23-хан насандаа Флорида мужийн Бока Ратон хотын Линний консерваторийн докторантурт суралцаж буй Энхболдын Мөнхшүр. Тэрээр Хөгжим бүжгийн дунд сургууль, Соёл урлагийн их сургуулийг төгсч, Чикаго хотын ДэПол сургуульд магистрын зэрэг хамгаалан одоо ийнхүү докторантурт суралцаж багагүй амжилт гарган яваа бүсгүй. Дөрвөн настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэж өдгөө Флорида, Луизанагийн театрт эх орныхоо тугийг мандуулж яваа авъяаслаг бүсгүйтэй төгөлдөр хуур, сонгодог урлагийн талаар ийнхүү ярилцлаа.
-Хэдий нас залуу ч гэлээ өөрийг тань Флорида, Чикаго, Мичиган, Луизана зэрэг хотуудын хөгжмийн ертөнцөд “Монголын төгөлдөр хуурч” гэж онцолдог гэсэн. Энэхүү амжилтыг хэрхэн олж авсан бэ?
-Би сурахын хажуугаар уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорихыг хүсдэг юм. Өнгөрсөн онд Флоридад төгөлдөр хуурын, Луизанад оркестртой гоцлон тоглож эх орныхоо тугийг мандуулсан. Флоридад болсон наадамд төгөлдөр хуурын төрөлд түрүүлж хоёр орой оркестртой гоцлон тоглож эх орныхоо төрийн далбааг мандуулсан. Энэ бол миний бахархал. Мөн төгөлдөр хуур хөгжмийг олон нийтэд таниулах зорилгоор оролцож Чикагогийн Байгалийн түүхийн музейд БНХАУ-ын нэрт төгөлдөр хуурч Лан Ланы араас алдарт Стэйнвэйгээр тоглож байсан.
-Флоридад болсон төгөлдөр хуурчдын тэмцээнд түрүүлээд бас Чикагод болсон төгөлдөр хуурчдын тухай өгүүлэх баримтад кинонд гоцлол хөгжимийг тоглосон гэсэн.
-Төгөлдөр хуурыг насаар хөгөлсөн хоёр хүний тухай өгүүлэх “147 piano” нэртэй баримтат кинонд тоглосон. Энэхүү кинонд 147 төгөлдөр хуурыг зэрэг тоглодог бөгөөд би Шопены аягыг рояал/гоцлон/ хөгжим дээр тоглосон. Ирэх долдугаар сард кино маань нээлтээ хийх юм.
-Миний хувьд “Би сэтгүүлч” гэж хэлэх, өөрийгөө танилцуулахдаа тунчиг дуртай. Харин “Би төгөлдөр хуурч” гэж хэлэхэд ямар мэдрэмж, омогшил төрдөг вэ?
-Төгөлдөр хуур бол хамгийн төгс хөгжмийн зэмсэг болохоор ч тэрүү маш их туршлага боловсрол, өргөн их мэдлэг, ур чадвартай байхыг шаарддаг юм. Тэгээд ч төгөлдөр хуурчид бусдаасаа илүү урт удаан хугацаанд суралцахыг шаарддаг. “Би төгөлдөр” хуурч гэж яагаад хэлэх дуртай гэхээр тэр мундаг аугаа хөгжмийг өөрийнхөө хэмжээнд тоглож сурсан, чаддаг гэж хэлж байгаа нь миний хувьд бахархал юм шүү дээ. Төгөлдөр хуур нь зуун дамжсан бүтээл харин би ингээд л дуусах нэг амьдрал.
-Яагаад заавал төгөлдөр хуур гэж?
-Бусад хүмүүст хөгжим бүхэн адилхан харагддаг байх. Хөгжмийн боловсролтой хүнд бол арай л өөр. Төгөлдөр хуурийг дуучинтай тоглож болно, цөөхүүл хөгжимтэй ч тоглож болно, тэр ч бүү хэл оркестрттой тоглоно шүү дээ. Төгөлдөр хууртай нийцэхгүй, тоглож болохгүй хөгжим гэж байдаггүй. Хөгжимчин хүнд төгс сонсголтой байна гэдэг тэр бүр олдохгүй ховор үнэт зүйл. Надад төгс сонсгол заяасанд би хэмжээлшгүй ихээр баярлаж явдаг. Тэрнээс миний ойр дотныхонд хөгжим тоглодог, хөгжмийн авъяастай хүн байхгүй.
-Ямар уран бүтээлчдийн уран бүтээлийг голчлон тоглох дуртай вэ?
-Миний хамгийн тоглох дуртай хөгжим бол францын хөгжмийн зохиолчдын бүтээл юм. Яагаад гэхээр франц хөгжмийн хөг аянд монгол хөгжимтэй ижил нэг зүйл бий. Тэр нь аяа долоон хөг дээр биш таван хөг дээр бичдэгт байгаа юм. Ийнхүү таван хөг дээр аяыг тоглохоор дорнын өнгө аяс гарч ирдэг юм. Дорнын мөртлөө европ хөгжим гээд төсөөлөхөөр цаанаа л нэг Ази хөгжим, аяс илэрдэг.
-Өөрөө ая зохиож байсан уу?
-Ёстой зохиож байгаагүй. Гэхдээ ирээдүйд бол магадгүй л юм.
-Төгөлдөр хуур тоглоход болзоонд яваад ирсэн юм шиг яг л тийм мэдрэмж төрдөг гэж өөрөө ярьсан байсан. Төгөлдөр хуурыг эр хүнтэй зүйрлүүлсэн нь сонирхолтой санагдлаа.
-Яг ч болзоо биш юм аа. Надад нэг ондоо ертөнцийн хаалгыг нээж өгдөг гэхэд илүү дөхөх байх. Өөрөөр хэлбэл миний гуравдагч мэлмийг нээж өгдөг гэх үү дээ. Үүнийгээ би онгод хөглөгдөх ертөнц гэж нэрлэдэг юм. 26 минутын тоглолтыг тавихын тулд зургаан сарын турш тасралтгүй бэлтгэл хийдэг. Уран сайхан, түүх, онол талаас нь судлаж бүх зүйлээ мэдрэх хэрэгтэй. Ингээд л бүгдийг мэдрээд хөгжмөө амилуулах тэрхэн үед дээрх мэдрэмжийг авдаг. Жүжигчид нэг дүрд тоглохдоо тухайн хүний дүрд амьдардаг гэдэг дээ. Харин би тухайн хөгжим дотроо амьдарч байдаг юм.
-Залуус гадаадад тэр дундаа АНУ-д энэ төрлөөр суралцах, мэргэжил дээшлүүлэх боломж хир байдаг вэ?
-Ер нь төгөлдөр хуурын чиглэлээр Америк руу явж сурсан хүн цөөхөн. Хоёр гурван хүн л байгаа байх. Ийнхүү суралцахын тулд мэдээж мэргэжлээ маш нарийн эзэмшсэн байх учиртай мөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж toefl-д тэнцсэн байх ёстой. Мөн мэргэжлийн ур чадвараа буюу төгөлдөр хуур тоглож байгаа бичлэгээ хавсарган тухайн сургуульруу явуулдаг. Миний хувьд дөрвөн настайгаасаа төгөлдөр хуур тоглож, Хөгжим бүжгийн сургуульд суралцан улмаар СУИС-ийг улаан дипломтой дүүргэсэн. Мөн 2009 онд ДБЭТ, 2010 онд Улсын Филармонид тоглолтоо бие даасан тоглолтоо үзэгчдэдээ толилуулж, 2011 онд Урлагийн менежментийн хөтөлбөрт хамрагдан “Их талын жааз” наадмын зохион байгуулж байсан. Өөрийн суралцаж эзэмшсэнээ буюу юу хийж бүтээсэн тухай баримт материалаа би Чикаго хавийн бүх сургуульруу явуулсан. Ингээд ДеПол урлагийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж надад олдсон. Сургалтын төлбөр, байр, хоолны мөнгө гээд бүх зардал тэтгэлэгт багтдаг. Би эндээс бараг мөнгөгүй явдаг/инээв/.
Д.ЖАРГАЛ