"Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана"

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

"Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана"

"Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана"

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон  аадар борооны улмаас Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг  өнөөдөр /2019.06.17/  18:00 цаг хүртэл хаагаад байгаа.  Одоогийн байдлаар тус суманд бороо  ороогүй ч үерийн ус нэвчиж дуусах хүртэл байдлыг харж байгаад замын хөдөлгөөнийг нээх эсэхийг шийдэх аж. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа. 


ҮНДСЭН ЗАМЫГ ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ТУРШИД ХААЖ ТУСЛАХ ЗАМААР ХӨДӨЛГӨӨНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний хяналтын  хэлтсийн  дарга К.Айдос “Энэ сарын 15-ны өдөр орсон борооны улмаас  Төв аймгийн Лүн сумын нутагт их хэмжээний үер бууж,  20 гаруй  метр зам  тасарсан, зарим газарт замын далан нь  нурсан, газрын гадаргуутайгаа ижил түвшинд очсон байна. Үерээс болж 1300 орчим зорчигч, 28 автобус боогдсон. Авто тээврийн үндэсний төв , Зам  тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албаныхан  хамтран газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. 

Тухайн өдрөө  Төв аймгийн Баянхангай сумаар тойрч явдаг  замыг ашиглах боломжтой  гэж үзээд  зорчигчдыг  жижиг тэрэг, автобусаар зөөсөн.  Өнөөдөр өглөө гэхэд үерийн голомтоос 19  автобусыг гаргасан. Баруун тийш нэвтрэх замыг 15-ны өдрөөс 16-ны өдрийн 18.00 цаг хүртэл хязгаарласан ч  Баянхонгор Өвөрхангай аймгаар үргэлжлүүлэн аадар  бороо орсны улмаас өнөөдөр  18.00 цаг хүртэл  сунгасан.

Гэхдээ  Лүн сумын замыг   өнөөдөр  маргаашийн дотор засах ямар ч боломжгүй.  Шавар, ус ихтэй байна. Тиймээс   ус нь татраад хуурай болсон үед туслах замаа гаргана. Үндсэн замыг засахад 14-20 хоног  шаардлагатай гэж зам арчлалт засварынхан бидэнд мэдэгдсэн. Бид үндсэн замаа хоёр долоо хоногийн туршид хааж туслах замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлье  гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хэрэв туслах   зам  засагдахгүй  тохиолдолд  Лүн сумаас шууд хойд чиглэл буюу Булганы Дашинчилэн  сумаар тойруулан Булган, Эрдэнэт, Дархан чиглэлээр явах боломжтой " гэв. 

ӨНӨӨДӨР 17.00 ЦАГААС ЭХЛЭН ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ  ХААНА

Баянгол дүүрэг дахь замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын   117 км зам эвдэрсэн. Борооны улмаас орон нутгийн замууд их эвдэрсэн. Тухайлбал,  Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн авто замын  үерийн усны улмаас нурсан, зарим газарт, зам тасарсан,  доогуураа усанд идэгдэж тээвэрлэлт гүйцэтгэх боломжгүй болсон. Замын хязгаарлалт  өнөөдөр /2019.06.17/ 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн  Дархан Эрдэнэт Сэлэнгийн  чиглэлийн замыг засварлах шаардлагатай болсон учраас өнөөдөр /2019.06.17/ 17.00 цагаас эхлэн замыг  хаахаар болсон. Ингэхдээ  Булган Хөвсгөл Орхон, аймгийн чиглэлд зорчих  тээврийн хэрэгслүүд  22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган  аймгийн Дашинчилэн сумаар  хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм.

Өчигдөр орой баруун чиглэл рүү явах товчоон дээр ачаалал их үүссэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид замыг хязгаарлан хонож ажилласан. Тухайн замыг  хаасан байхад цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэлгүй өөрсдийнхөө машинд найдан замгүй бүсээр жалга,  гүвээ давж явж байгаад осолдсон хэрэг гарсан. Тодруулбал, өчигдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унаж дөрвөн  том хүн нэг хүүхэд газар дээрээ нас барсан. Ослоос  ганц хүүхэд л амьд гарсан.  Хүүхдийн бие тааруу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт  эмчлүүлж байна. 

Иргэдэд нэг зүйлийг сануулж хэлэхэд   Эмээлтийн постоос эхлэн  тээврийн цагдаагийн албаныхан хязгаарлалт хийгээд гаргахгүй байгаа. Гэтэл иргэд өөрсдийнх нь   эрүүл мэнд , эд хөрөнгийг нь хамгаалж байгаа үйлдэл гэдгийг огт ойлгохгүй байна. Явах боломжгүй гээд  эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гарсан байхад  л 61-ийн гарам эсхүл Баянчандманиар тойроод баталгаагүй замаар яваад шаварт сууж байгаа  тохиолдол  их байна” гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж