Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд болон “Гулзат” ТББ-аас өнөөдөр /2019.06.017/ мэдээлэл хийлээ. Тэд аймгийн Засаг дарга Д.Батсайханыг эсэргүүцэж хууль бус үйлдлийг илчлэхээр 1300 км замыг туулан 10 орчим угалзын толгой ачиж ирсэн нь олны анхаарлыг татав. Тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатарын хэлснээр сүүлийн 14 жилийн хугацаанд 260 байсан аргалийн тоог 2000 болгон өсгөсөн байна.
Гэвч жуулчдад олгох ан агнуурын тусгай зөвшөөрлийн квотыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Сагил сумын Засаг дарга Д.Дэлгэрхишиг нар нэмэгдүүлсэн төдийгүй, түүнээс олсон орлогын 50 хувийг байгальд зарцуулаагүйгээс өвлийн хүйтэнд хорогдсон гэнэ.
Тэрбээр “Манай аймагт хууль хэрэгжихгүй байгаа учраас Улаанбаатарт байгаа сайд дарга нарт, нийт монголчуудад биетээр үзүүлэх гэж угалзын толгойнуудыг авчирлаа. Тодруулбал, биотехникийн арга хэмжээ авахгүй байгаагаас энэ өвөл урд жилүүдээс хэд дахин олон аргаль угалз үхлээ. Барагцаалбал, 50-60. Бид тэдний 10 толгойг нь авчирсан нь энэ юм. Аймгийн ИТХ-аар баталсан менежментийн төлөвлөгөөнд нэг жилд 6 хүртэлх аргалийг агнуулж болно гэж заасан байдаг. Өмнөх жилүүдэд 2-4 аргаль агнаж байсан. 2017 онд БОАЖЯ-нд 6 аргаль агнуулах захиалгыг Засаг дарга 10 болгон батлуулсан. Нэг угалз агнах зөвшөөрөл 19.000 ам.доллар. Энэ мөнгөний 50 хувь нь орон нутгийн төсөвт орж, 50 хувь нь байгальд зарцуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сүрэгт хужир, өвс тавих зэрэг ажилд зарцуулагдах ёстой. Гэтэл өнгөрсөн онд энэ мөнгийг бүрэн олгоогүйгээс өвс, хужраа тавьж чадаагүй. Тиймээс хорогдол их гарсан. Үхсэн аргаль угалзын ходоодыг задалж үзэхэд өвс, баас байхгүйг малын эмч нь тогтоосон” гэлээ.
Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь 2016 оноос эхлэн угалз хамгаалах чиглэлээр байгуулагдсан “Гулзат” ТББ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож эхэлсэн байна. Тодруулбал, гүйцэтгэх захирлыг томилох, “Ан агнуурын менежмент түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” Увс аймгийн Засаг даргын 2015 оны А\583 тоот захирамж, 2015 онд байгуулсан “Гулзат” ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ зэргийг хүчингүй болгосон, 2017 онд дотоод бүтэц, төлөвлөгөөгүй “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д орон нутгийн хамгаалалттай бүс нутгийг хариуцуулсан захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-г зөрчсөн гэж тус төрийн байгууллагаас үзэж байгаа юм. Харин энэ асуудлыг нутгийн зарим иргэн эсэргүүцэж Засаг дарга Д.Батсайханыг огцруулах гэсэн захиалгат хэвлэлийн хурал төдийгүй эдгээр хурал зохион байгуулагчдын зарим нь өөрсдөө угалз агнаж байсан хэмээсэн юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ