Татварынхны тансагласан 4 тэрбум төгрөг замхарчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Татварынхны тансагласан 4 тэрбум төгрөг замхарчээ

Татварынхан тансаглаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс өөрсдийгөө дөрвөн тэрбум төгрөгөөр шагнаж урамшуулсан тухай баримт өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сард дэлгэгдэж, энэ мэдээг сонссон иргэд бараг цочиж байсан байх.

Татварын хэлтсийн дарга нар дүүргийнхээ Засаг даргатай “хавсран” давсан орлогоос хувь хүртэх тухай дүрэм журам баталчихаад ийнхүү өөрсдийгөө тэрбум тэрбумаар нь шагнаж байсан гэж энэхүү сонирхолтой “урамшуулал”-ыг шүүмжлэх хүн олон.

Харин өнөөдөр бодит байдал дээр татварынхны өөрсдийгөө шагнасан гэх дөрвөн тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх нь байтугай энэхүү тансаглалыг эргэн санах хүн цөөн байна. Магад санахыг ч хүсэхгүй байгаа бололтой.

Хамгийн гол нь дарга нар нь урамшуулал авч байгааг жирийн албан хаагчид мэддэггүй гэх. Гэтэл нэг хэлстийн дарга гэхэд л жилдээ 200 гаруй сая төгрөгийн урамшуулал авч байсан нь бий. Тухайн үед энэхүү баримтыг Авлигатай тэмцэх газраас ил болгосны дараа УИХ-ын төвшинд асуудал яригдаж, УИХ-ын дарга З.Энхболд “Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцаан төлүүлэх шийдвэр гаргалаа” гэж мэдээлээд байсан.

Харин өнөөдөр бодит байдал дээр татварынхны өөрсдийгөө шагнасан гэх дөрвөн тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх нь байтугай энэ тансаглалыг эргэн санах хүн цөөн байна. Магад санахыг ч хүсэхгүй байгаа бололтой.


“ДӨРВӨН ТЭРБУМААС БУЦААЖ ТӨЛСӨН ХҮН БАЙХГҮЙ”

Эхлээд татварын хэлстийн дарга нар хэдэн төгрөгөөр өөрсдийгөө шагнуулж байсныг эргэн саная.

Татварын хэлтсийн хурган дарга нар сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд татварын давсан орлогоос дөрвөн тэрбум төгрөгийг халаасласан нь нэгэнт тогтоогдсон асуудал.

“Дүүргийнхээ Засаг даргатай гэрээ байгуулж, Сангийн сайдын баталсан журмын дагуу урамшуулал олгосон учраас дээрх мөнгийг буцаан төлүүлэх боломжгүй. Энэ асуудал тухайн үед УИХ-ын төвшинд яригдаж байх үед Төсвийн бодлогын байнгын хороон дээр Ажлын хэсэг гарч ажилласан. Хариу хэрхэн гарсныг мэдэхгүй байна” гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон ярилаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Төсвийн байнгын хороонд байгуулагдсан ажлын хэсгийнхэн ямар ч нэгэн үр дүнд хүрэлгүй энэ асуудал тэгсхийгээд намжжээ.


"УРАМШУУЛАЛД АВСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨХГҮЙ"

Тухайн үед хамгийн өндөр шан харамжийг хүртсэн дүүргээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шалгарч байсан юм. Тэр үед нийт нэг тэрбум 155 сая төгрөгөөр татварын хэлстсийн дарга нар өөрсдийгөө шагнаж байсан бөгөөд үүний 273 орчим сая төгрөгөөр нь тус дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Сайнбуян шагнуулсан байдаг.

Энэ сэдвийг хэд хоногийн өмнөөс дахин хөндөж, олон нийтийн сүлжээнд зарим бичиг, баримт дэлгэгдэх болсон нь “Татварынхан дахиж урамшуулал авсан уу?” гэх хардлага төрүүлэхэд хүргээд буй.


Бид энэ талаар болон 2013-2014 оны хугацаанд шагналд авсан тэр их хэмжээний мөнгөнөөс улсад буцаан төлсөн эсэхийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Сайнбуянгаас тодрууллаа.

Д.САЙНБУЯН:

-“Тэрбум төгрөгийн шагнал гэж яриад байгаа нь аль өнгөрсөн жилийн асуудал шүү дээ. Төсвийн тухай хууль, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн хууль тогтоомжийн дагуу үр дүнгийн урамшуулал авсан. Хууль бусаар мөнгө авчихсан зүйл байхгүй”.


Ийнхүү хоёрхон жилийн дотор улсын төсөвт төвлөрөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг татварын хэлтсийн хэдхэн дарга нар хувааж “шагнагдсан” асуудал замхрах гэж үү. Улсынхаа эдийн засгийг чирч яваа аж ахуй нэгж, компаниуд, жирийн алба хаагчын татварын мөнгөнөөс өөрдийгөө “хайр гамгүй” шагнасан татварын хэлтсийн дарга нараасаа ядаж тал мөнгийг буцаан төлүүлэх боломж байхгүй гэж үү, Б.Ариунсан дарга аа.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж