Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгйн төслийг хэлэлцлээ. Гэвч байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад дэмжлэг авах байх” гэсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд асуулт асууж, санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-“Энэ хуулийг дагаад олон хуульд өөрчлөлт орно. Нөгөө талаас бид Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэх гэж байгаа. Үндсэн хууль бол цэцийн суурь хууль. Тиймээс одоо хэлэлцэх нь хэр зохистой вэ гэдгийг бодолцох ёстой. Үндсэн хуульд цэцийн гишүүн хэн байх вэ гэдэг асуудлыг оруулах гэж байна. Одоо өргөн баригдсан хуулиар цэцийн гишүүн улстөр, хуулийн өндөр мэргэжилтэй хүн байна гэж заасан. Насны хязгаар байгаа. Улстөрийн өндөр мэргэшилтэй, хуульч биш хүмүүсийг Үндсэн хуулийн цэцэд томилсноос болж улстөрийн системийг самардаг байдал 20 гаруй жил үргэлжилж байна. Энэ бол нууц биш. Одоо хийх шинэчлэл цэцийг шүүхийн тогтолцоонд оруулахад чиглэх ёстой. Одоо бол шүүх ч биш, улстөрийн байгууллага ч биш, саармаг байгууллага болжээ. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл хэрэгтэй гэж бодож байна. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хуульчдын холбоо байгуулсан. Гэтэл одоо орж ирсэн төслөөр цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч 3, УИХ 3, Улсын Дээд шүүхийн санал болгосноор томилно гэж орж ирсэн байна. Миний хувьд цэцийг улстөрөөс ангид, хөндлөнгийн нөлөөнд автдаггүй байлгахын тулд Хуульчдын холбооноос цэцийн гишүүнийг санал болгодог байхаар оруулж ирэх ёстой гэх мэт харах зүйл их байна”.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-“Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хуульчид, улстөрчдийн дунд байдаг маргааныг хагалах цаг болсон. Үндсэн хуулийн маргааныг шүүхжүүлэх, шүүх гэдэг талаас нь харах зэрэг дэвшилтэт үйл ажиллгагаа цэц рүү орох ёстой гэдэг дээр итгэл үнэмшилтэй байдаг. Гэхдээ цэц хоёр нүүртэй байж болохгүй. Монгол Улсад шүүх эрх мэдлийг шүүхээс өөр хэн ч хэрэгжүүлэхгүй гэж үгчлэн тайлбарласан шийдвэрийг бичсэн үзэгнийх нь бэх хатаагүй байгаа. Одоо цэцийн хууль өргөн барихаараа дээрх заалтыг “Бидэнд хамаагүй” гэж байгаа нь эргээд асуудал дагуулах вий. Үндсэн хуулийг хөгжүүлж, утга санааг тайлбарлах ёстой эрх мэдлээ буруу ашиглачихаад ийм хууль оруулж ирсэн нь зөв эсэхэд эргэлзэж байна".
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндэс болох Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталснаас хойш 20 жил, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг баталснаас хойш 15 жил дагаж мөрджээ. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд 5 удаа /1995, 1997, 1999, 2003, 2005 онд/, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 2 удаа /2005, 2009 онд/ нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч зарчмын гэх дорвитой өөрчлөлт хийгдээгүй гэж хууль санаачлагч үзэж байна.
Хуулийн шинэчлэн найруулсан төсөл нь 4 бүлэг, 21 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд дараахь зарчмын хэд хэдэн шинэлэг зохицуулалт оржээ. Тухайлбал Үндсэн хуулийн цэцийн мөн чанар, чиг үүрэгт нийцүүлэн шүүх болохыг нь хуульчлан тодорхойлох үүднээс “шүүх эрх мэдлийн байгууллага” гэж тодотгох, цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд түүнийг улируулан томилох, эсхүл чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүйгээр бүрэн эрхийн хугацаа хэтрэх явдал их байсан учир Цэцийн гишүүний орон гарсан тохиолдолд түүнийг нөхөн томилохтой холбогдсон зохицуулалтад “бүрэн эрхийн хугацаа дууссан”-ыг гэж нэмэх, Үндсэн хуулийн цэц нь маргаан хянан шийдвэрлэхээс гадна Цэцийн дарга, орлогч даргад нэр дэвшүүлэх, тэднийг сонгох, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах зэрэг шинээр зохицуулалт оржээ. Мөн цэц нь төрийн дээд байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавьдаг утгаараа Цэцийн гишүүн нь бие даасан, хараат бус, төрийн өндөр албан тушаалтан байх үндэслэл, шаардлагын үүднээс Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй адил зэрэг зиндаатай байхаар төсөлд тусгажээ. Ийм нийтлэг жишиг бусад улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай хууль тогтоомжид байдаг аж. Тухайлбал цэцийн гишүүний алба хаах насны дээд хязгаарыг олон улсыг жишгийг харгалзан 70 нас байхаар заажээ.
Дараа нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцсэн убг асуудал байнгын хорооны гишүүдийн 100 хувийн дэмжлэг авлаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлд хэд хэдэн шинэлэг зохицуулалт оржээ. Тухайлбал одоо мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар УИХ Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл УИХ Үндсэн хуулийн цэцэд хандсан тохиолдол 20 жилийн хугацаанд нэг ч удаа гараагүй аж. Энэ нь УИХ олонхиороо баталсан хуулиа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Цэцэд хандахгүй байгаатай холбоотой гэнэ. Тиймээс УИХ-д бүлэг байгуулах тооны буюу 8-аас доошгүй гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандаж, хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэр, мөн сонгуулийн үр дүн болон мандатад нөлөөлж болох Сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн, түүнчлэн эрх бүхий албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн буюу түүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзвэл хүсэлт гаргаж болохоор тусгасан байна.
С.ОТГОН