76:1
МАН-ын "түрийвч"

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар "76:1" булангаараа танилцуулж буй. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг танилцуулж байна.


1990 оноос хойш бизнесийн салбарт зүтгэж, бүтээж байсан олон бизнесмен өдгөө улс төрд орсон. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй түүнийг ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанид захирал хийж байгаад Монголдоо ирж “Хурд” группийг байгуулсан гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу.

1995 онд анх гадаад худалдааны чиглэлээр байгуулсан “Хурд” групп өдгөө барилга, хүнс, үл хөдлөх, барилга, авто худалдаа, уул уурхай зэрэг олон бизнесийн салбарт өөрийн үүргээ гүйцэтгэж буй.

Улс төрийн гараагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Тамгын газрын дэд даргын албыг хоёр жил хашиж, 2008 онд Увс аймгаас УИХ-д томилогдсоноос хойш тэрбээр олны танил эрхэм болсон. Түүнийг улс төрийн нимгэн намтартай, бизнесийн салбараас гэнэт “үсэрч” орж ирсэн нь намдаа өгсөн хандив, намынх нь нөөлөг гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Сонгогдох бүртээ мөнгө тараадаг хэмээх шүүмжлэл, сонгууль бүрийн дараа түүнийг дагадаг. Тиймдээ ч Увсын ч, МАН-ын ч "түрийвч" хэмээн цоллох нь бий. Улс төрийн намууд дунд сонгууль бүрийн өмнө хэн хэрхэн "төлбөр" төлснөөрөө мандат авч, ялалт байгуулбал сайдын суудал, албан тушаал гээд эрэмбэлэгддэг нь нууц биш.

Тиймдээ ч 2016 онд Сангийн сайдаар томилж байсан гэдэг. Харин одоо тэрбээр УИХ-ын гишүүн,  Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй. Сангийн сайдын ажлаа авсныхаа дараа манай эдийн засаг элгээрээ хэвтсэн хэмээн чарласаар Монгол Улсыг ОУВС-ийн гурван жилийн хөтөлбөрт хамрагдах ажлыг гардан зохион байгуулсан. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн хувьд илүү “хэмнэлт, тандалт”-ын горимд шилжсэн ч тэдний нэрийг барьж Б.Чойжилсүрэн, МАН ч сайн "шоудаж", улс төр хийж буй.

Тэрбээр МАН-аас гурван удаа мандат өвөртлөн, Увс аймгийн иргэдийг төлөөлж буй  бөгөөд улс төрийн хувьд намтар гэхээс  илүү  бизнесээ өргөжүүлэх гэж улс төрд зүтгэж буй гэж дүгнэх хүмүүс ч бий.

Түүний бизнес улс төрд орсон цагаас нь илүү их “цэцэглэж”, хөгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч улстөрч гэхээс илүү улс төр дэх бизнесменүүдийн нэг гэж хэлэгддэг болов уу.

Түүний талаар олон хар бараан мэдээллийг Google-ээс олж болно. Б.Чойжилсүрэн гишүүний эзэмшдэг “Хурд” групп Төв цэнгэлдэх тойрсон, гайгүй газар бүхнийг авч, өндөр барилга барьж буй. Хаана гоё, ганган, байршил сайтай барилга байна тэр бүхэн “Хурд”-ынх байдаг нь нууц биш. Сүүлийн үед уул уурхайн бизнес рүү илүү их анхаарч, тэр нь улс төрийн болоод хувь хүмүүсийн бай болж, сүүлийн үед хэвлэлээр бичигдэх нь бүр ч ихсэх болов. Б.Чойжилсүрэн гишүүн “Хурд” групп, түүний охин компани гэгдэх  30 компанийг 100 хувь эзэмшдэг, жилдээ 26 сая төгрөгийн орлого олдог гэх ч өөрийнхөө нэр дээр автомашингүй гэдэг.

ЖДҮХС-аас 30 сая төгрөгийн зээл авах гээд зүтгэж яваа иргэд нь “майлж” байхад  ганцхан компанитай төрд орж ирсэн Б.Чойжилсүрэн гишүүн 30 компани дангаараа эзэмшдэг гэхээр улстөрч, бизнесмен хоёрын ялгаа, улс төрд байх шалтгаан нь харагдах болов уу. Түүнээс гадна түүнийг бизнесмен гэж тодорхойлж буйн бас нэг шалтгаан бол гурван удаа, 12 жил УИХ-д суусан хэрнээ өнөөдөр Б.Чойжилсүрэн гишүүн санаачилсан, түүний автортой амьдрал дээр хэрэгжиж байгаа хууль гарын хуруунд багтах төдий л болов уу, УИХ-ын гишүүний хувьд шүү дээ.

Тэрбээр 2020 онд ч Увс аймгаа зорино. Харин түүнд Увсыг зорих мандатыг МАН олгоно, харин дахин сонгогдох эрхийг Увсын иргэд олгоно.

Улс төрд анх удаа сонгогдоод байгаа бие даагч гишүүн хүртэл хууль санаачилж байхад өнөөдрийг хүртэл Б.Чойжилсүрэн гэсэн автортой хууль лав хайгаад олсонгүй. Гэхдээ бусадтай хамтарсан, Сангийн сайд байхдаа санаачилсан хуулиудыг энд оруулаагүй гэдгийг тодотгоё.


НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал
  • 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал
  • 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ий захирал
  • 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2009 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж