Эрх баригчид эвгүй алхам хийвэл эдийн засаг унана

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Эрх баригчид эвгүй алхам хийвэл эдийн засаг унана

Эрх баригчид эвгүй алхам хийвэл эдийн засаг унана

Монгол төр хэт улс төржсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 2018 онд онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай, инфляци зорилтот түвшиндээ хадгалагдаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн. Гэвч энэ онд манай улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал нэмэгдэж, зээлжих зэрэглэл буурах өндөр эрсдэл тулгарч болзошгүй байгаа талаар Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг 2019 оны зургадугаар сарын 10-ны өдөр гаргасан мэдэгдлээрээ анхааруулжээ.

“Монгол Улс сүүлийн хугацаанд гаргасан ололт амжилтуудыг нь алдагдуулах эрсдэл бүхий гадаад болон дотоод сорилтуудтай тулгарч байна” гэсэн гарчигтай тус хэвлэлийн мэдэгдэлд манай улсын зээлжих зэрэглэлд хоёр гол хүчин зүйл нөлөөлөхөөр байгааг онцолжээ. Тодруулбал, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд одоогийн эрх баригчдын бодлогоо хэрэгжүүлэх цаашдын хандлага, мөн уул уурхайн томоохон төслүүдэд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтад хандах хандлага зээлжих зэрэглэлд голлон нөлөөлнө гэж үзэж буй юм байна.

Зах зээлийн санхүүжилтийн зардалд нөлөөлөгч зээлжих зэрэглэлийг тогтоохдоо тухайн улсын санхүүгийн систем, засаглал, төсөв мөнгөний бодлогыг бүхэлд нь авч үздэг. Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага, эсвэл тэдгээрийн гаргаж буй бонд, өрийн бичигт тус тусад нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог билээ.

Улсын зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь улсын компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй тул эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг.

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Fitch” агентлаг өнгөрсөн онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+ болгож өсгөснөө зарлаж, дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өссөн нь Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн гэж дүгнэсэн билээ. В+ зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар сайжирч байгааг илтгэсэн үзүүлэлт юм.

Харин “Стандард энд Пүүрс” (S&P) агентлаг 2018 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлвийг “Тогтвортой” хэвээр хадгалсан билээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөх эдийн засгийн өсөлт болон төсвийн бат бэх байдал (төсвийн алдагдал, Засгийн газрын өр буурах) сайжирсан. Гэвч өнөөдрийн байдлаар, манай улсын зарим ахиц дэвшил улсын эдийн засагт тулгарч буй гадаад болон дотоод сорилтуудын улмаас 2019-2020 онд алдагдаж болзошгүй байгааг Moody’s агентлаг анхааруулжээ.

Монгол Улсын эдийн засаг нь БНХАУ (A1, тогтвортой) руу гаргах түүхий эд (голчлон зэс, нүүрс)-ийн экспортоос өндөр хамааралтай. БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулж буйтай холбоотойгоор Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт 2019, 2020 онд саарах төлөвтэй байна.

Уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах дарамтууд нь Монгол Улсад нэмэлт сорилтууд бий болгож буйг тэмдэглэжээ.

2020 онд болох УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр Монгол Улсын төсвийн алдагдал 2019, 2020 онд нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох төсвийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлээд буй арга хэмжээнүүд хэр үр дүнтэй болох нь 2019, 2020 онд харагдах нь.

Экспортын орлого саарч, аж үйлдвэрлэлийн орцын импортын өсөлтөөс шалтгаалан нийт импорт үргэлжлэн өсч, улмаар урсгал дансны алдагдал нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Мөн уул уурхайн салбарын гадаад шууд хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй санхүүжилт (concessional funding)-ийн эх үүсвэрүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд дэмжлэг болохоор байгааг Moody’s мэдээлжээ.

Дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож буй Монгол Улсын хувьд өөрийн эдийн засгийг тогтвортойгоор хөгжүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт бий болгох, зээлийн хүүг бууруулах зэрэгт зээлжих зэрэглэл чухал.

Эдийн засагчдын дүгнэж буйгаар, манай улс урт хугацаанд уялдаа холбоотойгоор эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, ганц тулгуурт байгалийн баялагт түшиглэсэн системийг өөрчлөх, санхүүгийн зах зээлийн бусад салбаруудыг зэрэгцүүлэн хөгжүүлснээр зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулагчдад таатай бүс нутаг болж чадах билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж