ЭЕШ өгөх төвийг 32 болгож цөөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

ЭЕШ өгөх төвийг 32 болгож цөөлжээ

ЭЕШ өгөх төвийг 32 болгож цөөлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар өнөөдөр /2019.06.17/ зохион байгуулна. Тодруулбал, энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Сурагчдын хувьд ЭЕШ өгөх нь маш том хариуцлага. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд дунджаар 40 мянга орчим сурагч өгдөг байсан. Харин энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсөж байгаа юм. Тиймээс ч мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн.

Жил бүр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-тай холбоотой зөвлөмж, мэдээллийг цаг тухайд нь гаргадаг ч цөөн тохиолдолд шалгалтаа өгч чадалгүй хоцрох, алдаа гаргах, материалаа дутуу бүрдүүлэх асуудал гарсаар байна гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяа ярихдаа “Ер нь шалгуулагчдадаа зориулсан бүх зөвлөгөө, мэдээллийг сайтад байршуулсан. Шалгуулагчид тавдугаар сарын 20-ноос хойш суудлын хуваариа хэвлэж, авахад бэлэн болсон. Хамгийн гол нь шалгуулагчид ЭЕШ-ын цагаасаа хоцорч болохгүй. Ялангуяа нийслэл хотын зам түгжрэлтэй байдаг учраас урьдчилан шалгалт өгөх төв дээрээ очиж, үзээрэй. Өөрөөр хэлбэл гэрээсээ шалгалтын байр хүртлээ хэдэн цаг, минутыг зарцуулж байгаагаа өөрийн биеэр мэдэхэд илүүдэхгүй” гэдгийг санууллаа.

Тэрбээр “Ерөнхийдөө ЭЕШ-ын нийт ирц улсын хэмжээнд 96 хувиас дээш байдаг. Үлдсэн дөрвөн хувьд зөвхөн шалгалтаасаа хоцорсон хүүхдээс гадна ямар нэгэн хүндэтгэх шалтгаан гарсан, өвчтэй эсвэл шалгалт өгөх шаардлагагүй хүүхдүүд байдаг. Өнгөрсөн 2018 онд ЭЕШ-ын ирц улсын хэмжээнд 98 орчим хувьтай байсан” гэв.

Нэгэн харамсалтай жишээ дурдвал, өнгөрөгч 2017 онд Элсэлтийн ерөнхий шалгалт улс даяар эхлэхийн өмнөх өдөр шалгалт өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд руу явж байсан гурван сурагч зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс замын цагдаагийн албанаас жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой явж, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байсан.

ШУУД ЗАСАЛТЫН МАШИН ЦАГТ 2500 МАТЕРИАЛ УНШДАГ

Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс нийт 50 машин авч өгчээ. Шилэн технологийн талаар тус төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “Бид энэ жил улсын хэмжээнд 34 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгуулагч маань шалгалтаа өгч дуусаад шууд тэр даруйдаа дүнгээ харна. Мөн шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг шууд харах юм. Шууд засалтын машин маань цагт 2500 материал уншдаг. Хурд, хүчин чадал өндөртэй. Хоёрдугаарт уншсан материал болгоныг хэвлэж, нууцлалын баганан кодыг уншина. Энэ машины программ хангамжийг монгол залуус хийсэн” гэдгийг хэлж байсан.

Харин тус төвийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяа “Нэг шалгалтын төвд нэг шууд засалтын машин байрлана. Шалгуулагчид шалгалтын материалаа бөглөсний дараагаар багш нар бүх шалгуулагчийн материалыг битүүмжилнэ. Битүүмжилсэн материалаа засалтын тусгай өрөөнд авч ороод, тухайн нэг ангид шалгалт өгсөн хүүхдүүдийн өмнө нэг нэгээр нь уншуулж, дүн оноог нь харуулна” гэж тайлбарлав.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ШАЛГАЛТ ӨГӨХ ТӨВИЙГ 32 БОЛГОН ЦӨӨЛЖЭЭ

Энэ жил нийт төгсөгчдийн тоо бага байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд шалгалтын байрыг цөөлжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 50 байсан шалгалтын төвийг энэ жил 32 болгон цөөлсөн байна. Үүний 10 шалгалтын төв нийслэлд байрлаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Шалгуулагчид тавдугаар сарын 15-наас эхлэн шалгуулагчийн булан руугаа орж, аль шалгалтын байранд шалгалт өгөхөө эртхэн мэдэж аваарай.

Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө.
Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна. Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт гуравдугаар сургуульд, Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй", Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт дөрөвдүгээр сургуульд, Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд, Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн нэгдүгээр сургуульд ЭЕШ өгөх тов гарчээ.

ЭЕШ ӨГӨХДӨӨ ЗӨВХӨН ЗӨӨЛӨН ХАР ХАРАНДААГААР БӨГЛӨНӨ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засахтай холбоотойгоор хариултын хуудсыг зөвхөн харандаагаар бөглөнө. Өмнөх жилүүдэд шалгуулагчид шалгалт өгөх үзэг, харандаатайгаа ирдэг байсан бол энэ жилээс нэгдсэн журмаар харандаа тарааж, ширээнд байрлуулсан байна. Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангаж байгаа. Хатуу харандаа их муу уншигдаад байгаа юм. Өнгөрсөн жил Ховд, Дархан хотод шууд засалтын машиныг туршиж байхад хариуг үзгээр бөглөсөн тохиолдол гарсан. Энэ тохиолдолд шууд засалтын машин уншихгүй гэдгийг анхаараарай.

Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

1000 ОРЧИМ СУРАГЧ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ БОЛОМЖГҮЙ

Боловсролын үнэлгээний төв нь их, дээд сургуульд элсэх сурагчдаас монгол хэл, бичгийн эхний шалгалтыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд улс даяар авсан. Гэвч 1000 орчим шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалтад унаснаас их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болсон тухай тус төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлсэн.

Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг өгөхөд босго оноог 400-гаар тогтоож өгснөөрөө онцлог. Үүнтэй холбоотойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг улс даяар хоёр удаа зохион байгуулсан. Хэрвээ шалгуулагч өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны шалгалтад ороод тэнцээгүй бол дахин шалгалтад орох нь нээлттэй байсан. Монгол хэл, бичгийн дахин шалгалтын дүн тавдугаар сарын 1-нд гарч, улсын хэмжээнд 1000 орчим шалгуулагч босго оноог давж чадаагүй байна. Тэгэхээр энэ шалгуулагчдын хувьд их, дээд сургуульд элсэх боломжгүй. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрх нь нээлттэй байгаа. Тиймээс шалгуулагчид маань энэ жилийн ЭЕШ-ын дүнгээрээ ирэх жил монгол хэл, бичгийн шалгалтаа сайн өгвөл их, дээд сургуульд орох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэг жил их, дээд сургуульд сурч чадахгүй өнжинө гэсэн үг.

ЭЕШ өгөхөөр ирэхдээ юуг бүрдүүлэх вэ?
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт/
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь /хэвлэмэл байдлаар/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагчдын хувьд урт хугацааны турш маш сайн бэлдсэн ч зарим нэг бэлтгэлгүй байдлаас болж алдаа гаргаж, урт хугацааны хөдөлмөрөө талаар болгох тохиолдол бий. Шалгуулагчдын гаргадаг зонхилох алдаа болоод, бэлтгэлээ хэрхэн хангах ёстой талаарх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

  • Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
  • Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
  • Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
  • Их хэмжээний шингэн уухгүй байх
  • Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
  • Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж