Шилэн технологи шалгуулагчдын эргэлзээг арилгажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Шилэн технологи шалгуулагчдын эргэлзээг арилгажээ

Шилэн технологи шалгуулагчдын эргэлзээг арилгажээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.06.17/ Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жилийн хувьд шалгалтаа өгсөн даруйд дүнгээ сонсдог шилэн технологи нэвтрүүлсэн бөгөөд  Нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд 160 орчим шалгуулагч түүхийн  шалгалт өгсөн даруйд дүнгээ шууд сонслоо. Нийтдээ 100 оноо авахаас ихэнх нь шалгуулагч 28-67 авч байв. Энэ бол анхны дүн, хэмжээс дүн маргааш тодорхой болгоно гэж Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлсэн юм. Хэмжээс дүн гэдэг нь шалгуулагчдын оноог 200-800 оноо руу шилжүүлж бодохыг хэлж байгаа аж.

Монголын түүхийн хичээлийн шалгалтын сэдэв хүнд учраас анхны дүнгээр  шалгуулагчдыг муу байна гэж эцэг эхчүүд  ойлгож болохгүйг Боловсролын үнэлгээний төвийнхөн мөн тайлбарлав.

Тус төвийн захирал Ж.ГАН-ЭРДЭНЭ

-Өнөөдөр шалгалт дууссаны дараа нэгтгэл хийж, шалгуулагчдын нийт  дүнг 200-800 оноо руу шилжүүлж хэмжээст оноог гаргана. Анхны оноонд суурилж хэмжээст оноо гарах учраас ямар нэгэн зөрүү, оноо өөрчлөгдөх асуудал гарахгүй. Тодруулахад, элсэлтийн ерөнхий шалгалт нь уралдаант шалгалт учраас хүндрүүлсэн сэдэв ирдэг. Иймд шалгуулагчдын дундаж дүн бага гардаг учраас сургалтын чанартай холбох нь зохимжгүй. Мэдээллийн технологийг ашиглан шалгуулагчдын дүнг газар дээр нь зассанаар тэдэнд итгэл үнэмшлийг өгч байна. Хоёрдугаарт, жилд 10 мянга орчим шалгуулагч сумын төвөөс аймгийн төв рүү болон ойролцоох дүүрэгт шалгалтаа өгсний дараа 14 хоног хүлээдэг байсан  асуудлыг цэгцэлж байна. Ингэснээр нэг шалгуулагчаас дунджаар 200 орчим мянган төгрөгийн зардал гардаг байсныг хэмнэж байгаа юм. Ерөнхийдөө эцэг эх, сурагчдын халааснаас гарах тэрбум орчим төгрөгийн зардлыг хэмнэж байна гэсэн үг. Шалгалтын зохион байгуулалтын хувьд ч тодорхой хэмжээний зардлыг хэмнэлээ" гэсэн юм.

Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи аж. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс санхүүжүүлжээ.  Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой гэнэ. Тиймээс  нэгдсэн журмаар шалгуулагчдыг нэгдсэн журмаар харандаагаар хангаж байгаа аж. Уг төхөөрөмжийг шалгалтын төвийн 32 байранд байрлуулсан байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 50 байсан шалгалтын төвийг энэ жил 32 болгон цөөлсөн нь нийт төгсөгчдийн тоо багассантай холбоотой аж.

Шалгалтын дүнг шууд засах шилэн  технологи нь цагт 2800 хуудас материалыг засах хүчин чадалтай ба нэг ангид шалгуулагчдын дүнг 3-5 минутад  шууд гаргаж буйгаараа онцлогтой. Нэг шалгуулагчийн материалыг нэг минут хүрэхгүй хугацаанд засч буйг шууд засалтын шилэн технологийг хариуцсан Б.Хас-Очир хэлсэн юм. Тэрбээр “Шалгуулагчдын материалыг хянагч багш нь битүүмжилсэн цаастай авчирч, шалгуулагчдын нүдэн дээр задалж, материалыг  шууд засалтын төхөөрөмжид дамжуулна. Энэ даруйд дүнг нь танилцуулж байгаа. Шалгуулагчид дүнгээ таван минут хүрэхгүй хугацаанд харах боломжтой гэдгийг харж байгаа байх. Уг төхөөрөмж нь интернетэд холбогдоогүй болохоор шалгалтын материалыг засах явцад ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж хэлж болно” гэлээ.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн шалгалтын төвд нийт 29 багш хянагчаар ажиллаж байна. Шалгалтын дүнг шууд засах шилэн  технологитой болсноор багш нарын ачаалал буурч, шалгуулагчдын дунд хардлага, ямар нэгэн гомдол байхгүй болсныг багш нар хэлж байна. Энэ талаар тус сургуулийн хянагч багш нарыг хариуцан ажиллаж буй Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн Сургалтын менежер Б.Уламбаяр хэллээ. “Шалгуулагчид дүнгээ сонсох гэж олон хоног зарцуулдаг байсан бол шалгалтаа өгсөн даруйд дүнгээ сонсч байгаа нь их чухал. Багш нар шалгуулагчдыг аль болох үнэн зөв шударга байх талаас нь анхаарч ажиллаж байна. Дэвшилтэт технологийг ашиглан багш нарын ачаалал ч бас буурсан давуу талтай. Тухайн багш өмнө нь нэг шалгуулагчийн материалыг засахад 2-3 цаг зарцуулдаг, ялангуяа бичгийн шалгалтад хугацаа их зарцуулдаг байсан бол одоо шалгалтын дүнг богино хугацаанд танилцуулж буй нь багш нарын ачааллыг маш их хөнгөлж өгч байна. Одоо физикийн хичээлийн шалгалт эхэлнэ” гэлээ.

Шалгуулагчдын зүгээс ч бас дүнгээ шууд мэдэж байгаад баяртай байв. Дорнод аймгаас Нийслэлийн 23 дугаар сургуульд ирж, Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн Б.Мийрагжав “Шалгалтын дүнг шууд засч байгаа нь их давуу талтай санагдлаа. Дүнгээ сонсох гэж өмнө нь 14 хоног хүлээдэг, цаг хугацаа алддаг байсан. Шалгалтын материалыг нүдэн дээр ил тод засч байгаа нь ямар нэгэн алдаа гарна гэсэн хардлага таамаг байхгүй итгэлт үнэмшил төрүүллээ” гэв.  Мөн шалгуулагч н.Отгон-Өлзий  “Нүдэн дээр ил тод дүнг засч байгаа нь итгэл үнэмшилтэй юм. Өмнөх жилүүдэд шалгалтын дүнг хэрхэн засч буй нь тодорхойгүй байсан шүү дээ. Бас шалгалтаа өгснийхөө дараа дүнгээ харж байгаа нь цаг хугацаа хэмнэсэн санагдлаа. Шалгалтын сэдэв тийм ч хүнд байгаагүй” гэлээ.

Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг хараад шууд дүнгээ сонсч байгаа бөгөөд дүнгийн танилцуулга ойлгомжтой байгааг шалгуулагчид хэлж байв.

Өмнө нь шалгалтын дүн оноог 14 хоногийн дотор мэдээлдэг, шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа ил бус байснаас дүн оноондоо эргэлзэх хадлага жил бүр гардаг байсан. Энэ жил шилэн технологийг нэвтрүүлснээр шалгагч машин цагийн дотор бүх оноог дүгнэж, нэгэн зэрэг мэдээлж буй юм. Энэхүү технологийг өмнөх жил Дархан-уул, Ховд аймагт туршсан нь амжилттай болсон тул энэ жилээс улс орон даяар ийнхүү хэрэгжүүлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж