Төв зам дагуу байрлуулсан төмөр хашлага өнгөрөгч долоо хоногт багагүй шүүмжлэлд өртсөн. 4850 ширхэг хашлагыг 750 сая төгрөгөөр урд хөршөөс импортоор орж ирсэнийг иргэд шүүмжилж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэггүй гэсэн хардлагын жишээ болгосон.
Улаанбаатарын өнгөнд “хүч” нэмсэн шар хашлага байгалийн гэнэтийн үзэгдэлд байрлалаа түр өөрчилж орхилоо. Үүнийг харсан овжин нэгэн нь “Салхинд согтон найган дэлбэрсэн Сайхан төсөвт шаргал хашлага минь” хэмээн шүлэглээд авлаа. Анх тавих үеэр нь авирч гарсан хоёр ах нэг хэсэгтээ шүүмжлэлийн бай болсон ч хашлагыг хотын төвд тавьсан хэвээр. Хотын иргэдийн сахилга батыг сайжруулж, дүрмээ зөрчих иргэдийг багасгаж байгаа гэх албаныхан тайлбарладаг ч энэ ажил нь байгалийн түр зуурын үзэгдэлд шалгуулаад өнгөрдөг.
Өмнөх хашлагуудын гашуун түүх олон бий. Энэ жилийн хашлага нь овоо жинтэй болсон байх, удаан эдэлгээтэй байх гэж харсан ч өнөөх нь иргэдийн эд хөрөнгийг эвдэж, тэдэнд багагүй хохирол учрууллаа. Мэдээж хуй салхины буруу биш ч гэлээ хувийн эд хөрөнгөө шар хашлаганд эвдүүлсэн иргэд хэнээр хохирлоо төлүүлэх вэ?
Хэдэн зуун саяар үнэлэгдэх хэврэг замын хашлагуудын "сахилгагүйтэл" нэг биш удаагийнх биш билээ. Жилээс жилд замын хашлагыг сайжруулж байгаа ч энэ нь үр дүнд хүрэхгүйг харуулсан байна. Мөн төв замдаа төмөр хашлагатай хот Улаанбаатараас өөр байгаа болов уу. Замын дүрэм зөрчиж байгаа иргэдэд заавал хашлага тавьж ойлгуулах ёстой юу? Хэдэн мянган машиныг торгох камерын хэдэн зуун саяын өртөгөөр тавьсаар байтал хэн нэгэн Төв замдаа дүрэм зөрчөөд явах уу? Энэ асуултыг иргэд олон жил тавьсаар байна. Сүүлдээ нөгөө хашлагын үнэ нь улам өндөрсөж, бүр цаашлаад хөрш улсаасаа дамлан авчирсаар. Үүнийг нь иргэд амархан гаргаад тавина. Хятадын зах зээлийн үнээсээ хэд нугалаад Монголд орж ирэх хашлагыг хараад үндэсний үйлдвэрлэгчид толгой сэгсэрнэ. Ингэж боломгүй баймаар.
Нэгэнт Нийслэлийн төсөвт тусгагдан Хот тохижилтын хөрөнгө хийсэж байгаа ч татвар төлөгчдийн мөнгө нэг хэсгийн карманд орно. Бид “дүрмээ зорчиж байгаад иргэдийг зогсоохын тулд хашлагыг байрлуулсан” гэдэг тайлбарыг албаныхан өгсөөр байгаа ч энэ нь зөв газартаа тавигдсан уу. Үнэхээр замын түгжрэл, дүрэм зөрчигсөд хаана байдаг вэ? Албаныхан нэгэнт гаргасан шийдвэрийг дагаж байгаа гэх боловч энэ хашлага дүрмээ зөрчдөг гэр хороолол дунд хэрэгтэй баймаар санагдана.
Ямартаа ч сүүлийн үед анхаарлын төвд байгаа шар хашлагыг цаашид хэр тэсэж үлдэхийг харах л үлдлээ. Хотын дүрэмгүй зөрчил хаана байна тэнд хашлага хэрэгтэй баймаар. Монголд хийж байгаа ажил бүхнийг байгалийн гэнэтийн үзэгдэл шалгаад өгдөг болохоор гэнэт Хотын төвд морилсон шар хашлага хуй салхинд байрлалаа өөрчилж, дүнгээ тавиулсан. Бид хэдий болтол хашлагатайгаа зууралдах вэ?
Ч.ШАРХҮҮ