Үүдэл эсийн зуун | News.MN
Үүдэл эсийн зуун

Томоохон дэвшил бол үүдэл эс. Дэлхий дахинд үүдэл эсийн эмчилгээ, судалгаа эрчээ авч байна. Нэг ёсондоо үүдэл эс бол хүний бие дэх түргэн тусламж гэж хэлж болно. Учир нь хүн өвдөж, гэмтвэл эсүүд нь үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж, үхэжсэн, гэмтсэн эсийг шинэчлэн нөхдөг аж. Үүдэл эс нь өөрчлөлтөд ороогүй биологийн эс бөгөөд тусгай зориулалттай болон хуваагдан олширч чаддагаараа давуу талтай. Тиймээс үхсэн эсийг нөхөн төлжүүлдэг чанарыг  нь ашиглан аливаа өвчнийг эмчлэх боломж бүрдээд байна. Хорт хавдар, цус харвалт, нуруу нугасны гэмтэл, арьсны түлэгдэл гээд олон төрлийн өвчнийг эмчлэхэд үүдэл эс чухал үүрэгтэйг эмч, судлаачид хэлдэг. Энэхүү аврагчийн талаар олон орны судлаач, эмч нар маш нарийн судалдаг боллоо.

Манай улс ч гэсэн энэхүү эмчилгээг нэвтрүүлж эхлээд буй. Цусны хавдартай өвчтөнийг дунд чөмгийнх нь үүдэл эсээр эмчилж байгаа тухай холбогдох мэргэжлийн эмч нар ярьдаг. Гэтэл зөвхөн чөмгөөр тогтохгүй хүний өөхнөөс үүдэл эсийг ялган авч эмчилдэг аргыг цөөнгүй улс нэвтрүүлсэн тухайгаа өнгөрсөн баасан гарагт болсон үүдэл эсийн эмчилгээний хурлын үеэр онцолсон юм.

БНСУ өөхнөөс үүдэл эс ялган авч эмчилдэг аргыг өргөн хэрэглэдэг болжээ. Тус улсын үүдэл эсийн эмчилгээний олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Тэёон Ким хэлэхдээ “Манай улс үүдэл эсийн эмчилгээг 2007 онд нэвтрүүлсэн. Хүмүүс энэ эмчилгээг хийлгэх сонирхол их байдаг. Гэвч тэр үед эмийн компаниуд үүдэл эсийг хяналтгүйгээр ашиглаж, элдэв төрлийн биологийн бүтээгдэхүүн гаргаж авдаг болсон тул төрөөс үүдэл эсийн эмчилгээнд хориг тавьсан. Төрөөс хориг тавьчихсан чинь иргэд өөр улс орон руу явж үүдэл эсийн эмчилгээ хийлгэж эхэлсэн. Тиймээс дотоодын эдийн засгаа дэмжихийн тулд 2009 онд үүдэл эсийн эмчилгээ хийхийг хуулиар зөвшөөрсөн. Бид тухайн өвчтөний өөхнөөс үүдэл эсийг ялган авч, эмчилдэг болсон. Үүдэл эсийн эмчилгээ хийлгэхэд эмнэлэгт хэвтэж олон хоног үрэх ямар ч шаардлагагүй. Ердөө цаг гаруй хугацааг зарцуулахад л хангалттай. Сүүлийн үед бөөр, үе мөчний өвчнийг үүдэл эсээр эмчилж байгаа. Эмчилгээний өртөг ч тийм өндөр биш байдаг. Дэлхий дахинд үүдэл эсийн эмчилгээг чухалчлах болсон нь сайн талтай. Өвчтөнийг өөрийнх нь эсээр эмчилж байгаа учраас аюулгүй. Нэг анхаарах зүйл нь хадгалалт. хамгийн багадаа 10 жил хадгалахын тулд лаборатори нь дээд зэргийн шаардлага хангасан байх ёстой. Өвчтөнөөс  ялгаж авсан 10 сая эсээр ердөө 2-3 удаагийн эмчилгээ хийдэг” хэмээв.

АНУ-д л гэхэд дан ганц эмчилгээнд бус хувь хүний мэдээллийн санг бүрдүүлэх, удамшлын өвчнийг нь тогтоох гээд олон янзаар үүдэл эсийг ашигладаг. Тухайлбал, My hertage компанид гэхэд 92 сая хүн ханджээ. Эмчилгээ хийлгэхээс гадна хүмүүс өөрийнхөө ДНК-г бусад хүмүүсийнхтэй харьцуулах мэдээллийн сан бүрдүүлэх гээд олон талаар ашигладаг болжээ. Мөн Ancestry компани үүдэл эсийн шинжилгээгээр гэр бүлийнх нь удмын мэдээллийг гаргаж өгдөг юм байна. Иймэрхүү үйлчилгээний өртөг нь 100-200 ам.доллар бөгөөд нэлээд эрэлттэй бизнест тооцогддог ажээ.

Монголын эрдэмтэн, эмч, судлаачид ч гэсэн үүдэл эсийн эмчилгээнд анхаарал хандуулж буй. Гэхдээ судалгаа хийх нь нэг өөр, эмчилгээнд нэвтрүүлэх нь хамгийн гол алхам. Үүдэл эсийн эмчилгээ хийхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Манайд эд эртхэн шилжүүлэн суулгах, эсийн эмчилгээ хийх талаар тусгайлан хууль батлах ёстойг холбогдох албаны хүмүүс онцлов.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-06-17 202.179.25.134

Бас л хоцорлоо Судалсан юмыг юунд
судлах гэж эхлээд эмчилгээнд хэрэглэж эхлээд дараа нь судалмаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж