Америк-Хятадын маргаан сансарт "нисэв"

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Америк-Хятадын маргаан сансарт "нисэв"

Америк-Хятадын маргаан сансарт "нисэв"

Америк-Хятадын хооронд худалдааны дайн өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө. Нэг жил орчмын өмнө эхэлсэн уг маргаанд хоёр тал зөвшилцөлд хүрч болох хангалттай хугацаа өнгөрсөн ч хэн хэн нь бууж өгөх бодолгүй байгаа бололтой. Худалдааны маргаан өдгөө улам ширүүсч, сүүлдээ бүр маргалдагч талуудын тэмцэл сансрын уудамд хүрэв бололтой. АНУ-ын Ерөнхийдөгч Дональд Трамп бие даасан “Сансрын хүчин” байгуулахыг хүссэн. Харин Бээжингийн зүгээс тойрог замд шинэ зэвсгүүдээ оруулахаар чармайн ажиллаж байна. Хятадын томоохон албан тушаалтнуудын нэг хэрэв АНУ Хятадтай сансарт хүч үзэхийг хүсч байгаа бол “ялагдахдаа бэлд” хэмээн анхааруулжээ.

“Хязгааргүй дайн: АНУ-ыг нухчин дарах Хятадын мастер төлөвлөгөө” номыг зохиолцсон, Хятадын агаарын хүчний генерал асанЧиао Лианг “Магадгүй АНУ-ын эдийн засгийн хүчирхэг байдал хүйтэн дайнд ялахад нөлөөлсөн байх. Гэхдээ Хятад улс бол ЗХУ биш. АНУ одоогийн үйлдвэрлэл хөгжсөн хүчирхэг Хятад улсыг  яаж ч чадахгүй. Хэрэв АНУ ЗХУ-ыг зэвсгийн уралдаанд татан оролцуулсан шигээ Хятадыг бодож байвал эцсийн дүнд ялагдагч нь Хятад улс биш байх болно” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр Вашингтон, Бээжин аль аль нь цэрэгжүүлсэн сансрын хүчинг бэлтгэхэд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж байгааг онцлоод, АНУ-ын аюулгүй байдлын зарим ажилтнууд болон өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хоёр улсын байдлыг улам хурцадмал болгож байгааг сануулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан “АНУ бие даасан Сансрын хүчинг байгуулах хэрэгтэй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин Трампын энэ мэдэгдлийг Чиао Лианг “ухаангүй үйлдэл” хэмээн буруушааж, үүний үр дүнд хоёр улс бие биенийхээ хиймэл дагуулыг устгах лазер, кибер зэвсгүүдийг хөгжүүлж, сансарт дайн дэгдэх болно гэжээ.

Чиао Лианг цааш нь хэлэхдээ “Хятад улс сансрын дайныг хүсэхгүй байгаа. Гэвч Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ямар ч улсыг эсэргүүцэх болно. Үүнд АНУ ч мөн хамаатай. Хятадын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал АНУ-ынхаас давуу байгаа. Хүйтэн дайны үед АНУ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс байсан гэдэг. Гэхдээ ЗХУ ч бас хоёрдогч байгаагүй. Харин одоо Хятад дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс” гэв.

Нөгөөтэйгүүр, Пентагоноос гаргасан Хятадын зэвсэгт хүчний аюул заналыг тодорхойлсон баримт бичигт “сансар” гэдэг үг 86 удаа давтагдсан байсан нь зүгээр нэг тохиолдол биш юм. Мөн энэхүү баримт бичигт Хятадын чөлөөлөх арми урт хугацааны нарийвчлалтай цохилт өгөх шинэ лазерийн зэвсэг хөгжүүлж байгаа тухай анхааруулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс болон зэвсэгт хүчний томоохон удирдагчид “Сансрын хүчин” байгуулах гол шалтгаан нь Хятадын явуулж буй цэрэгжүүлсэн сансрын хөтөлбөр юм гэж тайлбарласан байна.

Дэд Ерөнхийлөгч Майк Пенс саяхан Хятадын нисгэгчгүй хөлөг саран дээр амжилттай газардсан явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. АНУ хамгийн сүүлд 1972 онд нисгэгчгүй хөлгөө саран дээр газардуулсан билээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний сансрын зөвлөлийн хуралд оролцох үеэрээ “Арванхоёрдугаар сард Хятад улс сарны нөгөө талд газардсан анхны улс болж, энэ салбарт ганцаар оршин оршин тогтнох гэсэн хүсэл эрмэлзлэлээ тодорхой харууллаа. Ингэснээр Хятад улс сансар судлалын салбарт хамгийн хүчирхэг улсуудын нэг болж байна” хэмээн хэлж байжээ.

“Үүнээс илүү санаа зовоосон асуудал нь АНУ, Хятадын аль нь ч нөхцөл байдлыг намжаах арга хэмжээг дипломат бодлогоор зохицуулахыг хүсэхгүй байгаа юм. Хятад улстай зэвсгийн хүчээр хүч үзэх нь энэ дэлхий дээр байгаа хүн бүрт аюул занал учруулна гэдгийг мэдсээр байж АНУ-ын бүх бодлого алхам нь Хятадтай тэмцэх зорилготой байгаад ихэд санаа зовж байна. Хоёр улс огтхон ч яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна” хэмээн “Аюулгүй дэлхий сан”-ийн хөтөлбөр боловсруулагч Брайн Вийдэн хэлээд сансрыг энх тайванч, тогтвортой замаар ашиглахыг уриалсан байна.

Бие даасан шинжээч Намрата Госвами “АНУ-ыг сүрдүүлж буй Хятадын заналхийлэл хүмүүсийн бодож байгаагаас ч аюултай байж мэднэ. АНУ Хятад улсын хүчин чадлыг дутуу үнэлээд байх шиг санагдаж байна” гэж хэлжээ.

АНУ-ын тагнуулын байгууллагын саяхны мэдээлэлд сансар руу чиглэж буй Хятадын бодлого эрчимжиж байгааг харуулжээ. Хятад улс дэлхийн тойрог замд хүссэн хиймэл дагуулаа устгах чадвартай дэвшилтэт лазер төхөөрөмжийг тун удахгүй ашиглаж эхлэх талаар дурдсан байна. Мөн Хятадын сүүлийн үеийн зэвсгүүд нь АНУ-ынхаас хол илүү зайд довтлох чадвартай байгааг баталсан байна. Хятадын хөгжүүлж буй лазер төхөөрөмжүүд нь дайсныхаа хиймэл дагуулуудыг устгаж “дайснаа сохор, дүлий болгох” гол зорилготой гэж АНУ-ын тагнуулын мэдээлэлд дурдсан байна.

Эх сурвалж: POLITICO.COM

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж