Хэн нэгэнд хэлхээтэй хэдэн яснаас цаашгүй сэтгэгдэл төрүүлэх эд харахаас хазахын заяагүй гаднынхны шуналыг хөдөлгөдөг юм гэсэн. Тэртээх ертөнцөд амьдарч байсан эртний аварга амьтдын нууц зөвхөн Монголын говь нутагт л байгааг дэлхий дахин онцолсоор байна. Монгол Улсаас дэлхийн аль ч тивээс өмнө нь олдож байгаагүй хоёр шинэ төрөл зүйл шинжлэх ухааны салбарт томоохон нээлт хийснийг олон улсын нэр хүндтэй PeerJ болон Plos One сэтгүүлд тус тус онцолжээ. Одоогоос 120 сая жилийн тэртээ цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт Чойродон барсболдиа, Гобихадрос монголиансис нэртэй хоёр төрөл, зүйлийн нээлт бүтээлийг Монголын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, үлэг гүрвэл судлаач, доктор Х.Цогтбаатар туурвисан бөгөөд уг олдвор нь үлэг гүрвэлийн хувьсал, хөгжлийн шинэ үеийг агуулж буйгаараа онцлог аж. Эдгээр амьтдын тухай түүхийг өгүүлье.
СУДЛААЧ Р.БАРСБОЛДЫН НЭРЭЭР НУГАСАН ХОШУУТ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨВГИЙГ НЭРЛЭЖЭЭ
Чойродон барсболдиа (Choyrodon barsboldia Gates & Tsogtbaatar, 2018)
-Говьсүмбэр аймгийн Чойр хотын нэрээр болон нэрт үлэг гүрвэл судлаач Р.Барсболдын нэрээр нэрлэгдсэн ургамал идэшт үлэг гүрвэлийн олдворыг анх Монголын эрдэмтэн судлаачид 1982 онд илрүүлжээ.
Одоогоос 120-125 сая жилийн өмнө буюу түрүү цэрдийн галавын үед амьдарч байсан, 4-5 метр урт, урд хоёр хөл нь харьцангуй илүү хөгжсөн боловч ихэвчлэн хойд хоёр хөл дээрээ явдаг, нугасан хошуут үлэг гүрвэлүүдийн өвөг байж болох энэ балар эртний амьтны олдвор Чойр хотоос 60 км зайд орших Хүрэн дух гэдэг газраас илрүүлснээс хойш 26 жилийн дараа палеонтологийн салбарт томоохон нээлт болж олон улсад нэр хүндтэй PeerJ сэтгүүлд нийтлэгдснээрээ дэлхий дахины чихийг дэлдийлгээд амжжээ.
Игуанодон гэх өвсөн идэшт үлэг гүрвэлийн бүлэгт хамаарах уг үлэг гүрвэл амьдарч байх цаг үедээ ч бас хувьсан өөрчлөгдөж байсан аж.
Чойродон барсболдия нэртэй игуанодонтид үлэг гүрвэлийг амьдарч байх цагт буюу 120 орчим сая жилийн өмнө Монголын говь нутаг дулаан, чийглэг уур амьсгалтай, нуур ус элбэг, их өвс ургамалтай байжээ. Үүний нотолгоо нь нугасан хошуут үлэг гүрвэлийн олдворыг илрүүлсэн газрын дээд доод хөрсөнд нүүрсэн үе давхаргатай байжээ. Нүүрс нь асар их хэмжээний дарагдсан эртний ургамал юм.
Уг олдворыг Р.Барсболд гуайн ахалсан судалгааны экспедицид багтсан Палеонтологи геологийн хүрээлэнгийн одоогийн захирал Х.Цогтбаатар гуай анхны хээрийн судалгааныхаа үеэр нээн илрүүлсэн түүхтэй. Тухайн үед Алдахениус Игуанодон оренталис (хожим нь Алтиринус нэртэй болсон) гэх нэртэй үлэг гүрвэл хэмээн судлаачид тодорхойлж байсан ч дараа нь боловсруулалт судалгааны явцад өмнө нь тогтоогдож байсан үлэг гүрвэлийн төрөл зүйлээс хэд хэдэн шинж төрхөөрөө онцлог ялгаатай болох нь нотлогдсон байна.
Монголын судлаачдын нээн илрүүлж судалсан эл үлэг гүрвэлийн тухай эрдэм шинжилгээний өгүүлэл дэлхий нийтэд шинжлэх ухаанд нээлт болох хүртэл Игуанодон өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн төрлийг тусад нь биеэ даасан бүлэг хэмээн үздэг байсан бол эл шинэ судалгаагаар хувьсал хөгжлийн тасалдлуудыг нөхөх олдвор цуглуулгуудыг олж илрүүлсний ачаар Игуандонтид нь нугасан хошуут үлэг гүрвэлийн өвөг байж болох үндэслэлтэй болох нь нотлогджээ.
Чойродон барсболдиа бол хувьсал хөгжлийн маш бүдүүлэг шинжийг агуулсан нугасан хошуут үлэг гүрвэлийн өвөг юм байна.
Чойродон барсболдия нэртэй үлэг гүрвэлийн толгойн ясны зарим нэг элементүүд өмнө нь олдож байснаасаа ялгагдах шинжүүдтэй ба энэ амьтны шинжлэх ухааны нэрийг сонгохдоо нэгдүгээрт Чойр орчмоос олдсон, хоёрдугаарт Х.Цогтбаатар гуай Р.Барсболд багшийнхаа нэрийг мөнхөлсөн учиртай юм байна. Энэ нь зөвхөн анхны тохиолдол биш ба нэрт судлаач, эрдэмтдийн, нэрээр нэрлэгдсэн үлэг гүрвэлийн олдворууд цөөнгүй байдаг аж. Тухайлбал, Чойродон барсболдиа үлэг гүрвэлийг илрүүлсэн Хүрэндух гэх газраас Орос, Монголын хамтарсан экспедицийн илрүүлж, одоо Москвагийн Палеонтологийн хүрээлэнд хадгалагдаж буй олдворт түүнийг судалж, тогтоосон Английн судлаач Дэвид Норман Алтиринус курзанови хэмээн нэрлэжээ. Курзанов бол Оросын нэртэй үлэг гүрвэл судлаач юм.
Мөн Монголоос олдсон жижиг махан идэшт үлэг гүрвэлийг судлаач Пэрлээ агсны нэрээр Хулсанпэс пэрлэи хэмээн Польшийн судлаач нэрлэсэн байдаг бол Палеонтологи, геологийн хүрээлэнд олдворын яс цэвэрлэдэг Намсрай гэх ахмад ажилтны нэрээр өөр нэг олдворыг ч бас нэрлэсэн байдаг байна.
ОДООГООС 90 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛ ОРОН ЧИЙГЛЭГ ДУЛААН УУР АМЬСГАЛТАЙ БАЙЖЭЭ
Гобихадрос монголиенсис (Gobihadros mongoliensis Tsogtbaatar et al.,2019)
Аливаа амьтан ургамлын төрөл, зүйлийн нэрийг олон улсын дүрмээр латин нэрээр нэрлэх ёстой бөгөөд энэ амьтны нэрийг утгачилбал “Монголын говийн нугасан хушуут” гэсэн үг. Уг олдворын 1995 онд Монгол Японы хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Байшин цав хэмээх газраас анх нээн илрүүлсэн байна.
Одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан Завролофус хэмээх өвсөн тэжээлт нугасан хушуут үлэг гүрвэл нь хувьсал хөгжлийн өндөр түвшинд хүрсэн гэж үздэг бол 90 сая жилийн өмнө амьдарч байсан Гобихадрос монголиенсис нь хөгжлийн маш бүдүүлэг шинжийг агуулсан байна.
Хэдийгээр энэ бүлэгт хамаарагдах төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн олдвор Умард Америкаас элбэг олддог ч тэдгээрийн эртний өвөг нь Ази тивээс үүсэлтэй гэдэг нь Монголоос олдсон дэвшилтэт хэлбэрийн игуанодонтид (Алтиринус курзанови, Чойродон барсболдия г.м.) болон Гобихадрос монголиенсис зэрэг шинээр тогтоосон үлэг гүрвэлүүд баталжээ. Эдгээр үлэг гүрвэлийн удам төрөл Азиас Умард Америк руу одоогийн Берингийн хоолой эх газрын гүүр байх үед нүүдлэн тархсан. Умард Америк тивд олон төрөл зүйл болон салбарлан хөгжиж, хөгжлийн дэвшилтэт хэлбэрийг олсон Завролоф зэрэг нугасан хушуут үлэг гүрвэл буцаж Ази тивд нүүдлэн ирсэн гэдэг нь нотлогдож буй аж.
Гобихадрос монголиенсис нэртэй үлэг гүрвэлийг амьдарч байх цаг үед буюу одоогоос 90 сая жилийн өмнө Монголын говь чийглэг дулаан уур амьсгалтай, усны урсгал сайтай, угалзлан урсдаг өргөн гол мөрөн элбэг байсан гэдэг нь тогтоогджээ.
Тэр бүү хэл хөрс шороонд нь урсгалын бэдрээ нь хадгалагдан үлдсэн. Бэдрээгээр нь судлахад эл хөндий нэлдээ гүехэн ба зүүн хойноос баруун урагш чиглэсэн усгалтай байсан аж. Үүний нотолгоо нь цэнгэг усны дун хясааны олдвор, чийглэг дулаан орчинд ургадаг ургамлын үлдэгдэл олддог байна.
УУР АМЬСГАЛЫН НӨЛӨӨГӨӨР ҮЛЭГ ГҮРВЭЛ ДАВЖААРЧ, УЛМААР МӨХЖЭЭ
Палеонтологийн судалгаагаар олон удаа мөстлөгийн үе тохиож байсан ба маш их халуун тохиож хуурайшилтын цаг үед өвсөн тэжээлт үлэг гүрвэл болон махчин үлэг гүрвэлүүд уур амьсгалын өөрчлөлтөөс болж давжаа биетэй болж өөрчлөгджээ. Одоогоос 80 сая жилийн өмнөх энэ цаг үед цөлжилт, элсэн манхан давамгайлж байсан ба удалгүй үлэг гүрвэл мөхсөн байна.
Эрдэмтэд эдгээр аварга том амьтад мөхсөн шалтгааныг уур амьсгал, дэлхийн соронзон туйлийн шилжилт, дэлхийн тэнхлэгийн өөрчлөлт, эрс тэрс уур амьсгал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан үлэг гүрвэл мөхсөн гэж үздэг байна.
Дашрамд дурдахад, анх 1840 онд Английн судлаач Ричард Овен гэх хүн Британийн байгаль судлалын нийгэмлэгт илтгэл тавихдаа заанаас том чөмөгний яс олсноо танилцуулж байсан ба үүнийгээ динозавр хэмээн нэрлэх саналыг тавьж байжээ. Хүн төрөлхтний хамгийн анх танилцсан үлэг гүрвэлийн олдвор Европ тивээс олдсон Игуанодон төрлийн үлэг гүрвэл бөгөөд тэдгээр нь 120-150 сая жилийн өмнө маш олноороо цэцэглэн хөгжиж байсан түүхтэй.
МОНГОЛООС УРЬД ӨМНӨ ОЛДОЖ БАЙГААГҮЙ ОЛДВОРУУДЫГ СУДАЛЖ БАЙНА
Хээрийн судалгааны явцад урьд өмнө монголоос олдож байгаагүй хэд хэдэн олдворыг эрдэмтэд илрүүлсэн бөгөөд боловсруулалтын ажил явагдаж байгаа аж. Тухайлбал, 2018 онд Ханбогд сумын нутгаас Үрэлбэ гэдэг олдворт газраас олдсон олдвор, 2012 онд Ханбогд сумын Оюутолгойн усан сангийн газар шорооны ажлын үед авран хамгаалах судалгааны явцад олдсон бас нэг олдвор болон өнгөрсөн жил Цогтбаатар гуайн Байшин цав гэх газраас илрүүлсэн өвсөн тэжээлт амьтны төрөл зүйлд хамаарагдах зулзаганы олдвор зэргээс сонирхолтой үр дүн гаргана гэсэн хүлээлттэй байна.
АЗИЙН ДИНОЗАВРЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАРТ БОЛНО
Энэ оны 7 сарын 13-нд Японы Токио хотод үлэг гүрвэлийн дэлхийн экспо болохоор товлогджээ. Олимптой зүйрлэж болохуйц энэхүү томоохон арга хэмжээнд гурван улс оролцох ба үүний нэг нь манай улс юм. Энэхүү үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн судалгаагаар хийсэн ололт амжилт, үр дүнгээрээ манлайлж байгаа АНУ, Монгол, Япон эл гурван улс шалгаран оролцож байгаа бөгөөд Монголоос 14 үзмэрийг танилцуулахаар болжээ.
Манай улс дэлхий 20 гаруй орны 80 гаруй хотод үлэг гүрвэлийн үзэсгэлэнг үзүүлж байсан юм. Түүнчлэн, долдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотод анх удаа үлэг гүрвэл судлаачид нэгэн дор цуглах юм байна. Тодруулбал, Азийн динозаврын олон улсын хуралд 13 орны 90 орчим эрдэмтэд оролцох бөгөөд хоёр өдөр хуралдаж, дөрвөн өдөр хээрийн судалгаанд хамт гарах юм байна.
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ НЭЭН ИЛРҮҮЛСНЭЭС ХОЙШ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА НЭЭЛТ ХИЙГДДЭГ
Монголын палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.ЦОГТБААТАР:
-Үлэг гүрвэл судлал үүсч бий болсноос хойш 150 гаруй жил өнгөрч байна. Анх 1840 оноос хүн төрөлхтөн үлэг гүрвэлийг анх таньж тодорхойлж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг судалж нээн илрүүлсээр ирсэн. Гэтэл 150 жилийн дараа шинэ төрөл зүйлийг судалж тогтооно гэдэг амаргүй зүйл л дээ. Монголын судлаачид одоо ч бас шинэ төрөл зүйлийг тогтоохоор ажиллаж байна гэж болно. Үлэг гүрвэлийн олдвор судлалыг нээлт хийхэд олон хүний хүч хөдөлмөр, маш их цаг хугацааг зарцуулдаг. Хээрээс олдсон даруйд шинэ нээлт болдоггүй. Маш нарийн боловсруулалтын ажил хийгддэг. Энэ онд шинэ нээлт болж дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн олдворууд нь олон жилийн өмнө олдсон. Аливаа олдвор маш олон үе шат дамжлага судалгааны үр дүнд олон жилийн дараа шинжлэх ухаанд шинэ нээлт болон бүртгэгддэг Палеонтологийн шинжлэх ухааны онцлог нь үүнд байдаг. Ангилал зүйн нарийн судалгаа боловсруулалт сэргээн засварлалт бэлэн болсны дараа дэлхий дээр олдсон бусад бүх төрөл зүйлүүдтэй харьцуулдаг. Палеонтологийн салбар бол зөвхөн тухайн олдворыг судалдаг зүйл биш л дээ . Зөвхөн ясны хэлбэр дүрсийн уламжлалт судалгаа (Харьцуулах морфологи)-аар дүгнэлт гаргах нь учир дутагдалтай юм. Эртний амьтныг шинээр тогтоохын тулд тэр үеийн хүрээлэн буй орчны мэдээллийг судлах ёстой. Эл судалгаанд хурдас /эртний амьтны яс хадгалж байсан хөрс үе давхарга/ чулуулгийн анги давхаргыг нарийн судлах шаардлагатай. Энэ нь эртний орчныг сэргээх баримт баталгаа болдог. Техник технологи хөгжихийн хэрээр үлэг гүрвэл судлалд олон шинэ аргууд нэвтэрч байгаа. Бид чулуужсан ясны эдийн судалгааг /палеогистологи/ хийх лабораторийг бий болгож байна. Одоо улам нарийсч тухайн амьтны хэлбэр дүрсээс гадна дотоод бүтэц, зан авирыг илэрхийлэх судалгаа хийгддэг болсон. Эл судалгаанд монголын олдворууд маш өргөнөөр оролцох учиртай. Палеонтологийн салбар бол дэлхийн шим ертөнцийн түүхийг судалдаг шинжлэх ухаан юм.
Холбоотой мэдээ