Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэний хэрэгт яаж үйлчлэв?

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэний хэрэгт яаж үйлчлэв?

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэний хэрэгт яаж үйлчлэв?

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон дуулиан өнөөдөр ч олон нийтийн анхаарлыг татаж буй. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар буруутгагдаад зогсохгүй тэднийг огцрохыг шаардсан жагсаал цуглааныг иргэд зохион байгуулсан юм.  Учир нь,  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр  авлига, албан тушаалын хэрэгт холбогдогчид ял шийтгэлгүй өнгөрч байгаа, өнгөрөх боломжтой болсонд иргэд ийнхүү эгдүүцэж, эсэргүүцлээ илэрхийлэх болсон.

УИХ-аас 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд засвар оруулж өөрчилсөн. Үүнээс болж, авлига албан тушаалын хэрэгтнүүд ял завших боломжтой болцгоосон. Хамгийн том жишээ гэвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга нартай холбоотой хэрэг. МХЕГ-ын улсын байцаагчид бусдаас их хэмжээний авлига авсан гэмт хэрэгт шалгагдаж, ажлын байр, гэрээс нь их хэмжээний мөнгө илэрсэн байдаг. Гэвч дээрх алба хаагчдыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хуулийн заалтын дагуу тэд өнөөдөр ял шийтгэлгүй үлдээд буй.

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьсан гэх “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг олон дахин прокурорт буцсан билээ. Албаны хүний өгсөн мэдээллээр Жастын Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гурван сарын дараа дуусах бололтой.  Эрүүгийн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу өнгөрсөн онд   хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр  хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд энэ нь шүүхээр шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх нийт 92 гэмт хэргийн 2.2 хувийг, нийт хэрэгт холбогдогчдын 0.9 хувийг тус тус эзэлж байна хэмээн Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн судалгаанд дурдагджээ.

Тодруулбал,  2016-2018 оны хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болсон хоёр хүний нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, нөгөө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдсон аж. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн  иргэн нь хэрэгт холбогдох үедээ нэгэн аймагт төрийн албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашиж байсан аж.

 АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УЛСЫН БАЙЦААГЧИД ЯЛ ЗАВШИВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дээр дурдсан. Э.Аззаяагаас гадна Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг мөн дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Хэргийг эргэн сануулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр АТГ-д шалгагдаж эхэлсэн билээ.

Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан байдаг. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийж их хэмжээний мөнгө хураасан тухай мэдээлэл дуулиан тарьж байв. Авлига, албан тушаалын энэхүү хэргийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож, прокурор яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэргийг нь шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хуульд өөрчлөлт оруулсан  гол шалтгаан байсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан юм.

ХАЛАМЖИЙН МӨНГИЙГ "ХАМСАН" Д.БАЯРСАЙХАНЫ ХЭРЭГ ЮУ БОЛОВ

Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарыг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан баривчлан шалгаж эхэлсэн. Тодруулбал, Д.Баярсайханыг  Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хуваарилагддаг хөрөнгөөс завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгаж байгаагаа хуулийнхан мэдээлж байсан юм. Тэгвэл энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.

 ХҮРГЭН Г.ДЭНЗЭНГИЙН ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН УУ?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй холбоотой хэрэг 2013 онд дуулиан дэгдээж, тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь Повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг завшсан асуудалд холбогдон цагдан хоригдож, шалгагдаж  эхэлсэн. Тэгвэл түүний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Харин энэ талаар хуулийн байгууллагаас албан ёсоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Ийнхүү улстөрчдийн болон тэдний хамаарал бүхий этгээдүүдтэй  холбоотой, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан авлига, албан тушаалын олон хэрэг  мөрдөн байцаагчийн өрөөнд хав дараастай байгаа.  Үүний ард өнөөх л авлигачдыг  хэргийг цайруулах асуудал сэм яригдаж, нам хийгдэж буйг үгүйсгэхгүй. Ямартаа ч хүний эрхийг хамгаалах нэрийн дор МАН-ынхны Эрүүгийн хуульд  оруулсан нэмэлт өөрчлөлт ийнхүү эхний хэргүүддээ "үйлчилж, үүргээ гүйцэтгэж" эхэлсэн нь худлаа биш юм.   

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж