УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-д оруулахаар боллоо. Энэ асуудалтай холбогдуулж, Уул уурхайн сайд Р.Жигжидээс дараах асуултад хариулт авлаа.
-Засгийн газар Гацууртын ордыг яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр УИХ-д оруулсан. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор яарсан уу?
-Бидний харж байгаагаар эдийн засгийн эргэлтэд хамгийн хурдан орох, дээр нь хурдан валют болох ашигт малтмал бол алтны ордууд юм. Тийм учраас Засгийн газар алтны ордод илүү их ач холбогдол өгсөн. Тийм учраас бэлтгэгдсэн ордуудаа эрэмбэ дараатай оруулах гол чиглэлийг барьж байна.
-Хувь эзэмшилтэй холбоотойгоор УИХ дахь намын бүлэг бүр өөр, өөр байр суурь барьж байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн хувилбар болох 34 хүртэл хувь эзэмшихийг дэмжиж байхад Шударга ёс “100 хувь төрийн өмчит орд” гэх жишээтэй. УИХ дахь МАН-ын бүлэг харин төр хувь эзэмших шаардлагагүй гэх. Аль хувилбар нь Монголд илүү өгөөжтэй юм бэ?
-Гацуурт стратегийн орд болсон. Дараагийн алхам нь тус ордоос төр хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг тогтоох асуудал юм. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон стратегийн ордын тухайд төр 34 хүртэлх хувийг эзэмшинэ гэж заасан. Хуулиар олгосон 34 хувийг эзэмшихийн тулд тэр хэмжээнийхээ хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын төсөлд хүчин төгөлдөр хуулийн хамгийн дээд хязгаараар санал болгож байгаа. Гэхдээ үүнээс илүү боломж бий. Өөрөөр хэлбэл, тус ордод төр хувь эзэмшихийн оронд түүнээс багагүй хэмжээний мөнгөн урсгалыг Монголд оруулахын тулд стратегийн ордын тусгай төлбөр аваад явах нь илүү ашигтай гэж харж байна. Төр ордод хувь эзэмшинэ гэдэг бол эхлээд хөрөнгө оруулалт хийнэ. Хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл авна. Авсан зээлээ эргүүлж төлнө. Эцэст нь ногдол ашиг авна. Ногдол ашиг гаргахын тулд үйл ажиллагааны зардлуудыг хасаж, хамгийн сүүлд нь ашгаа хуваах тухай ярина. Тэрний 34 хувийг манайх авах ажил үе шаттайгаар явна. Тэгэхээр хугацаа хэрэгтэй. Бидний хийж байгаа тооцоогоор долоо дахь жилээс ашгаа өгнө.
-Хэдэн жилийн хугацаатай хэрэгжих төсөл билээ?
-Үндсэндээ 9-10 жилийн хугацаатай хэрэгжих төсөл юм.
-Тэгэхээр ашиг авах хугацаа маш богино байх юм биш үү?
-Засгийн газраас санал болгож буй хувилбар бол тэр компани ашигтай, ашиггүй ажилласнаас хамааралгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан орлогоос хувь авах юм. Энэ тохиолдолд эрсдэл багатай, Монголын хувьд.
-Хэдий хэмжээний тусгай төлбөр авах тооцоо гаргасан бэ?
-Одоогийн тооцоогоор 265 сая ам.долларын тусгай төлбөр авах тооцоо бий. Хэрвээ 34 хувиа аваад явах юм бол 254 саяам. долларын өгөөж Монголд оногдоно гэсэн эдийн засгийн тооцоо гарсан.
-Хэдий хэмжээний алтны нөөцтэй орд юм бэ. 74 тонн л гэх юм, арай өөр тоо ч яригдах юм. Дээр нь бие даагч гишүүдийн зүгээс энэ ордыг 1 тонн алтны үнээр арилжих гээд байна гэсэн мэдэгдлийг өчигдөр хийсэн?
-Баталгаатай нөөц нь 50 тонн юм, харин тодорхой нөхцөлд ашиглах нь 26 тонн, нийт 76 тоннын нөөцтэй гэсэн судалгаа бий. Ер нь энэ ордыг ашиглахад нөхцөл нь хүнд.
Эхний хөрөнгө оруулалт нь 250 сая ам.доллар. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд” компани нь өмнө нь явуулж байсан үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож одоо ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрээ ашиглах учир эхний хөрөнгө оруулалтын зардал нь харьцангуй бага. Тэр хэрээр хурдан үйл ажиллагааны эргэлтэд орох боломжтой гэж бид харж байгаа.
-Гацууртыг ашигласнаар хэчнээн ажлын байр бий болох вэ?
-500-гаад хүн ажлын байртай болно гэсэн сүүлийн тооцоо гарсан байна лээ.
Г.ДАРЬ