Мөнгө болдоггүй мөрөөдлийн жагсаалтаа харсаар л сууна

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Мөнгө болдоггүй мөрөөдлийн жагсаалтаа харсаар л сууна

-Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт тав дахь удаагаа Бишкек хотноо 2019 оны зургадугаар сарын 14-нд боллоо-

Мөнгө болдоггүй мөрөөдлийн жагсаалтаа харсаар л сууна
Гэрэл зургийг: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны цахим хуудаснаас авав.

Хувь заяагаар хөрш заяагдсан Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нар Киргизийн нийслэл Бишкек хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа гурван талын уламжлалт уулзалтаа хийлээ. Анх 2014 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн идэвхтэй оролцоотойгоор хөрш гурван улсын хамтын ажиллагааны энэхүү механизмыг бий болгосон. Гурван улсын төрийн тэргүүн гурвуул оролцдог арга хэмжээ нь ШХАБ байсан учраас энэ талбарыг сонгосон. Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт Бишкек хотноо тав дахь удаагаа болж байгаа нь энэ юм. Анх зохиогдсон 2014 оноос хойш 2017 онд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж халаагаа өгөхийн өмнөхөн болсон ШХАБ-ын уулзалтын үеэр тасалдсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршийн тэргүүн ноён Ши Жиньпинтэй энэ жил хоёр дахь удаагаа уулзалдаж байгаа нь энэ.

Х.Баттулга ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны албан ёсны гадаад айлчлалаа БНХАУ-д хийсэн юм. Харин хойд хөршийн тэргүүн Владимир Путины Монголд хийх айлчлалыг базааж байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга үгэндээ онцолсон байна.

Монголын талын ихээхэн чармайлт оролцоотойгоор бүтдэг энэ уулзалтын хамгийн гол үр дүн 2016 онд гарсан. Укбекистаны Ташкент хотноо гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэх дэд бүтцийн голдуу 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр харилцан тохирсон юм. Харамсалтай нь эдгээр төслөөс нэг нь ч хэрэгжээгүйгээр барахгүй, ТЭЗҮ нь хийгдсэн нэг ч төсөл байхгүй байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга гурван талт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ. Гэхдээ сайн амжилт байгаа нь өнгөрсөн хугацаанд гурван улсын хоорондын ачаа тээврийн эргэлтэд огцом өсөлт мэдэгдсэнийг төрийн тэргүүнүүд бүгд бататгалаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр 2016-2018 онд Хятадаас Монголын нутгаар дайран ОХУ болоод Евродын орнууд руу гарсан тээврийн ачаа эргэлт 500 хувь нэмэгджээ.

Гурван улсын Эдийн засгийн коридорын дагуу тохирсон ажлуудаа ажил хэрэг болгох нь нэн чухал байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жилийн Хятадын Чиндаод ч, сая Бишкекэд давтан хэллээ.  Бишкекийн уулзалтаар гурван улсын тэргүүн нар өөр өөрсдийн саналыг илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс олон жил яригдаад хэрэгжихгүй байгаа байгалийн хий дамжуулах хоолойн асуудлаар хамтарсан Ажлын хэсэг байгуулах, мөн Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг судлах олон талт механизмыг бий болгохыг санал болголоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүгээс төмөр замтай холбоотой хоёр төслийг онцолсон байна. Тухайлбал, Орос, Монгол, Хятадын тээврийн гол амин судас болсон Улаанбаатар төмөр замын нэвтрэх чадварыг өргөжүүлэх, мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн өргөн царигийн төмөр замыг барих төслийг онцолсон байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл нь 2016 онд Ташкентад тохирсон Гурван улсын Эдий засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх төслийн баримт бичигт багтаагүй төсөл. Монгол Улсын Төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн эхний хувилбарт багтаагүй, харин 2018 оны зургадугаар сард уг бодлогын баримт бичигт нэмж тусгасан шинэ чиглэл юм. Монголыг дайрсан төмөр замын транзит тээврийн өсөн нэмэгдэж байгаа ачааллыг тэнцүүлэхэд энэ чиглэл ихээхэн ач холбогдолтой. Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч Путин илэрхийлээд Монголын болоод Хятадын талаас тодорхой санал хүлээн авахад бэлэн гэв. Ерөнхийлөгч Путин өөр нэг санал дэвшүүлсэн нь ОХУ-ын Төв банкны мэдээлэл солилцох сүлжээнд Монгол болоод Хятадын талыг нэгдэх санал байлаа. Энэ асуудлаар Оросын тал аль хэдийн Хятадын талтай яриа хийгээд эхэлснийг Ерөнхийлөгч Путин хэлсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн эдийн засагт зах зээлээ хамгаалах протекционист хандлага ажиглагдаж буй энэ үед гурван хөршийн нэгэнт бий болгосон улс төр, эдийн засгийн эрх тэгш, нэг нэгнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэсэн хамтын ажиллагаа бусдад үлгэр жишээ болгохуйц шатанд гаргах нь чухал байгааг онцолсон байна. Мэдээж Эдийн засгийн коридорын хүрээнд тохирсон төсөл, хөтөлбөрүүдээс хамгийн гол, ач холбогдол бүхийгээс эхлэх хэрэгтэйг сануулаад ийм төслөөр Москва-Улаанбаатар-Бээжинг холбосон төмөр замыг нэрлэсэн байна. Гурван улсыг холбосон төмөр замын гол магистраль шугамаа өргөтгөн сайжруулах, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг Ши Жиньпин хэллээ. Монголын талын санал болгож байгаа эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон байгалийн хий дамжуулах хоолойн асуудлыг судлах нь зүйтэй гэсэн байр суурийг БНХАУ-ын дарга илэрхийлжээ.

Үүнээс гадна ноён Ши Жиньпин Монгол Улсын ШХАБ дахь байр суурийн талаар хөндсөн байна. ШХАБ-ын нэр хүнд дэлхий нийтэд өсөн нэмэгдэж, улам олон улс орон нэгдэхийг хүсч байгааг дурдаад “Монгол улс тус байгууллагын үндсэн гишүүн болох асуудлаа эрт шийдэх тусам үндэсний хөгжил цэцэглэлтэд нэмэр болох олон боломжийг хүртэх болно” хэмээн хэлсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Монгол улс ШХАБ-д статусаа ахиулах боломжийг судалж байгаа, гэхдээ монголчууд энэ асуудлаар санал хуваагдаад байгаа гэсэн мэдээллийг энэхүү гурван талт уулзалтын өмнө болсон ШХАБ-ын тэргүүн нарын нэгдсэн хуралдааны үеэр өгсөн нь томчуудад хов зөөж байгаа хүүхэд аятай. 

Улаанбаатараас Бишкек руу шууд нислэг байхгүй, тиймээс МИАТ тусгай үүргийн онгоц гарган Ерөнхийлөгчөө уг уулзалтад оролцуулсан. МИАТ-ийн онгоц дүүрэн явсан монголчууд ийм л замын сонинтой ирж. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайхан санаа цаасан дээр дурайгаад гурван жил болж байна. 32 төсөл бүгд биш юм гэхэд гарын таван хуруунд багтах нь хэрэгжвэл жинхнээсээ үндэсний хөгжил цэцэглэлтэд хэрэгтэй байна. Манай Эдийн засгийн коридорын төсөл батлагдахаас гурван жилийн өмнө, гурван улсын тэргүүн нарын уулзалт эхлэхээс ердөө нэг жилийн өмнө дэлхий нийтэд анх зарлаж байсан Ши Жиньпиний “Нэг бүс, нэг зам” төсөл бодит ажил болоод, үр ашгаа өгөөд, айлгах нэгнээ айлгаад эхэлчихсэнд атаархах хүн бишгүй байна.

Эдийн засгийн коридорын хөтөлбөрт багтсан дэд бүтцийн томоохон төслүүдийн эдийн засгийн тооцоо судалгааг хийх төвийг Улаанбаатар хотноо байгуулах тохироог мөн 2016 онд тохирсон ч энэ ажлыг ГХЯ-ны хоёр гуравхан хүний хариуцах ажил мэт ойлгон зөнд нь хаясан хэвээр л байна. Энэ ажлыг зангидах, харицуах, уялдуулах механизм бий болгохгүйгээр цаасан дээрх мөрөөдлийн жагсаалт мөнгө болоод гүйгээд ирэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж